Я.Батсуурь:Монголд анх   удаа салхин сэнсэн шахуургыг суурилууллаа
2011.10.21

Я.Батсуурь:Монголд анх удаа салхин сэнсэн шахуургыг суурилууллаа

Байгаль цаг уурын өөрчлөлт, ган, зуд болон уул уурхайн үйл ажиллагаанаас болж бэлчээрийн усан хангамж муудсанаас малчдад олон бэрхшээл учирч буй. Иймд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хорооны дарга Я.Батсуурь малчдад тустай нэгэн төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний хүрээнд АНУ-ын “ Ironman windwill " компанийн салхин сэнсэн шахуургыг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд суурилуулж, ашиглалтад орууллаа.

Уг шахуурга нь цахилгаан, шатахууны аль алийг хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн салхины хүчээр ажилладаг, эвдрэл гэмтэл бага, урт удаан хугацаанд ашиглаж болдог аж. Монголд анх удаа нэвтрүүлсэн уг шахуурга нь дэлхийн олон оронд хэрэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд БНХАУ-д өргөнөөр нэвтрүүлжээ. Энэ нь эхний ээлжид Дорноговь, Говьсүмбэр аймгийн малчид тариаланчдын хэрэгцээг хангах бөгөөд ойрын хугацаанд "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд тал хээр, говийн бүсийнхний хэрэгцээг хангах юм. Төслийн хүрээнд Говьсүмбэр, Дорноговь аймгийн сумдад 36 салхин сэнсэн шахуурга суурилуулах аж.

Харин энэхүү шахуурга бүхий худгийг хариуцаж ажиллах Д.Ганбаттай уулзлаа.

-Худгаас хэчнээн мал услах вэ?

-Энэ хавиар нутагладаг айлуудын 1000 гаруй малыг усална.

-Усны ундарга хэр байна вэ?

-Сайн байна.

-Салхин сэнсийг тавьснаар та бүхний ажлын ачаалал багасаж байна уу?

-Хөгшин настай миний хувьд өвөл, хавар, зуны нөхцөлд  худгаас ус татахад хэцүү байдаг. Харин энэхүү сэнс бидний хөдөлмөрийг хөнгөвчилж байна.

Мөн  Я.Батсуурь  гишүүн тойрогтоо зориулах гишүүний тэр бумаасаа нэгэн томоохон ажил хийжээ. Шивээговь сум нь хэрэглээний цэвэр усаар хомс бөгөөд уръд нъ зэвтэй, бохир усыг хүнсэндээ хэрэглэдэг байж. Харин эрхэм гишүүний санаачилгаар ус цэвэршүүлэх технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр тус сумын иргэд цэвэршүүлсэн усыг ундандаа хэрэглэдэг болсон бөгөөд эхний ээлжид сумын цэцэрлэгийг хангаж байгаа аж. Түүнчлэн энэ нь иргэдийн эрүүл мэндэд таатай нөлөөлж байгаа аж. үүнийг бохир уснаас үүдэлтэй өвчлөлийн тоо багасна хэмээн эмч,мэргэжилтнүүд дүгнэжээ.

Ус цэвэршүүлэх төвийн ажилтан Н. Чулуунаас хэдэн зүйл  тодруулсан юм.

-Цэвэршүүлсэн усыг иргэд хэр хэрэглэж байна?

-Анхандаа Мэдэхгүй болохоор хэрэглэхгүй байсан. Харин сүүлийн үед хэрэглээ нэмэгдэж байна.

-Өдөрт хэчнээн литр ус цэвэршүүлж байна вэ?

-Дунджаар 300 литр ус цэвэршүүлдэг. Гэхдээ цэвэр усыг хэрэглэх хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр цэвэршүүлэлт нь ч өсөх байх.

-Усны цэвэршилт хэр чанартай байна?

-Бид цэвэршүүлсэн усаа шинжилгээнд өгсөн. Дүгнэлт нь "Вояж"-ийн цэвэр устай адил чанартай гарсан. Мөн усны хатуулаг багассан.

-Ус цэвэршүүлэх технологийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж байгаа юу?

-Бүрэн ашиглаж чадахгүй байгаа.

Энэхүү цэвэршүүлэх технологийг бусад суманд нэвтрүүлэх аж.
Тойрогтоо ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын  Байнгын  хорооны дарга Я.Батсууриас цөөн асуултад хариулт авсан юм.

-Яагаад салхин сэнсэн шахуургыг сонгох болсон юм бэ?

-Багадаа говийн гантай халуун зун нэгдлийн олон малыг худгаас ховоо татан услах ажил хийж өссөн хүний хувьд малчдыг энэ хүнд хүчир ажлаас нь чөлөөлөхийг олон жил бодсон юм. Иймд 150 сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү төслийг тойргийнхоо бүх суманд хэрэгжүүлээд байна. Төслийн гүйцэтгэгчээр "Далан чандмань" ХХК ажилласан бөгөөд энэ нь малчдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн шинэ технологи болсон.

-Ундны усаа цэвэршүүлээд  хэрэглэх боломжтой болгосонд хүмүүс нэлээд талархаж байна билээ?

-Манай говьд ундны усны чанар муу. Харин ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлснээр ундны усны чанар дээшилж, усны хатуулаг багассан. Тиймээс энэ төслийг тойргийнхоо бүх суманд хэрэгжүүлнэ.

-Та тойргийнхоо боловсролын салбарт юу хийж амжуулав?

-Өнгөрсөн хугацаанд тойргийнхоо 16 сумын сургуульд компьютерийн иж бүрэн кабинет байгуулж, шилэн кабельд холболоо. Энэ ажил амжилттай хэрэгжсэн бөгөөд үр өгөөжөө өгч байна. Хүүхэд багачууд мэдээллийн зах зээлтэй хөл нийлүүлж, багш ажилчдын ажлын орчин, нөхцөл бололцоог дээшлүүллээ. Мөн I сургуулийг хашаатай болгосон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.