2017.02.13
Сайн мэдээ: “Хүүхдийн клиник сувилал 41” нэмж 40 хүүхэд авах боломжтой боллоо
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн клиник сувилал ердөө 3 байдгаас нэг нь Сонгинохайрхан дүүрэгт бий.
“Хүүхдийн клиник сувилал 41” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг уг байгууллага дүүргийн 32 хорооны Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдтэй хамтран архаг суурь өвчтэй хүүхдүүдийг сувилдгаараа бусад цэцэрлэг яслиудаас ялгаатай юм.
Уг клиник сувилал өмнө нь 80 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 120 хүүхдийн ортой өргөтгөлийн байраа нээлээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн архаг суурь өвчтэй хүүхдүүд мэргэжлийн хүмүүсийн хараа хяналтад байж, эрүүл зөв хоолоор хооллож, жингийн алдагдал, цус багадалт, сульдаа зэрэг асуудлуудаасаа салах таатай нөхцөл бүрдэж байна.
Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Хүүхдийн клиник сувилал 41”-ийн өргөтгөлийн байрны нээлтэд оролцлоо.
Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өргөтгөлийн ажил хийгдэхээс өмнө клиник сувилалд хүүхэд оруулах хүндрэлтэй байсан. Барилгын багтаамжаас болж үүсэх асуудал их байлаа.Харин одоо энэ асуудал цэгцэрч эерэгээр шийдэгдсэнд баяртай байна” гэлээ.