Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийв
2017.05.28

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Дэд ажлын хэсгийн гишүүд болон 21 аймгаас ирсэн малчид, малзүйн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийнхэн салбарын эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хуулийн төслийг боловсруулсан. Энэ удаа малчид Та бүхэнтэйгээ уулзаж, уг хуулийн талаар танилцуулж, санал бодлыг тань сонсохыг хүссэн” гэдгийг онцолж байлаа.

Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн С.Дивангар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Уг хуулийн төсөл нь 7 бүлэг, 36 зүйлтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглүүлсэн.  Мөн одоо мөрдөгдөж байгаа хуульд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ бага тусгагдсан байсан.

Тиймээс хуулийн төсөлд энэ бүхнийг залруулж, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар шинэ бүлэг нэмсэн байгаа. Өмнө нь малын эрүүл мэндийг хамгаалах, арга хэмжээ авах асуудал малын эмч, сум дүүргийн мэргэжилтний асуудал мэт байсан. Ингэснээр асуудал эзнээсээ холдсон. Харин шинэ хуулийн төсөлд малын эрүүл мэндийг хамгаалах асуудлын цөм нь малчин та бүхэн байхаар тусгалаа. Иймд малын эрүүл мэндийг хамгаалах эмчилгээ, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүхэн малчны хяналт дор байхаар болсон” гэдгийг онцлов.

Хэлэлцүүлэгт оролцсон малчдын хувьд малын эмчийн ур чадвар тааруу, сум орон нутагт байгаа мэргэжилтнүүд нь малын эрүүл мэндийг хамгаалах асуудалд хариуцлагагүй ханддаг, малын эм бэлдмэл, вакцин чанаргүй, хяналтгүй худаалагдаж байгаад ямар арга хэмжээ авахаар тусгагдсаныг тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хариултдаа “Мал, амьтны эрүүл мэндийг хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга болон харьяа лабораторийн захирлыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилж, чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр мал эмнэлгийн албаны шуурхай, бэлэн байдлыг хангах босоо тогтолцоотой болж байгаа юм” гэв.

Харин Дэд ажлын хэсгийн зүгээс, “Малын эмчилгээ үйлчилгээг хувийн хэвшлийнхэн буюу малын эмч нар гэрээний дагуу гүйцэтгэнэ. Тэднийг таван жил тутам улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болсон. Мөн аймаг, суманд ажиллаж байгаа Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэгжүүд босоо тогтолцоонд шилжсэнээр тэдний хариуцлагыг сайжруулсан. Түүнчлэн малчид эмчийн жорын дагуу малын эмийн сангаас эм, бэлдмэл худалдан авна. Өмнөх шигээ гар дээрээс чанаргүй эм, бэлдмэл худалдан авах, өөрсдөө дур мэдэн эм, тариа хийхийг хориглож, зөвхөн малын эмчээр үйлчлүүлэхээр тусгасан” хэмээн нэмэлт хариултыг өгч байлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хуулийн төслийн талаар санал, бодлоо хуваалцсан малчиддаа талархлаа илэрхийлэв