Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2017.01.02

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр /2016.12.28/ Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг анх 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд өөрчлөн найруулсан бөгөөд энэ хуулиар мал эмнэлгийн болон мал үржлийн үйлчилгээг нэгэн зэрэг зохицуулж байна.

Мал эмнэлгийн үйлчилгээ нь нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай, зарим тохиолдолд албадлага хэрэглэдэг, шуурхай ажиллагаа шаардсан цогц үйлчилгээ байдаг. Харин мал үржлийн ажил үйлчилгээ нь бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чиглэгдсэн чөлөөт зах зээлийн зарчмаар сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлдэг үйлчилгээ юм.

Зарчмын хувьд эрс ялгаатай хоёр үйлчилгээг нэг хуулиар зохицуулснаар мэргэжлийн үүрэг, хариуцлагын зааг ялгаа бүдгэрэх, салбар хооронд зөрчил үүсэх сөрөг үр дагаварыг буй болгож байна. Тухайлбал, мал эмнэлгийн үйлчилгээг малын эмч, мал үржлийн үйлчилгээг мал зүйч гүйцэтгэх өөр өөр чиг үүргийг одоогийн хүчин төгөлдөр хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. дэх хэсэгт нийлүүлж оруулснаас  зарим зөрчил, маргаан үүсч байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хэллээ.

Мөн дээрх хуульд байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны өвчлөл, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалах халдваргүй өвчин, түүнээс сэргийлэх, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж шуурхай хариу арга хэмжээ авах мал эмнэлгийн үйлчилгээний байнгын бэлэн байдлын тогтолцоо, мал эмнэлгийн лабораторийн эрх, үүрэг, мал, амьтны өвчний бүртгэл, тархвар зүйн /эпидемиологи/ мэдээллийн сан, малын эмчийн ёс зүй, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэх үйл ажиллагаа, түүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх үүрэг, хариуцлага зэрэг асуудал огт тусгагдаагүй байгаа юм байна.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэл болон практик шаардлагад тулгуурлан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааны хамрах хүрээг өргөжүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг хангах зорилгод нийцүүлэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийг шинээр боловсруулжээ.