Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаа
2017.02.10

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаа

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, НЭҮТ-ийн захирал Б.Цогтбаатар нар өнөөдөр ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаа.

Тус тасагт нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратны асуудлыг шийдэж,  өнөөдөр гардуулж өглөө.

Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасаг нь Монгол улсын хэмжээнд Түлэнхийн болон түлэнхийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. 2016 оны байдлаар Гэмтлийн эмнэлэгт түлэгдэлтээр нийт 4059 үйлчлүүлэгч түлэгдлийн улмаас яаралтай тусламж авсны 62.2  хувь  буюу  (2525 ) нь 5 хүртэлх насны хүүхдүүд түлэгдсэн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоо мэдээгээр 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь буюу 26 хүүхэд түлэгдсэн шалтгаанаар нас барсан байна.

Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн 3-р зэргийн түлэгдэлттэй байна. 

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр хэлсэн үгэндээ бага насны хүүхдийн осол гэмтэл, түлэгдлийг бууруулахын тулд ЭМЯ-аас орон даяар “Хүүхдийн түлэгдэл – Эцэг эхийн хариуцлагаас” аяныг явуулаад сар гаруй болж байна. Манай орны нөхцөлд ихэвчлэн бага насны хүүхэд илүү өртөдөг нь бидний ирээдүй хамгаас хайрладаг энхрий нялх үрс маань түлэгдлийн улмаас насан туршийн сорви татанхайтай, тахир дутуу болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч үлддэг байна.

Хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх нь асран хамгаалагчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн анхаарлыг хандуулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, эцэг эхчүүд үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцоллоо. Цаашид ч хүүхдийг түлэгдлээс сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх эмчилгээнд онгой анхаарна гэдгээ энэ үеэр хэллээ.