Э.Бат-Үүл: Налайх бие даасан дархлаагаа олж авахын тулд үндсэн дүрмээ батлах ёстой
УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгасны дагуу Хотын захиргаанаас “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулж байна. Шат дараатайгаар хийгдэх уг ажлыг нийслэлийн иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх санал авах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Налайх дүүрэгт Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, дүрмийн төслийг боловсруулж буй “Ач холдинг” ХХК-ийн Ерөнхий менежер Г.Даваа, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар болон иргэд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга хэлэлцүүлгийг нээж “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдөхөөр болсон. Энэ ажлын дагуу Налайх дүүргийг Улаанбаатар хотын дагуул хот болгохоор үндсэн дүрмийг анх удаагаа иргэдийн оролцоотойгоор хэлэлцэх гэж байна.
Бидний төлөвлөж байгаагаар одоогийн Налайх дүүргийг нийслэлийн алслагдсан дүүрэг гэдгээр биш хотын статустай болгохыг зорьж байна. Энэ дүүрэг нь нийслэлийн нутаг дэвсгэр дээрх хамгийн ирээдүйтэй, их баялаг, газар нутагтай буюу нийслэлийн дагуул хот болон хөгжиж дэвших бүрэн боломжтой юм.
Налайх хот болсноор нийслэлээс татвар, орлого, төсвийн эрх мэдлийг бүрэн шилжүүлж, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн татварыг төсөвтөө төвлөрүүлэн түүгээрээ асуудлаа шийддэг болно. Хот төлөвлөлтөө өөрсдөө хийж, хамтын хүчээр хөгжих боломж, эрх, эдийн засгийн эрх мэдлийг бид өгөхөөр төлөвлөж байна.
Та бүхэн хотынхоо Захирагчийн хүртэл ямар нэгэн намын оролцоогүйгээр өөрсдөө сонгодог болно. Энэ мэт олон давуу тал хотын үндсэн дүрэмд бий” гэлээ.
Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэгт оролцсон Налайх дүүргийн иргэд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, алслагдсан дүүрэг биш хот болон хөгжих боломж, бүтээн байгуулалтандаа оролцох эрх олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлж, төслийн боловсруулалтын санал авах ажиллагаанд идэвхтэй оролцоно гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-аас боловсруулж буй Хотын үндсэн дүрэм нь хотын иргэдийн санал асуулгаар дэмжигдэн батлагдах бөгөөд хотыг үүсгэн байгуулахыг тунхагласан, баталгаажуулсан эрх зүйн баримт бичиг юм. Иргэд эвлэлдэн нэгдэж, хотыг байгуулахдаа хотын үндсэн дүрмийг боловсруулан баталж, хотынхоо бүрэн эрхийг тогтоож өгснөөр бүхий л асуудлыг удирдан шийдвэрлэх болно.
Иймээс энэ ажлын хамгийн эхний чухал алхам бол үндсэн дүрэмтэй болох асуудал. Энэхүү дүрмийг батлахад иргэд та бүхний оролцоо маш чухал. Өнөөдөр налайхчуудын хувьд түүхэн явдал болох эсэх нь энэ хэлэлцүүлгээс их шалтгаална гэсэн юм. Ингээд хотын дарга Э.Бат-Үүлээс зарим асуултад хариулт авлаа.
-Налайх дүүргийг бие даасан хот болгохоор ярьж байна. Үүний ач холбогдол нь юу вэ ?
Налайхыг 1995 оноос хойш дөрвөн удаа Нийслэлийн хороо дүүрэг, хот болгох шийдвэр гарч байсан. Ийм шийдвэр гарч байсан. Ийм шийдвэр гарч байсан ч Налайх нэг л хэвэндээ байсан. Өөрөөр хэлбэл, Налайхын асуудлыгзахиргааны аргаар шийдэж өдийг хүрсэн.УИХ-аар баталсан хоёр бичиг баримтаар энэ дүүргийг дагуул хот болгохыг тодорхой болгож өглөө.
Нэг нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалд Налайхыг 65 мянган хүн амтай дагуул хот байна гэсэн шийдвэр багтсан. Мөн Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд дагуул хоттой байна гэж заасан байдаг. Одоо Налайх хот болох хууль эрхзүйн орчин бүрдчихлээ.
Дагуул хот болгохоор шийдэх нэг хэрэг. Харин одоо Налайх бие даасан дархлаагаа яаж олж авах вэ гэдэг нь чухал асуудал юм. Тийм учраас хот үндсэн Дүрмээ батлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үндсэн дүрэм гэдэг нь хотын үндсэн хууль л гэсэн үг. Үндсэн хуультай болохгүй бол дахиад л дүүрэг, хороо болохыг үгүйсгэхгүй.
-Иргэдийн нийгмийн амьдрал, эдийн засгийг яаж шийдэх вэ?
-Налайхын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага, аж ахуйн нэгж тав орчим тэрбум төгрөгийг засаг захиргааны нэгжийн үүднээс дээд шатны захиргаандаа татвар болгож өгдөг.
Хот өөрийн үл хөдлөх хөрөнгө болон газрын татвараас олсон орлогоороо дэд бүтэц тавьдаг.
Буцаагаад 3.8 тэрбумыг өөрсдийнхөө хөгжил, бүтээн байгуулалтад авдаг. Энэ бол утга учиргүй гүйлгээ. Хот болсноор энэхүү мөнгөө өөрсдөөмэддэг болно гэсэн үг. Мөн хотын эдэлбэр газар гэдэг маш нарийн ойлголт юм. Энэ нь татвар ногдох газар гэсэн үг биш.
Жишээ нь, Тэрэлжийн доод талын цогцолборыг Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны харьяа гэж бодъё. Гэхдээ энэ газар нь Налайхын эдэлбэр газарт харьяалагдвал БОНХЯ Налайхад татвар төлнө. Ингэх юм бол энэ хот эдийн засгийн хувьд хүчирхэг болно.
Хот өөрийн үл хөдлөх хөрөнгө болон газрын татвараас олсон орлогоороо дэд бүтэц тавьдаг. Дэд бүтэц тавиад байхаар түүнийг дагаж хөрөнгө оруулагч нар ирнэ. Ийм том хөгжлийн эрх мэдэлд шилжинэ гэсэн үг.
-Улаанбаатар хот ямар бодлогын үндсэн дээр хоёр дүүргээ хот болгож байгаа вэ?
Хотын хүн амын хэт төвлөрөл, эдийн засгийн хэт их ачааллыг бие даасан, хөгжих боломжтой хоттой хуваалцана. Үүгээрээ давуу талтай. Налайх дүүрэг дагуул хот болсноор иргэд нь нийслэлийн харьяанд байх боловч эдийн засгийн хувьд хараат бус байх гэнэ.
Дагуул хот болох шийдвэрийг танхимд цугласан иргэд бүгд дэмжиж байлаа. Ингээд зарим иргэний сэтгэгдлийг хүргэе.