Багануур, Налайх хотуудыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах зорилгоор бие даасан хотыг шинээр үүсгэн байгуулахаар тусгасны дагуу Багануур дүүрэгт Багануур хотыг байгуулах болж олон нийтийн санал асуулгыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Уг ажлын хүрээнд 2015 оны 1-р сарын 9-ний өдөр Нийслэлийн ЗДТГ-т Багануур, Налайх хотуудыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, дүүргээс ИТХ-ын дарга Р.Өнөржаргал болон ажлын албаны дарга, ЗДТГ-ын удирдлагууд оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар 2014 оны 11-р сарын 18-наас эхлэн явагдсан хотын дүрмийн хэлэлцүүлгийг дүүргүүд хэрхэн зохион байгуулсан тухай, хотуудын эдэлбэр газрыг хэрхэн тогтоох, хот байгуулах, хотын үндсэн дүрмийн талаар явуулах иргэдийн санал асуулгын талаар хэлэлцэж, санал асуулга явуулах журмыг гаргахаар тогтлоо.
Санал асуулга явуулах журам, хугацааг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталж, олон нийтийн санал асуулгыг зохион байгуулсаны дараагаар дүүргийн ИТХ-аар хэлэлцэн батлах юм байна.
Багануурчууд бид төрөлх дүүргийнхээ ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө санал нэгтэй байж Багануур хот болох санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.