Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр жилийн ажлаа тайлагналаа
Монгол улсын Засгийн газар, НҮБ- ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Налайх дүүрэгт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан хүрсэн үр дүнгийн талаар хэлэлцлээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд дүүргийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай багаж хэрэгсэлээр хангаж, иргэдийн зан үйлийг өөрчлөх сургалтууд зэрэг цогц арга хэмжээ авсан бол албан байгууллагуудыг хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн төлөө сайн үйлс санаачлан хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй орон нутаг” далбаа, дэвтэр аялуулсан нь үр дүнтэй болсон тул ирэх жил аж ахуйн нэгжүүдэд дээрх далбаа, дэвтрийг аялуулахаар болсон.
Тайлангийн хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ганболд, Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Цогоо, ЗДТГ -ын дарга О.Манарбек, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бэнес тэргүүтэй албаны болон холбогдох хүмүүс оролцлоо. Энэ үеэр тус сангийн суурин төлөөлөгч эрхэмсэг ноён Роберто Бэнес “Налайх дүүрэгт хэрэгжиж буй энэ хөтөлбөр цаашдаа Монгол улсад жишиг болох ёстой тул та биднээс маш их хариуцлага шаардаж байгаа.
Энэ хөтөлбөрийн үр дүн нь сайн эсвэл муу жишээний аль болохыг бидний хичээл зүтгэлээс шууд шалтгаалах болно. Миний хувьд танай дүүрэгт хэрэгжиж буй энэ хөтөлбөрийн явцад сэтгэл хангалуун байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Налайх дүүрэг Монгол улсын анхны хүүхдэд ээлтэй дүүрэг болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн дүгнэсэн.