Багануурчууд тойргоосоо сонгогдсон гишүүддээ сэтгэл хангалуун байна
2016.04.11

Багануурчууд тойргоосоо сонгогдсон гишүүддээ сэтгэл хангалуун байна

УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд парламентийн зарим гишүүн өөрсдийн сонгогдсон тойрогтоо ажиллаж байна.

Хэдийгээр хаврын чуулган нээлтээ хийсэн ч гишүүд уламжлал ёсоороо тойргынхоо иргэдтэй уулзаж, тэднийхээ санал бодлыг төрд хүргэх ажлаа үргэлжүүлсээр байгаа билээ. Энэхүү үүргээ биелүүлж яваа УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өнгөрсөн баасан гарагт Багануур дүүрэгт ажилласан юм. Тэд нийслэлээс алслагдсан дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаас гадна иргэд, сонгогчидтойгоо уулзаж, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Өнөөдөр Багануур дүүрэгт 28 мянга гаруй иргэн амьдардаг гэх судалгаа бий.

Үүнээс цэцэрлэгийн насны 2230 хүүхэдтэй. Учир нь, тус дүүргийн иргэдийн олонхийн саналыг авч парламентын гишүүн болсон дээрх хоёр эрхмийн хамгийн эхэнд шийдсэн асуудал бол цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь болгож чадсан явдал юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намраас эхлэн Багануур дүүргийн эцэг, эхчүүд бяцхан үрсээ яаж цэцэрлэгт хамруулах вэ гэх том зовлонгоосоо салцгаасан. Түүнчлэн гуравхан жилийн өмнө нийт хүн амын 15 хүрэхгүй хувь нь өөрийн гэсэн газартай байсан бол өнөөдөр эл тоо хэд дахин өссөн гээд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын хийж, хэрэгжүүлсэн ажил их талаар багануурчууд онцолж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Багануурт очсон даруйдаа дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хоёр гишүүнийг Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Энхбаяр угтаж авсан бөгөөд эмнэлгийнхээ талаар товч мэдээлэл өгсөн юм.Тус эмнэлэг нь төрөх, дотор, хүүхэд, мэс засал, захиргаа аж ахуйн, эм сан, халдварт, хүнс хангамжийн зэрэг нийт 14 тасагтайгаас зургаа нь клиникийн тасагт эмчилгээ, үйлчилгээ явуулдаг байна.

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын хийж, хэрэгжүүлсэн ажил их талаар багануурчууд онцолж байна.

Эмнэлгийн барилгыг 1988 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд 135 ортой. Өнөөдрийн байдлаар 55 их эмч, 125 сувилагч гээд нийт 200 орчим ажилтантай. Дүүргийнхээ бүх иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ явуулдаг аж. Эмнэлгийн төсөв мөнгө бага учир ихэвчлэн иргэдийнхээ хандив, тусламжинд тулгуурлаж, эмнэлгийнхээ шаардлагатай техник, технологи болон эм тариаг худалдаж авдаг байна. Багануур дүүрэгт уушги болон хатгай өвчин хавтгайрч байгаа талаар ч эмч нар ярьж байлаа. Ид ачаалалтай үед рентгений ганц аппарат хаанаа ч хүрэлцдэггүй, эмнэлгийн дөрвөн машин мөн л хаанаа ч хүрдэггүй талаар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга хэлж байв. Харин үдээс хойш 15:00 цагт эхлэсэн уулзалт бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн. 

