Үйлдвэржилтийн хотод Үйлдвэрчний эвлэл хүчирхэг байх ёстой
УИХ-ын гишүүн Л.Болд Багануурын Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзлаа.
Л.Болд гишүүн Үйлдвэрчний эвлэлийн сургууль төгсч ирээд Багануурын уурхайд,. ажилчин хамт олны дунд ажил амьдралынхаа гарааг эхэлсэн учраас ийн урьж уулзаж байна хэмээн тус дүүргийн Үйлдвэрчний эвлэлийнхэн хэлж байсан.Уулзалтад Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн, сонгуультан 20 гаруй хүн, Л.Болдтой хамт үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан ахмад үеийнхэн, залуусын төлөөлөл оролцож тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын тухай ярилцлаа.
УИХ-ын гишүүн Л. Болд уулзалтын эхэнд Багануур дүүрэгт ажиллаж байсан үеэ дурсан юм. “Ээжийн минь идээрэй гэж хийж өгсөн банш нь халаалтгүй байшин дотор хөлдчихдөг байж билээ.Орой ядарч очоод л тэр хэдэн баншнаас усанд чанаж идчихээд л унтчихна. Яагаад осгодоггүй байсан юм бол гэж одоо бодогддог юм. Ёстой л ажилчин хамт олныхоо дунд дулаацаж, залуу насныхаа аагаар халууцаж явж дээ. Багануурын уурхайн нүүрс Улаанбаатарын хаМгийн гол цахилгаан станцуудыг хангадаг. Ийм чухал газар ажиллаж байснаараа өнөөг хүртэл бахархдаг. Багануурт ажилласан тэр богинохон хугацаа миний амьдралын замыг зурсан гэж хэлж болно” хэмээн дурссан.
Мөн тэрээр “... Ажилтнууд нэгдэж эрхийнхээ төлөө дуугардаг ардчилсан байгууллага бол Үйлдвэрчний эвлэл. Үйлдвэржилтийн хот гэгддэг Багануур дүүрэгт үйлдвэрчний эвлэл байгуулагдаад 35 жил болж байна. Дүүрэгтэйгээ нас чацуу энэ байгууллагын тулгыг тулж галыг асаасан ахмадуудтайгаа уулзаж байна. Энэ дүүрэг алтан гартай ажилчдын хөдөлмөрөөр сүндэрлэсэн. Монгол улсыг илчтэй дулаан байлгах үүрэг хүлээсэн уурхайчид бол Багануур дүүргийн хөгжлийн цөм нь. Энэ ч үүднээс Үйлдвэрчний эвлэл тухайн үеийн хамгийн нөлөөтэй байгууллага байсан.
Ажил амьдралын гараагаа ажилчин хүний эрхийг хамгаалахаас эхэлж байсан хүний хувьд хүний эрхийн төлөө тэмцдэг дэлхийн хамгийн том байгууллага Эмнести Интернэшнл”- ийн салбарыг Монгол Улсад байгуулсан, онлайн эрх чөлөө үгүй бол орчин үед хүний эрхийг хангах үндэсгүй болоод байгаа учраас “Онлайн эрх чөлөөний төлөө дэлхий нийтийн эвсэл”-ийн сайд нарын хурлыг Монголд хийх санаачилгыг гаргаж саяхан зохион байгуулсан” хэмээн онцоллоо.
Ер нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллага аль ч цаг үед хөдөлмөрийн хүнийг хамгаалах үүргийг хүлээж, тэр үүргээ ч нэр төртэйгөөр биелүүлж байгаа гэдгийг уулзалтад оролцогсод хэлж байв. Дүүргийн төрсөн өдөр дарга нарын биш иргэдийн баялаг бүтээгчдийн баяр байх ёстой гэдэг дээр ч санал нэгдэв. Нэг цаг үед нэг зорилготойгоор ажиллаж байсан үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хувьд халуун дулаан дурсамж яриа дэлгэсэн бол залуус өөрсдийн зорилгоо биелүүлэхэд УИХ-ын гишүүнийг хамтран ажиллахыг хүслээ.