Ц.Даваасүрэн:Бидний тавьсан хүсэлт хүчин төгөлдөр байгаа
2011.11.25

Ц.Даваасүрэн:Бидний тавьсан хүсэлт хүчин төгөлдөр байгаа

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Парламентын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цааш хэлэлцэх эсэхийг шийдэв. Энэ хуулийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нар санаачлан УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж ирсэн юм. Эл хуулийг гишүүд "Ерөнхий сайдыг аврах" хууль хэмээн нэрийдэж байгаа. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийг баталснаар Ерөнхий сайд болон түүний кабинетын сайд нарыг хамгаалах гол зорилготой.

Одоогийн мөрдөж байгаа хуулиар Ерөнхий сайдыг огцруулахын тулд УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн гарын үсэг зурснаар хэлэлцэх журамтай. Харин шинэ хуулийн төсөлд ч Үндсэн хуульд заасан дээрх гол санааг тусгажээ. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулахын тулд 19 гишүүн санал нэгдэн бүрдсэн байх бөгөөд яам толгойлох сайдыг огцруулахад эл асуудал хамаагүй аж. Гэхдээ энэ хууль батлагдсан ч есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт хүчин төгөлдөр байх гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

 -УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг чуулганаар хэлэлцлээ. Үүнийг гишүүд янз бүрээр л харж байна. Таны хувьд юу гэж бодож байна вэ?

-Яахав дээ, энэ хууль бол гишүүдийн бүрэн эрхийг хязгаарлах л гэсэн увайгүй хуулийн төсөл. Түүнээс өнөөдөр хэлэлцэн шийдэх ёстой өчнөөн асуудал байна шүү дээ. Хэрэв нэг танхай Ерөнхий сайдтай байж байгаад нөгөөх нь улс орны эрх ашигт нийцэхгүй зүйл хийгээд байхад заавал 19 гишүүний саналаар огцруулах эсэхийг нь хэлэлцэнэ гээд суугаад байж болохгүй. Энэ бол буруу л гэж бодож байна.

-Хэрэв энэ хууль батлагдлаа гэхэд та бүхний тавьсан хүсэлтийг үгүйсгэх үү?

-Үгүй. Хууль батлагдсан цагаасаа урагшаа явдаг болохоос хойшоо явдаггүй юм. Бидний хүсэлт одоо болтол хүчин төгөлдөр байгаа. Зөвхөн хэлэлцэх асуудлын дарааллаас л хойшлуулчихаад байгаа хэрэг.

-Тэгэхээр та нар энэ асуудлаа хэлэлцүүлмээр байна гэж шахаж шаардаж болох уу?
-Бид шаардаж байгаа. Харин эд нар хойшлуулсаар л байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.