Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
2023.06.29

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын БОХХААБХ-ны /2023,06,29/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан Мал эмнэлгийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдаад мөн уг тогтоолоор “... Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгуулллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба”-ыг нэмж оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасныг онцолсон.Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад “...өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх...;” арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан гэв.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих, мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна гэдгийг Х.Болорчулуун сайд танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Ц.Туваан, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Гаалийн ерөнхий газрын хилийн мэргэжлийн байгуулага нь мах экспортлох зөвшөөрлийг өгч байгаа нь олон улсын дүрэм, журмыг зөрчиж буй гэх шалтгааныг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, малын гоц халдварт өвчний онош нь батлагдаагүй байхад нийтэд мэдээлэх, батлагаажсан тохиолдолд олон улсын байгууллагад хүргүүлэхгүй нуун дарагдуулахыг хориглоно гэж заасныг хэрхэн ойлгох талаар тодруулж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, орон нутгийн мал эмнэлгийн албаны хүний нөөцийн дутагдалдлыг хэрхэн шийдвэрлэх, малын гоц халдварт өвчнийг бууруулахад салбарын яам бодлогын шинэчлэл хийж бус эсэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудалд баримталж буй бодлогын үр дүнг илүүтэй лавласан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариултдаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсанаар салбарын яамдуудад хяналт нь очсон. Аж ахуйн нэгжүүд мах экспортлох зөвшөөрөл авахын тулд төрийн зургаан байгууллагаас 14 хоногийн хугацаатай хөөцөлддөг ажил байсан бол салбарын яамнаас хэрэгжүүлэх “Нэг цонх”-ны бодлогоор энэ үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын харьяа хилийн мэргэжлийн хяналтаас мах эскпортлох гэрчилгээг олгож байгаа юм. Иймд олон улсын жишгийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газар нь мах экспортлох гэрчилгээ олгодог болгохоор хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан гэж байлаа.

Мөн тэрбээр, хуулийн төсөлд мал амьтны гоц халдварт өвчний онош баталгаажаагүй үед олон нийттэд мэдээллийг хориглосон бөгөөд онош баталгаажсан нөхцөлд тухайн малын эмч орон даяар мэдээлэхээр зохицуулсан гэдгийг хариултдаа онцлохын зэрэгцээ малын гоц халдварт өвчин нэмэгдэж буй гол шалтгаан нь малын дархлаажуулалт урьдчилан сэргийлэх вакцины төсвийн санхүүжилтийг багасгаж ирсэн явдал болон малын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээний хөлс хэтэрхий бага тогтоосонтой холбоотой. Тухайлбал, нэг үхэрт урьдчилсан сэргийлэх тарилга хийхэд 200 төгрөг байсныг 400 төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Гэсэн хэдий ч мянган үхрийг вакцинжуулахад зарцуулах ажиллах хүч, шатахуун тос зэрэг бусад үйлчилгээний зардалтай харьцуулан тооцохоор малын эрүүл мэндийн үйлчилгээний хөлс хэтэрхий бага байгаагаас сум орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээ хөгжихгүй байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.Салбарын яам мах экспортлох асуудлыг квотгүй болгох, “Нэг цонх”-ны цахим үйлчилгээг нэвтрүүлэх бодлогыг баримталж байгаа. Ингэснээр өнгөрсөн онд 16 мянган тонн мах экспортолж байсан бол 2023 оны эхний хагаст гэхэд 40 мянган тонн мах экспортлоод байгаа төдийгүй Арьс ширний цогцолбор ашиглалтад орох хүртэлх хоёр жилийн хугацаанд бүх төрлийн арьс ширийг экспортлох шийдвэрийг гаргуулан ажиллаж байгааг салбарын сайд хариултдаа онцолсон.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эскпортыг төрөөс тууштай дэмжих нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах дархлаажуулалт болон мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг тухайн жилийн инфляцтай уялдуулан тогтоох зохицуулалтыг холбогдох хуулийн төсөлд тусгахад салбарын яам анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.