ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж ундны усны эх үүсвэрт санаа тавив
2012.04.26

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж ундны усны эх үүсвэрт санаа тавив

Улаанбаатар хотын хүн амын нягтаршил, бүтээн байгуулалтын ажилтай уялдаатай цэвэр усны эх үүсвэрийн асуудал хурцаар хөндөгдөж эхэлсэн энэ үед ундны шинэ эх үүсвэрийг бий болгох ажлыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж эхэллээ. Энэ хүрээнд тэрбээр "Гачуурт-Эх" ундны усны шинэ эх үүсвэр барих төслийн явцтай танилцлаа. Тэрбээр энэ үеэр "Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хүрэлцээтэй хангах нь аливаа төрийн тулгуур бодлого, үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын нэг" хэмээсэн.

Төслийн хүрээнд Туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 худаг шинээр барьж, олборлосон усыг Гачуурт усан санд хуримтлуулах аж. Цаашлаад хлороор ариутган цэвэршүүлж шинээр тавигдах пластик нийлмэл хоолойн магистраль шугамаар хотын зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэх юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах боломжтой болох юм.

Одоогийн байдлаар 4750 метр шулуун хоолойг бэлтгэх, татан авч барилгын талбайд байршуулах ажлыг эхэлсэн байна.

Энэ хоолой нь шилээр хүчитгэсэн пластик болон шилээр хүчитгэсэн зуурмагийн нийлмэлээс бүтсэн бөгөөд Япон улсад үйлдвэрлэсэн гэнэ. Уг төслийг Японы хамтын ажиллагааны агентлаг "Жайка"-гийн 32 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржийг төслийн ажлын явцтай танилцах үеэр төсөл санаачлагчид энэхүү хоолойг "ган хоолойтой харьцуулшгүй чанартай" хэмээн танилцуулсан байна.