Мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай болно
2023.06.20

Мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай болно

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр (2023.06.19) мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсны дагуу мал эмнэлгийн тогтолцоог шинэчилсэн хэдий ч уг хуулиар мал эмнэлгийн хяналтыг төрийн болон үйл ажиллагааны хяналт гэж хоёр салган баталж, үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хэрэгжүүлэн ажиллаж байсан.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, салбарын яамдад нь хяналтын чиг үүргийг шилжүүлснээр мал эмнэлгийн хяналтын нэгдсэн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид үүсдэг давхардсан хяналт, хүндрэл, чирэгдлийг арилгах боломж бий болсон.

Иймд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгон, хяналтын талаарх төрийн байгууллагуудын бүрэн эрх, улсын байцаагчийн эрх, үүрэг, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгоход бүрдүүлэх баримт бичиг, тавих шаардлагыг тусган боловсруулжээ. 

Мөн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодекст нийцүүлэн хуульд хэрэглэсэн зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн хуулийн төсөлд тусгасан байна.