Засгийн газрын 100 хоногт- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн гарааг амжилттай эхлүүллээ.
“Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан Албан даалгаврыг баталж, хэрэгжүүллээ.
Албан даалгаврын хүрээнд:
- Шинээр барьж буй, засвар хийж буй цэцэрлэгийн барилгын ажлыг шуурхайлж, дуусгаснаар 21 цэцэрлэгийг ашиглалтад өгч, 123 бүлэгт 2970;
- 9 цэцэрлэгийн барилгыг өргөтгөн 38 бүлэгт 1135;
- Нэг цэцэрлэгийн барилгыг давхарлаж, 12 бүлэгт 300;
- Нийслэлийн хэмжээнд 72 хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулагдаж 4307;
- 2 байгууллагын дэргэд 5 бүлэг бүхий цэцэрлэг нээж 100;
- Зорилтод бүлгийн хүүхдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулснаар 3087 хүүхдийг цэцэрлэгт тус тус хамрууллаа.
Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 12609-өөр нэмэгдлээ.
Мөн энэ хугацаанд шинээр сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулснаар боловсрол, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлээд байна.
Салбарын хэмжээнд 100 ортой дотуур байр 1, спорт заал 3, 500 үзэгчийн суудалтай соёлын төвийн барилга 1, 2448 хүүхэд суралцах хүчин чадал бүхий сургуулийн 5 хичээлийн байр, орон нутагт 720 ор бүхий 6 цэцэрлэгийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүллээ. Шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төвд тавилга, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлээд байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор багш, сурагчдыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хязгаарлах зохицуулалтыг хэрэгжүүлж байна.
Сурагчдын эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд суралцах нөхцөлийг хангах чиглэлээр “Сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хязгаарлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/43 дугаар тушаалыг баталж, мөрдүүлж байна. Уг шийдвэрээр:
- Ерөнхий боловсролын сургуульд багш, суралцагч хичээлийн үеэр гар утас хэрэглэхийг хориглов.
- Сургууль бүр цахим хэрэгслийг зохистой ашиглах асуудлаар эцэг эхтэй гэрээ байгуулах, хүүхэд цахим хэрэгсэлд донтохоос сэргийлэх, хүүхдийг хамгаалах, цахим сүлжээний сөрөг нөлөөллийн талаар сургалт зохион байгуулах, тэгш бус байдал, харилцааны зөрчил үүсэхээс хамгаалах чиглэлээр сурагчдын саналыг авч сургуулийн дүрэмд өөрчлөлт оруулан хэрэгжүүлэх үүргийг захирлуудад өглөө. Энэхүү тушаалыг улсын хэмжээнд өмчийн хэлбэр харгалзахгүй ерөнхий боловсролын сургуулиуд хэрэгжүүлж байна.
БНСУ-ын соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд “Баярлалаа бяцхан номын сан”-ийн төслийг үргэлжлүүлж, сонгогдсон 3 аймагт хэрэгжүүлж эхэллээ.
БНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын зарим ерөнхий боловсролын сургуулиудад “Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Төсөл үр дүнтэй сайн хэрэгжсэн тул 2016 онд Дорноговь, Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дорнод аймгийн Халх гол сумын багийн сургуульд 40 мянган долларын 2000-3000 ширхэг ном, тоног төхөөрөмжийг нийлүүлэх төслийн хүрээнд 300 ширхэг ном, компьютер, ном нийлүүлэхээр шийдвэрлэсэн.
Их дээд сургуулиуд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх жилийн төвшингөөр тогтоолоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирлуудад "Сургалтын төлбөрийн тухай" 2016 оны 1/04 дугаар албан бичгээр 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оны төвшнөөс нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах чиглэл өгсөн. Чиглэлийн дагуу энэ хичээлийн жилд их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмээгүй нь эдийн засгийн хямралтай энэ цаг үед өрхийн амьжиргаа, суралцагчид бодит дэмжлэг боллоо.
Их, дээд сургууль, коллежийн оюутны суралцах эрхийн баталгааг хангаж, өрхийн боловсролын зардлыг бууруулах зорилгоор Боловсролын зээлийн сан байгуулж, зээл олгож эхэллээ.
“Сургалтын төлбөрийн зээл олгох журам”-ыг Засгийн газрын энэ оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор батлууллаа. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сургалтын төлбөрийн нэн тааламжтай нөхцөлтэй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл олгох ажил хэрэгжиж эхэллээ.
Энэ онд 70000 орчим оюутанд сургалтын төлбөрийн зээл олгоно. Түүнчлэн тус сангаас 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгоно.
Судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоог хөгжүүлэх, их сургуулийн үйлдвэрлэлийн түншлэлийг дэмжих төсөл шалгаруулж, санхүүжилтийг шийдвэрлэлээ.
Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд их сургуулиудын 13 төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэн түүнд нийт 485 сая төгрөгийн санхүүжилт олгосон.. Төсөл хэрэгжсэнээр 15 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, патент, ашигтай загварын мэдүүлэг гаргаж, 14 шинэ бүтээгдэхүүн бий болж, судалгааны үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх ажил хийгдэх юм.
Хөдөө орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо.
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/51, А/47, А/136 дугаартай тушаалаар хөдөө орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн харьяаллыг баталлаа. Энэхүү үйлчилгээнд орон нутгаас нийслэлд суралцаж буй 76.1 мянган оюутан хамрагдана.
Хүснэгт. Оюутан, суралцагчдад эрүүл мэндийн тусламж, үйчилгээ үзүүлэх эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн харъяалал.
Баянзүрх |
Баянгол |
Сонгинохайрхан |
Сүхбаатар |
Чингэлтэй |
Хан-Уул |
Говь-алтай Говьсүмбэр |
Завхан Орхон Өмнөговь Сүхбаатар |
Булган Дорноговь Дундговь |
Архангай Баян-Өлгий Баянхонгор Дархан-Уул |
Дорнод Өвөрхангай Сэлэнгэ Төв |
Хэнтий Увс Ховд Хөвсгөл |
Салбарын хэмжээнд 2015 онд үүсээд байсан нийт 17.4 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг 2016 оны төсвийн тодотголоор бүрэн шийдвэрлүүллээ
Орон нутгийн байгууллагад үүсээд байсан 14.8 тэрбум төгрөг, харьяа байгууллагад үүссэн 2.6 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан нь салбарын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлсэн үйл явдал боллоо.
Нийт өрийн 50%-ийг цалин, НДШ, 33%-ийг тогтмол зардал, 17%-ийг бусад урсгал зардал болон хоолны зардлын өр эзэлж байсан байна. Өрийн асуудлыг шийдвэрлэснээр орон нутгийн харьяа байгууллагууд 2017 оны санхүүгийн жилд өр төлбөргүй орох нөхцөл бүрдэж байна.
Үндэсний номын баяр – 2016” арга хэмжээг зохион байгуулав.
“Цаасан номоос цахим хэвлэл рүү” уриан дор баярын арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд төв, орон нутгийн номын сан, хэвлэлийн газар, номын дэлгүүр, зохиолч, орчуулагч, сэтгүүлч, хөдөө орон нутагт номын бизнес эрхлэгч, Д.Нацагдоржийн нэрэмжит "Тэргүүний уншигч-Номын сайн нөхөр" тэмдэгтнүүд, номын элгэн садан, номд дурлагчид оролцов.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хvvхдийн нэрт зохиолч Д.Содномдорж “Жигмэд, Тогмид хоёр” дууны 60 жилийн ойд зориулан яруу найргийн баяр зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт Олон улсын хүүхдийн утга зохиолын төвийн гүйцэтгэх захирал хатагтай Лейз Пэйж оролцсон бөгөөд "Хүүхдийн уншлагын шинэ чиг хандлага" сэдвээр сургалт зохион байгуулсан.
Үндэсний их баяр наадам болон Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын соёл урлагийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын үеэр төрийн хүндэтгэлийн концерт, баяр наадмын нээлт, хаалт, “Учиртай 3 толгой дуурь”, Ерөнхийлөгчийн төрийн дайллагын урлагийн тоглолт, Улаанбаатарын үдэш “Эх орноо магтан дуулъя” цэнгүүн, Хүйн долоо худаг дахь Соёлын наадам, “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт, “Дэлхийн соёлын монгол өв”, “Морин хуур” Олон улсын фестиваль зэрэг наадамчин олны сэтгэлд хүрсэн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын хүрээндзохион байгуулагдах соёл, урлагийн арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулан, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын Филармонитай хамтран хэрэгжүүллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын эхний 4 урлагийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 7дугаар сарын 15-нд Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын зочид төлөөлөгчдөд, төрийн тэргүүн, ерөнхий сайд нар, албаны хүмүүст зориулан Жаргалантын ам Чингисийн хүрээ жуулчны баазад “Нүүдэлчний бэсрэг наадам, урлагийн тоглолт”-ыг өндөр хэмжээнд зохион байгуулагдлаа.
Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох “Мэргэд гарахын орон” Төвд-Монгол нэр томъёоны толь бичиг"-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэв.
ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт манай улсаас нийт таван баримтат өв бүртгэгдсэн. Энэ нь 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол Шунхан Данжуур"; 2013 онд "Есөн эрдэнийн ганжуур"; Ази номхон далайн бүс нутгийн жагсаалтанд 2015 онд "Сахиусан дара эх" судар, 2016 онд “Мэргэд гарахын орон” бүтээл юм.
“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар"-ыг Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн /ШУА/ санаачлагаар 1924 онд Буриадын Агийн дацанд бүтээсэн байна. Тус толь бичиг нь үндэсний гүн ухааны сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны төрөл салбарын хөгжил дэвшил, дорно дахины ард түмний соёлын гайхамшигт ололтод гүнзгий нөлөө үзуүлсэн хосгүй бүтээл юм.
Олон улсын монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурлыг зохион байгууллаа.
1959 оноос хойш таван жил тутам уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа Олон улсын монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурлыг “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр Улаанбаатар хотноо 2016 оны 8 дугаар сарын 15-18-нд зохион байгууллаа.
Олон улсын хуралд 29 орны 450 гаруй эрдэмтэд оролцож, “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван чиглэлээр илтгэл хэлэлцүүлж чууллаа. Монгол судлалын чиглэлээр шинжлэх ухааны үндэстэй олон шинэлэг санал дэвшүүлсэн нь Монгол орон, монголчуудыг дотоод, гадаад ертөнцөд зөв сурталчлах чухал хөшүүрэг болсон бөгөөд Монгол Улс дэлхийн монгол судлалын төв гэдгийг дахин нотлон харуулсан ач холбогдолтой чуулган боллоо.
БНХАУ-тай шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүллээ.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд ноён Ван Гангын урилгаар 2016 оны 9 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үр дүнд хоёр орны хамтарсан “Технологийн инкубатор”, “Технологи дамжуулах төв”-ийг байгуулан ажиллуулах, хамтарсан лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад анхны “Шинжлэх ухааны парк”-ийг барьж, байгуулах тохиролцоонд хүрлээ.
Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дадлагжуулах, улмаар Монголын өндөр технологийн үндэсний компаниудыг олноор бий болгох ажилд Хятадын талтай хамтран ажиллах асуудлаар зарчмын шийдэлд хүрлээ.
Гадаадын залуу монгол судлаачдын зуны сургуулийг 2016 оны 8 дугаар сардзохион байгууллаа.
Залуу монгол судлаачдын 2016 оны зуны сургуульд Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Итали, Финлянд, Хятад, Япон, Австрали, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 32 залуу монгол судлаач ирж оролцлоо.
Энэ удаагийн зуны сургууль нь монгол судлаачдыг хөдөө орон нутагт монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд тусгай сургалт зохион байгуулсан үр өгөөжтэй боллоо.
Зуны сургуульд монголын судлаач эрдэмтдээс гадна АНУ-ын Калифорнийн Берклей Их Сургууль, Австрали улсын Австралийн үндэсний их сургууль, БНУУ-ын Будапештийн их сургууль, БНЧУ-ын Карлын их сургууль, ХБНГУ-ын Боннын их сургууль зэрэг дэлхийд нэртэй монгол судлалын төвүүдийн профессор багш нар лекц уншлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит “Докторын дараах судалгааны 2016 оны тэтгэлэг”-ийг шилдэг 10 залуу эрдэмтэнд гардууллаа.
Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох зорилгоор олгодог. Нэг эрдэмтэнд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгодог бөгөөд 2010 оноос хойш 66 шилдэг залуу судлаачид энэхүү тэтгэлгийг хүртээд байна.
Бразил Улсын Рио де Жанейро хотод зохион байгуулагдсан зуны олимпийн 31дүгээр наадамд монголын тамирчид амжилттай оролцлоо.
"Рио 2016" олимпод Монгол Улсаас жүдо бөх, чөлөөт бөх, бокс, буудлага, таеквондо, байт харваа, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, усанд сэлэлт гэсэн 9 төрөлд 43 тамирчин эрх аван оролцсон.
Жүдо бөхийн 57 кг-ийн жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль, Боксийн Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж, шагналт 5-р байрыг жүдо бөхийн төрөлд 2, чөлөөт бөхийн төрөлд 1 тамирчин тус тус эзэлж, Монгол Улс 203 орноос 67 дугаар байр эзэллээ.
Мөн “Рио 2016” Зуны XV паралимпийн наадамд жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж, байт харвааны холимог баг болох Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэллээ.Мөн хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр V байр эзэлж, Азийн рекорд амжилтыг тогтоосон.