Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ
-Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Хуулийн төслийг танилцуулбал?
-Өнөөдөр барилгын үнийг бууруулах зорилгоор "Орон сууцны тухай" хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Хуулиар зохицуулж өгөөгүй учир барилгын компаниуд байшин барихдаа халаалт, бохирын шугамын асуудлаа өөрсдийн хөрөнгөөр шийддэг. Тэгээд гаргасан хөрөнгөө орон сууцны үнэд шингээж иргэдэд худалдаж байна. Энэ нь нийтийн орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдэд дарамт учруулж байгаа юм. Тэртэй тэргүй л инженерийн шугам сүлжээг төр эзэмшиж ашиглуулсныхаа хөлсийг иргэдээс авдаг. Тэгэхээр инженерийн шугам сүлжээг төрийн хөрөнгөөр тавьдаг болъё гэж байгаа юм. Ингэснээрээ орон сууцны үнэ тодорхой хувиар буух боломжтой болно.
-Үүнд газрын тухай хууль яаж холбогдож байгаа юм бэ?
-Өнөөдөр барилга барих газар асуудалтай байна. Тиймээс барилга барих гэж байгаа компаниуд ямар нэг аргаар газрыг авдаг. Тэгэхээр төвлөрсөн газар баригдах 55 метр квадратаас доош талбайтай нийтийн орон сууц барих тохиолдолд газрыг нь төсөл сонгон шалгаруулах замаар үнэгүй олгоё гэж байгаа юм. Ингэснээр төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа. Төр нь бид газраа үнэгүй өглөө. Газар чинь ийм үнэтэй. Танайхаас ийм хөрөнгө гаргасан. Тэгэхээр байрны үнэ тэд байна гэж ярилцаад орон сууцны үнийг буулгах боломжтой болно.
-Тэгвэл байрны үнэ хэдэн хувиар бууна гэсэн үг вэ?
-25-30 хувь буух бүрэн боломжтой. Үүнээс гадна барилгын бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж өгвөл орон сууц бодит үнээрээ зарагдах боломж нээгдэх юм.