УИХ-ын гишүүн Л.Болд багануур дүүрэгт ажиллалаа
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.05.11

УИХ-ын гишүүн Л.Болд багануур дүүрэгт ажиллалаа

УИХ-д Багануур, Багахангай, Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлөн сонгогдсон гишүүн Л.Болд 5 дугаар сарын 6-ны өдөр Багануур дүүрэгт ажиллалаа.

Бүтэн өдөр дүүрэгт ажиллахдаа байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт ярилцлага хийн, тулгамдаж байгаа асуудал, хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцсон бол 194, 142 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдийн тоглонгоо суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор ном, тоглоом бэлэглэсэн юм.

Дүүргийн ЭМТ-ийн техник тоног төхөөрөмжийг сайжруулах, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харъяа ахмадын "Хэрлэн" амралтын үйл ажиллагааг сайжруулж, тоног төхөөрөмж, амралтын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, 2,5 дугаар хороонд баригдахаар төлөвлөгдөж байгаа бага сургууль цэцэрлэгийн комплексийн ажлыг эрчимжүүлэх тал дээр Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлсний дээр Багануур хот болон хөгжихөд УИХ-ын гишүүд, дүүргийн төр захиргааны байгууллага, байгууллага аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа чухал байгааг онцоллоо.

Мөн "Багануур Ус" ОНӨААТҮГ-т ажиллаж ухаалаг худаг, смарт карт танилцуулсаны зэрэгцээ Өмч газрын харилцааны албаны үйл ажиллагаатай танилцаж газар өмчлөлийн өнөөгийн байдал, цахим бүртгэл, газрын харилцаатай холбоотой асуудлаар мэдээлэл солилцсон юм.

Тэрээр энэ удаа дүүрэгт ажиллахдаа нэлээд олон байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар зөвлөлдсөн юм. Дүүргийн "Өргөө" соёлын ордны дэргэдэх орон нутаг судлах танхим, нийтийн номын сангийн үйл ажиллагааг сайжруулах төслийг дэмжин ажиллаж, гишүүний хувиар төдийгүй "Лувсанвандан" сангаараа дамжуулан хамтран ажиллахаа амласан юм.