Багануурын иргэд бодлого ярьж байна
Нийслэлийн хамгийн алслагдсан дүүрэг Багануурт УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өчигдөр иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.
УИХ-ын намрын чуулганаас батлагдсан нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хууль, шийдвэрүүдийн талаар болон шинэчлэлийн Засгийн газрын зорьж буй ажил, алхмуудын талаар гишүүд иргэд танилцуулж, тэдний санаа бодлыг сонссон юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилснөөр болон алтны худалдааг ил тод болгосноор эдийн засагт ямар эерэг үр дүн бий болохыг гишүүд тайлбарлаж, эдгээр хууль нь хэн нэг мөнгөтэй этгээд, эсвэл алтын уурхайн эзнийг дэмжиж байгаа хэрэг биш гэдгийг хэлж байлаа. Эдийн засгийг тэлэх, ханшийн уналтыг хазаарлах зэрэгт чиглэсэн бодлогын томоохон асуудлуудыг иргэд төдийлөн сонирхохгүй байгаа нь анзаарагдсан. Харин Багануурын иргэдийн хувьд анхаарлыг нь татаж, хүлээлт үүсгэж байгаа асуудлууд арай өөр аж.
“Барилгын томоохон компаниуд болон хуримтлал бүхий иргэд хоорондоо учраа олоод худалдаагаа хийчихнэ .Үүнд төр оролцох шаардлага байхгүй. Харин төрийн бодлого, зохицуулалт одоо орлого багатай, хуримтлалгүй иргэд, ахмад настан, залуу гэр бүлүүдийг орон сууцаар хангахад л чиглэх ёстой” гэж хэлсэн УИХ-ын гишүүн Л.Болдын үгийг иргэд их дэмжиж байлаа. Багануурын иргэд нийслэлд биш дүүрэгтээ орон сууц авах, ингэхдээ зээлийн хялбар нөхцөлөөр хангагдах хүсэлтэй байна гэсэн үг. Гэхдээ энэ тохиолдолд иргэдэд баталгаатай орлого, ажлын байр хэрэгтэй гэдгийг Л.Болд онцолж, орон сууцжуулах ажлыг ажлын байртай холбохоор Засгийн газар бодлогоо чиглүүлж байгааг иргэдэд тайлбарласан.
Ажлын байрыг Багануур дүүрэгт нэмэгдүүлэх боломж юу байгааг иргэд өөрсдөө бас эрэлхийлж буй нь мэдрэгдэж байна. Тухайлбал, Багануур дүүрэгт баригдах барилгын ажлын гүйцэтгэгчээр заавал Улаанбаатарын компани ажиллаад байх шаардлагагүй, дүүргийн иргэдээс авч ажиллуулах боломжтой гэнэ.
Тус дүүргээс УИХ-д “томилогдсон” хоёр гишүүний хувьд энэ ч удаагийн уулзалтаар өөрсдийн бодлого, үйл ажиллагааг сурталчлахаас илүүтэй иргэд, сонгогчдын санал бодлыг сонсохыг чухалчилсан юм. Иргэдийн зүгээс гишүүдэд хандан гаргасан санал, хүсэлт аар зуур ахуйн шинжтэй гомдол төдий биш бодлогын асуудлуудыг хөндсөн үнэтэй зөвлөгөөнүүд байсан гэж хэлэхэд болохоор байв.
“Архитай тэмцье гэвэл тархитай нь ажиллах хэрэгтэй”
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэр бүхий эмэгтэй гишүүдийн санаачлаад байгаа архины эсрэг хуулийн төсөлд санал сонсохыг хүссэн юм. Хүссэн хариугаа ч бас сонсч чадсан болов уу. “Архи уудаг хүн олон байна” гэж зэмлэхээсээ илүү архи үйлдвэрлэгч олон байна гэж буруутгах хүмүүс цөөнгүй байлаа. Тэгэхээр архины үйлдвэрлэлийг цэгцлэх шаардлагатай, нөгөө талаас хүмүүсийн тархи, ухамсартай нь сайн ажиллах хэрэгтэй гэж зөвлөв. Хамгийн хатуу сануулга гэвэл архины үнийг нэмэх, архи худалдаалах цэгийг цөөлөх нь буруу гэж иргэд хэлж байна.
Архины худалдааг хянаад эхлэхээр хүмүүст хиймлээр хэрэгцээ үүсгэж, архийг хайж олоод уудаг буруу зуршил суулгах вий гэсэн болгоомжлолоор үүнийгээ тайлбарласан. Мөн архины үнийг нэмэхээр ард нь үүсэх сөрөг үр дагавар гэвэл өндөр үнийг нь төлөхийн тулд харин ч олуулаа мөнгөө нийлүүлж, олноороо уудаг байдал руу орно гэж анхааруулж байна. Энэ бол архи өндөр үнэтэй ховор бараа байх үед нийтийн дунд нийтлэг байсан үзэгдэл гэж ахмад настан сануулсан. Үүнтэй Ц.Оюунгэрэл гишүүн санал нийлж, “архинаас хамтдаа гарах биш хамтдаа орох сөрөг үр дагаварт хүрч болзошгүй юм байна гэдгийг ойлголоо” гэж хэлж байгаа дуулдсан.
