“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 7 дахь жилдээ хэрэгжүүлнэ
Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/ хамтран 7 дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлэхээр болж талууд гэрээг үзэглэлээ.
Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг дөрвөн аймаг, нэг дүүрэгт хэрэгжүүлж ходоодны хорт хавдрын эсрэг чиглэн ажиллах ажиллах юм. Үүний хүрээнд орон нутгийн дөрвөн аймаг, Улаанбаатар хотын нэг дүүргийн ард иргэдийг ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, аян хэрэгжүүлэх орон нутгийн дурангийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах, ард иргэдэд ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах болон “Ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр боловсруулах” ажилд онцгойлон анхаарах юм.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой үндэсний хэмжээний “Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн 6 жилийн хугацаанд 90,000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулжээ.
ХААН Банкны хувьд өнгөрсөн 6 жилийн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд 820 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлж, орон нутгийн 2200 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтнээр бэлтгэж хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.