Орон сууцны тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ
2011.01.04

Орон сууцны тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон үүнтэй холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Орон сууцны хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулахыг төрөөс бодлогоор дэмжиж, энэ ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр хүн амьдрахыг хориглосон орон сууцыг ашиглахыг хориглох, дахин төлөвлөх, оршин суугчдыг түр нүүлгэн шилжүүлэх, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулах шаардлагатайг үндэслэн уг хуулиудын төслийг боловсруулжээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад амины орон сууцыг хөхүүлэн дэмжиж, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх боломжийг судалж үзэх,  хүн амьдрахыг хориглосон орон сууцыг буулгах, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нарийвчлан тусгах, орон сууцны үнийг бууруулах асуудлыг төрөөс дэмжиж, урамшуулах, хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэхэд   анхаарах, орон сууцны зохицуулалтын асуудлыг зөвхөн нийтийн эзэмшлийн сууцны хүрээгээр хязгаарлахгүй байх зэрэг саналуудыг Байнгын хороогоор өмнө нь хэлэлцэж байх явцад гишүүд   онцлон  хэлж байсан.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод хүн амьдрахыг хориглосон Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан 556 айлын 17 орон сууцны байшин байгаа бөгөөд эдгээр барилгуудын оронд үйлчилгээний хэсэг бүхий олон давхар орон сууцны барилгыг барьж, тухайн орон сууцанд амьдарч байсан сууц өмчлөгчдийн нөхцлийг сайжруулахын хамт орон сууцны фондыг нэмэгдүүлэх хот байгуулалтын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг хийхээо төлөвлөж байгаа юм.

Харин өнөөдөр тус байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслийн талаархи ажлын хэсгийн саналын томъёолол тус бүрээр санал хураахад ихэнх заалтыг  гишүүдийн олонхи нь  дэмжлээ. Харин ажлын хэсэгт ажилласан гишүүдээс  зарчмын зөрүүтэй  зарим саналууд  гарсан тул анхны хэлэлцүүлгээр  батлах  боломжгүй гэж тус байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хэллээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны  даргыг шинээр сонгох  асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгээс тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг сонгох санал ирүүлснийг гишүүд санал нэгтэй дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.