Уулзалтад ирсэн иргэд өөрт тулгараад буй аар саархан зовлон, бэрхшээл гэхээсээ илүүтэй улс, эх орныхоо эдийн засаг, ирээдүйд санаагаа чилээж, энэ төрлийн асуултыг түлхүү тавьж байгаа нь анзаарагдсан юм. Түүнчлэн яг дүүргийнхээ хэмжээнд тулгамдаж буй асуудлаас хэрхэн хамтдаа гарах арга замыг хайж, нийгмийн халамж үйлчилгээ болон өнгөрсөн намрын чуулганаар баталсан, эдүгээ хэрэгжиж эхлээд буй шинэ хуулийн талаар тодорхой мэдээлэл авахыг хүссэн юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар төрөөс явуулж буй шинэ бодлого, цаашид авч хэрэгжүүлэх хууль, улсынхаа эдийн засгийг хэрхэн аврах төдийгүй өөрсдийнхөө хийж, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх гэж байгаа ажлынхаа талаар тодорхой, товчхон мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Л.Болд гишүүн “Өөрсдийн цаг заваасаа хугаслаж, уулзалтад хүрэлцэн ирсэн багануурчууддаа баярлалаа. Бид УИХ-ын чуулган завсарласан хугацаанд тойрогтоо хэд, хэдэн удаа ирж ажилласан. Харин багануур дүүргийнхээ иргэдтэй томоохон хэмжээний уулзалтыг зохион байгуулж, та бүхнийхээ санал, шүүмжлэлийг сонсож амжихгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. Багануур дүүрэгт өнгөрсөн жил Хөгжлийн банкны санхүүжилтээр 23.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Үүгээрээ бид олон жил ярьсан уурхай, дэд бүтэц зэрэг асуудлаа шийдэж чадсан. Хувийн хэвшлийнхэнд зээл олгож эхэлсэн. Гудамж төслийн хүрээнд зам, талбайгаа янзалсан гээд хийсэн зүйл их байна” хэмээн тодотгов.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ “Хаврын чуулган нээлтээ хийгээд удаагүй байна. Чуулганы нээлтээс хойш анхныхаа уулзалтыг хийж байгаадаа баяртай байна. Юуны өмнө Л.Болд гишүүн бид хоёрын өргөн барьсан Хог, хаягдлын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэн батална. Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд бэлэн болсон. Засгийн газраас ч хоёр дахь хувилбарыг өргөн барина. Хэрвээ энэхүү хоёр дахь хувилбар орж ирэх юм бол бид хоёрын өргөн барьсан хувилбартай нийлээд энэхүү хууль нэлээн үр дүнд хүрэх байх. Өнгөрсөн намрын чуулганаар олон чухал хуулийг хэлэлцэн баталсан байна. Үүнээс бие даасан 29 хуулийг баталж гаргажээ” гэв. Тэрбээр үргэлжүүлэн “Энэ бүх хуулиас хамгийн их цаг зав зарцуулж, олон хүний анхаарлыг татсан хоёр хууль бий. Энэ бол Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хууль юм. Эрүүгийн хуульд л гэхэд ялын бодлого маш их өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, цоо шинэ түвшинд очсон гэж хэлж болно” хэмээн онцоллоо. Бусад дүүргээсээ битгий хэл аймгаасаа түрүүлж сургууль, цэцэрлэгийн хүртээмжээ 100 хувь шийдсэн, иргэдийн ихэнх нь өөрийн гэсэн газартай болсон гээд багануурчууд тойргоосоо сонгогдсон хоёр гишүүнд ам сайтай байгаа нь харагдав. Ингээд иргэдийн сонирхсон асуултад УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
-Хамтын тэтгэврийн тухай хуулийг олон жил ярьсны эцэст сая нэг батласан. Уг нь, энэхүү хууль нь нийгмийн хамгааллын салбарт хийж байгаа маш том алхам юм. Олон орон ийм хуулийг гаргаж, батлах гээд чадаагүй байдаг. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг тэтгэврийн нэмэгдэл биш. Дөнгөж хууль хэрэгжиж эхлэж байна. Үүний араас дагалдах, хийж хэрэгжүүлэх олон зүйл бий. Харин хань, ижлээ алдсан хүн бүр энэхүү хуульд хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл, ганц бие ахмадыг хамгаалах маш том хууль, эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно. Тиймээс ахмадууд маань энэхүү хуулийг шүүмжлэх биш харин ч эсрэгээрээ чангахан шиг атгаж, дэмжих хэрэгтэй.
-Бид нэг зүйлээрээ бахархах ёстой. Багануурын иргэд та бүхэн шиг олноороо газартай болсон дүүрэг нийслэлд байхгүй. Одоохондоо хуулийн болон газар өмчлөлийнхөө талаар, ашгийг нь мэдэхгүй хүн байгааг үгүйсгэхгүй. Өмчилж авсан газраа эргэлтэд оруулах асуудлыг өнөөдөр ярьж байна. Энэ бол үнэхээр сайхан мэдээ. Дөрөвхөн жилийн өмнө өөрийн гэсэн газартай хүн бараг л байхгүй байсан. Өнөөдөр бүгд газартай болчихсон сууж байна. Үнэхээр бид өөрсдөөрөө бахархах ёстой. Харин өнөөдөр газрын үнэлгээг нэмэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий шүү дээ.

Багануур дүүрэгт найман цэцэрлэгийн 76 бүлэгт 2310 хүүхэд хамрагдаж байна


-Итотекийн зээлийн хүүг 8-5 хувь болгон бууруулсан. Ингэснээр өмнөх жилүүдээсээ олон орон сууцыг барьж, ашиглалтад оруулах боломж гарч ирж байна. Эхний ээлжийн таван хувийн хүүд багануурчууд багтаж байгааг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл, 1000 гаруй иргэнд төрийн хишиг үр шимээ өгсөнд нь баяртай байна.
-Багануур дүүрэгт найман цэцэрлэгийн 76 бүлэгт 2310 хүүхэд хамрагдаж байна. Хэд, хэдэн цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Одоо ч гэсэн шинээр цэцэрлэгийн барилгыг барьж байна гээд бидэнд бахархах зүйл бий. 

-Энэ оны Улсын төсөвт 1.6 тэрбум төгрөгийг суулгаж чадсан. Эдийн засаг хүндрэлтэй байгаа гэдэг шалтгаанаар нэлээн танасан. Гэхдээ бид багахан хэмжээгээр л хасуулсан. Энэхүү мөнгөөр багануур дүүрэгтээ бид та бүхний хэлж байгаа бага сургуулийг барина. Байрны дундах тохижилтоо 370 сая төгрөгөөр үргэлжүүлнэ. Нийтийн зориулалтын орон сууцны фасат болон авто замын засвар, аймгийн орон сууцны дэд бүтцийн асуудал, эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлэх олон ажлыг тусгасан.

-Багануурчуудын дунд олон жил яригдсан цахилгаан станц барих асуудлыг шийдэж чадлаа. 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдсэн. Энэ бол бүс нутаг, цаашлаад дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил болно. Нийт 2500 гаруй ажлын байр шинээр бий болно. Ингэснээр иргэд ажилтай болж, амьдрал нь тодорхой хэмжээнд сайжирна. 

-Манай Багануур дүүрэгт ажилгүй хүн олон бий. Дүүрэгт томоохон хэмжээний цахилгаан станцыг барих асуудал яригдаж байгаа. Мэдээж ажилгүй олон залууг орлоготой болгох нь тодорхой.

-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн бодлогыг чухалчилж байна. Үүний анхны үе шат болгож 100 сая төгрөгийг хороо бүрт олгож эхэлсэн. Эх үүсвэр нь хязгааргүй нэмэгдэх, нөхөгдөх том боломж шүү, иргэдээ. Хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө идэвхтэй оролцох хэрэгтэй.