Ц.Даваасүрэн: Нам цул,эв нэгдэлтэй байж амжилтад хүрнэ
УИХ-ын гишүүн, МАН-ын "Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс" жигүүрийн ерөнхий зохицуулагч Ц.ДАВААСҮРЭНГЭЭС цөөн зүйл тодрууллаа.
-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх манай намд жигүүр байхгүй гэж мэдэгдсэн. Жигүүр үйл ажиллагаагаа зогсоож тарсан юм уу, МАХН-даа үлдсэн гээд байгаа хэсэгтэйгээ салаад явсан юм уу?
-Өөрөө тодорхой хариулт шаардаж асууж байгаа учраас ойлгомжтой хариулт егөхийг оролдъё. Бид өнөөдрийг хүртэл МАХН-ын бүх зүйл МАН-д уламжлагдан ирж байгаа гэж ойлгож яваа. Ер нь намын дотоод ардчиллын илрэл болсон жигүүрээ буурин дээр нь үлдээвэл яав ч сайн үр дүн авчрахгүй. Нөгөө талаар намын дүрмийн хувьд жигүүр зөвхөн гишүүдийнхээ өөрсдийн санаачилгаар, эсвэл намын Бага хурлын шийдвэрээр та-тан буугдах зохицуулалттай юм билээ. Их хурлаар шийдье гэвэл намын дүрмээс "жигүүртэй байна" гэсэн заалтыг хасах ёстой л доо. Харин намын 26 их хурлаар дүрмийн энэ заалтад өөрчлөлт ороогүй. Тэгэхээр жигүүр МАН-даа үлдсэн байгаа биз. Харин "Жигүүр байхгүй ээ" гэж байгаа бол мань мэтийгээ яваа гэсэнтэй адил сонсогдоно шүү. Алдаа дутагдлаа ярихаас эмээдэг, ардчиллын зарчимд хаалгаа хаасан нам байж хэрхэвч болохгүй.
-Саяхан танай жигүүрийнхэн хуралдаж олонх нь хуучин намдаа үлдэнэ гэсэн юм биш үү?
-Бид цуглаж, цаашдынхаа ажил төрлийн талаар санал бодлоо хуваалцаж, он гаргаад дахин хуралдахаар тохирсон. Одоогоор хоёр тал болчхоод байгаа юм алга. Ганц хоёр хүн өөрийн шийдвэрийг гаргаад МАХН-ын түр хороонд ажиллаж байгаа юм билээ.
-МАХН-даа үлдэнэ гэсэн хэсгийнхээ талаар ямар бодолтой явна?
-Би улс орныхоо хөгжил, тусгаар тогтнолын баталгаа болсон энэ том улс төрийн хүчин задарч болохгүй гэсэн байр суурьтай явдаг хүн. Одоо ч тэр байр суурин дээрээ байна. Үзэл бодлын зөрчлөөс болж задарч, бутарч, бусдын хөх инээдийг хүргэж, идэш болж болохгүй. Аль аль талаасаа ойлголцох зарчмыг барих ёстой. Өнөөдөр жирийн хүний амьдралд нам ямар ч хэрэггүй болсон цаг гэдгийг сайн ойлгох ёстой. Хуучин цагт бол намын гишүүн биш бол хэн ч биш байлаа. Одоо тэр цаг түүх болсон. Хэд хэдэн батлахтай ч хүн явж л байна. Тиймээс сэтгэлээ энэ намд илэрхийлж явдаг жирийн гишүүд, дэмжигчдээ цөөхөн ч гэсэн алдаж болохгүй. Тэр тусмаа МАХН-даа хайртай гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөөд салах гэж байгаа бол яавч алдаж болохгүй. Тэд бол эрх мэдэлд хөтлөгдөж биш итгэл үнэмшлээр явж ирснийг үл ойшоож болохгүй. Хамгийн идэвхтэй хэсэг байсан.Гишүүд, дэмжигчид бол нам оршин тогтнохын гол суурь гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэдний итгэл үнэмшлийг төрүүлж байж оршин тогтноно. Өнөөдөр манай намын зарим нөхөд 1996-2000 оны хооронд АН-ын туулж, гашуун сургамж авсан "дотроо дайсагнаж, хоорондоо үзэлцэж, тогооноосоо гарч бие биенээ хэвлэлээр муулж өөрсдийгөө дөвийлгөх" гэдэг алдаа нь амьдралаар батлагдсан буруу арга барилд гаршаад байх шиг. Тэр бүтэхгүй шүү. Нам цул, эв нэгдэлтэй байж амжилтад хүрнэ.