С.Даваасүрэн: Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дүүрэгтээ урьж байна
Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн
2016.12.20

С.Даваасүрэн: Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дүүрэгтээ урьж байна

Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.

С.Даваасүрэннь 2008-2016 онуудад 2 удаа Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан бол 2016-2020 онд тус дүүргийн ИТХ-ын даргын албыг хашихаар болсон байна. Түүний хүүхэд ахуй нас, ажил, амьдрал Багануур дүүрэгтэй салшгүй холбоотой. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрээр сургуулиа төгсөөд “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ”ТӨХК-иас ажлын гараагаа эхэлж, улс төрд хүчин зүтгэж, төрийн байгууллагад ажиллаж иржээ. Ингээд түүнтэй Багануур дүүргийн иргэдэд тулгамдсан асуудал, дүүргийн хөгжлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Та Багануур дүүргийн ИТХ-д 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ дөрвөн жилд ямар зарчим баримталж ажиллах вэ? Ажлаа юунаас эхлүүлэв?

ИТХ гэдэг нь тухайн орон нутгийн иргэд, сонгогчидтой хамгийн ойр байж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байдгаараа онцлогтой. Тиймээс дүүргийн Засаг даргатай хамтарч,хөтөлбөр зорилтоо хэлэлцэн иргэдийн олонхийн эрх ашигт нийцсэн бодлого явуулж ажиллах болно.

Багануур дүүргийн МАН-ын хороо дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд амжилттай оролцон, иргэд сонгогчдын олонхийн саналыг авсан тул дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ажилтай орлоготой байх бололцоог хангахын төлөө ажиллана.

Багануурчууд МАН-д 100 хувь итгэл хүлээлгэн, дүүргийн ИТХ-ын 25 төлөөлөгчөөр та бүхнийг сонголоо. Үүнийгээ дагаад энэ дөрвөн жилд маш эрчтэй ажиллах, эерэг өөрчлөлт, шинэчлэл хийхийг шаардах байх?

Тийм ээ. Багануур дүүргийн  МАН-ын хорооноос нэр дэвшсэн 25 хүнд Багануурчууд 100 хувь итгэл хүлээлгэн, саналаа өгч сонгосон. Багануурчууддаа талархснаа илэрхийлье. Бид энэхүү өндөр амжилтыг өндөр хариуцлага гэж харж байна. Хурлын ажлын албанаас шинэ оны өмнө дүүргийн ИТХ-ын хуралдааныг 4  удаа хуралдахаар товлон зарласан. Өнгөрсөн 11 дүгээр сарын 3-ны өдөр бид Анхдугаар хуралдаанаа хийж, дүүргийнхээ  ИТХ-ын дарга, тэргүүлэгчид болоод дүүргийн  Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг хуулийн дагуу хийлээ.Түүнээс хойш 2 сарын хугацаанд хурлаа цаг алдалгүй хийж, хуралдааны дэг, ажлын хороод, төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийг боловсруулан хэлэлцүүлж баталсан. Түүнчлэн дүүргийн иргэдэд тулгамдсан асуудлыг нягтлан үзээд зайлшгүй засч сайжруулах, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг дүүргийн Засаг даргатай зөвшилцөж,  сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрэн тусгаж, ирэх 4 жил хийх Багануур дүүргийн үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлээ тодорхойлсон. Багануур дүүргийн 2017 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, зорилтоо тодорхойллоо.

2017 онд улсын хэмжээнд төсөв, эдийн засгийн хувьд хүнд хэцүү цаг үе байхаар байна. Тиймээс ирэх онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэнэ гэхээс илүүтэй бид төрийн албан хаагчдын мэргэшил ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлж, ёс зүйтэй төрийн үйлчилгээг бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Энэ ч үүднээс 2017 оныг төрийн албан хаагчдын сахилга бат, ур чадварыг дээшлүүлэх жил болголоо. Гарах үр дүн нь дүүргийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллага, албан хаагчид маань жинхэнэ утгаараа иргэдэд үйлчлэх үйлчилгээ болох юм. Мэдээж дүүрэг орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулж, хэмнэлттэй, үр ашигтай, төсьийн сахилга батыг чангатгаж ажиллана. Бидний хувьд хамгийн их сэтгэл зовниж суудаг нэг асуудал бий. Энэ нь тогтвортой ажлын байр олноор бий болгох юм. Ажилгүйдэл бол бүх сөрөг зүйлийн эхлэл, үр үндэс. Тухайлбал, гэмт хэргийн гаралтыг багасгах, халдварт болон халдварт бус өвчнийг таслан зогсоох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гол хөшүүрэг нь тогтвортой, амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангах ажлын байр юм.

Тэгвэл тогтвортой ажлын байр бий болгох үүднээс ямар арга хэмжээ авах вэ?

Мэдээж улс орны эдийн засаг байнга энэ хэвээрээ хэцүүхэн байхгүй л дээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дүүрэгтээ урьж, байгал орчинд ээлтэй, өндөр технологид суурилан харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хөрөнгө оруулахыг санал болгоно.  Ингэснээр дүүргийн хэмжээнд ажлын байр шинээр бий болж, иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэж бодож байна. Тэр ч утгаараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дүүрэгтээ урьж, тэдний хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар дүүргээ хөгжүүлнэ гэж бодож байна. Бидний эхний ажлын гараа

Танай дүүрэгт шилжилт хөдөлгөөн хэр байна?

Багануур дүүрэг маань 29 мянган хүн амтай. Албан бус тоогоор 30 гаруй мянган оршин суугчтай. Зэргэлдээх аймаг, сумдын иргэд манай дүүрэгт ирж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч байна. Дүүргийн хувьд хүн амын тоонд өсөлт сайн ажиглагддаггүй л дээ. Энэ хүн амын өсөлтийг сааруулж буй нэг хүчин зүйл нь шинэ ажлын байр олгоор бий болж, бодит хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас шалтгаалж, Улаанбаатар хот руу шилжиж буй явдал их байна.

Дүүрэгт Японы хөрөнгө оруулалттай ноос гүн боловсруулах үйлдвэрийн шав тавьсан. Үйлдвэр барих ажил ямар явцтай байна?

Ирэх 2017 онд үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор 40 хүн шинээр ажлын байртай болж, ноосыг орчин үеийн техник, байгаль орчинд сөрөг нөлөө багатай технологиор боловсруулсан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах юм. Арьс шир, ноос, ноолуур боловсруулахдаа байгальд хор хог хаягдал гарч байгаа талаар олон нийт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл Японы хөрөнгө оруулалттай энэ үйлдвэр нь дэвшилтэт техник технологид суурилсан учраас байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь бага байх юм.Магадгүй энэ салбарт цаашид зөв стандартыг тогтоохыг үгүйсгэхгүй.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Х.Баяр