“Хамтын тэтгэвэр хамгийн энэрэнгүй шийдвэр”
Дасгалжуулагч багш нарын хувьд нийтийн биеийн тамир төдийгүй их спортыг хөгжүүлж байгаа гавьяатай хүмүүс гэдгийг тэд төрд уламжлахыг хүсч байлаа.
Багануур дүүргийн өндөр настнуудын төлөөлөл УИХ-аар хэлэлцэх гэж байгаа хамтын тэтгэврийн тухай хуулийг дэмжиж байгаа илэрхийлсэн. Энэ хууль батлагдаад амьдралд хэрэгжвэл хүмүүнлэг, ардчилсан нийгэмд нэг алхам ойртож байгаа хэрэг болно гэж тэд үзэж байна. Түүнчлэн хуулийн нэрийг эргэн харж, “Тэтгэвэр өвлөх тухай” болгох нь зөв болов уу гэсэн санал хэлж байлаа. Нөгөө талаар 20-25 жил хамтдаа амьдарсан бол тэтгэврийг өвлүүлэх боломжтой гэж хуль тусгавал нийгмийн ёс суртахуун, гэр бүл тогтвортой байдалд сайн нөлөөтэй гэж үзэх хүн ч байна. Гэхдээ хамт амьдарсан жилийг ийм урт хугацаагаар тогтоох боломж байхгүй, энэ тохиолдолд оройтож гэрлэсэн хосууд хохирч үлдэнэ гэдгийг гишүүд хариу тайлбар болгож байв.
“С.Удвал сайдыг ажлыг нь хийлгэж өгөөч”
Эрүүл мэндийн сайд ажлаа тааруу хийж байгаа эсэхэд асуудлын гол нь биш бололтой. Харин Багануур дүүрэг нийслэлээс алслагдмал байгаад нь асуудлын гол нь байгаа аж. Учир нь өнөөдөр мөрдөгдөж байгаа тогтолцоогоор бол өрх, дүүргийн эмнэлгүүд анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлнэ, түүнээс дээш шатлалын тусламж, үйлчилгээг клиникийн нэгдсэн эмнэлгүүд үзүүлдэг.
Гэтэл эдгээр клиник эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд Багануурын иргэд 130 км-ийн алсаас нийслэлийг зорих болж байгаад л гомдол нь оршиж буй аж. Хоёр цаг машинаар давхина, ар гэрийнхнээс хэн нэгэн нь дагаж явна, хотод очоод айл бараадна, хоол зөөнө. Энэ хэрээр мөнгө үрэгддэг зовлонгоо багануурчууд тоочив. “Бөөрний аппаратад дөрвөн цаг орохын тулд талдаа хоёр цаг машинаар явдаг. Яваад очиход оочир дугаартай байвал хувийн эмнэлэг хоёр зуугаад мянган төгрөг төлдөг. Сүүлдээ банкны зээл авч эмчилгээгээ хийлгэхэд хүрсэн” гэж ярих иргэн ч байна.
Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн байр гучин жил болж байгаа учраас сантехникийн засвар, үйлчилгээ шаардлагатай болжээ. Харин засварын хөрөнгө, мөнгийг төсвөөс шийдүүлэхэд гишүүд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг бас дайж байлаа
“Багш нарт орон нутгийн нэмэгдэл олгох уу”
Нийслэлийн 130 км алс хэрнээ Багануур нийслэлийн дүүрэг учраас баг нар тэтгэврээ тогтоолгохдоо орон нутагт ажилласны нэмэгдэл авдаггүй. Гэтэл нийслэлээс 30 км зайтай орших Төв аймгийн багш нар орон нутгийн нэмэгдэл бодуулдаг. Энэ байдлыг эргэн харж багш нарын нэмэгдэл, цалин хөлсийг анхаарна уу гэсэн хүсэлтийг тавьж байлаа. Багш нараас гадна биеийн тамирыг дасгалжуулагчдын асуудал энэ үеэр хөндөгдсөн.
Олон жил дасгалжуулагчаар ажиллаж, нийтийн биеийн тамир хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа энэ хүмүүс багш нараас бага цалин аваад зогсохгүй мөн л тэтгэвэрт гарахдаа нэмэгдэл, урамшуулал тооцуулж чаддаггүй юм байна. Уг нь нийтийн биеийн тамир сайн хөгжсөн газарт л их спорт хөгждөг зүй тогтолтой. Дасгалжуулагч багш нарын хувьд нийтийн биеийн тамир төдийгүй их спортыг хөгжүүлж байгаа гавьяатай хүмүүс гэдгийг тэд төрд уламжлахыг хүсч байлаа.
Багануур дүүргийн иргэдийн хувьд дүүргээ хотын статустай болгох, Багануурын уурхайгаас хувь хувьцаа эзэмших, орон сууц, ажлын байртай болох, оюутны хотхон баригдах ажлыг түргэвчлүүлэх, цаашлаад дүүргийн хөгжлийн хөтөлбөртэй болох гээд “том” асуудлуудыг тойргоос сонгогдсон гишүүддээ хэлж сануулснаар уулзөлт өндөрлөсөн юм.