Гоо зүйн дээд шагнал хөгжмийн зохиолчид очлоо
2016.10.24

Гоо зүйн дээд шагнал хөгжмийн зохиолчид очлоо

Хоёр жил тутамд С.Лувсанвандан сангаас зохион байгуулдаг “Гоо зүйн дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт боллоо.

Уг шагнал нь үндэсний соёл урлагийн салбарт шинэчлэл хийж, орчин үеийн гоо сайхан, технологийн ололтыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд олгодог бөгөөд манайдаа нэр хүндтэй шагналуудын нэг болж чадсан. Тус цомыг дагалдаж арван сая төгрөгийн мөнгөн шагнал олгогддог бөгөөд энэ нь тухайн шагнал хүртэж байгаа уран бүтээлчдийг санхүүгийн хувьд санаа зоволгүй уран бүтээлээ туурвихад том дэмжлэг болдог хэмээн зохион байгуулагчид үздэг байна.

Ийм хэмжээний мөнгөн шагнал дагалддаг нь одоогоор зөвхөн “Гоо зүйн дээд шагнал" аж. 2005 оноос эхэлсэн тус шагналын анхны эзнээр үндэсний уран барилгын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Шинэ төгөл”, “Бодь цамхаг’’ бүтээлээр архитекторч Ө.Ганболдод гардуулж байсан. Мөн уран барималч Б.Дэнзэн, МУГЖ Д.Сосорбарам, Төрийн соёрхолт, зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин, бүжиг дэглээч Д.Энхгэрэл нарын уран бүтээлч хүртэж байсан түүхтэй.

Энэ удаад тус шагналыг гардуулахаар бүжиг дэглээч Д.Энхгэрэл, МУГЖ Д.Сосорбарам, С.Лувсанвандан агсны хүү УИХ- ын гишүүн Л.Болд нар хүрэлцэн ирсэн байв. МУГЖ Д.Сосорбарам “Гоо зүйн дээд шагнал” нь уран бүтээлчийн онцгой содон зохиол бүтээл, шинэ санааг дэмжихээс гадна дараа дараагийн шилмэл уран бүтээл хийх урам зоригийг өгдгөөрөө онцлог бөгөөд жилээс жилд чанар чансаа, нэр хүнд нь өсөж байгаа хэмээн онцлоод тул удахгүй Оскарын хэмжээнд хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа нэмж хэлэв.

Харин энэ удаагийн шагналын эзэн, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын тухайд товчхон танилцуулвал Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн бөгөөд Соёлын коллеж, Москва хотын Соёл урлагийн их сургууль, Генни сины нэрэмжит хөгжмийн академийг сурч төгссөн аж. Харин одоо СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимд багш, Монгол Улсын Филармонид хөгжмийн зохиолчоор ажиллаж байна.

Түүний уран бүтээл бусад хөгжмийн зохиолчдыг бодвол үндэсний гэх хэв маягийг илүүтэйгээр шигтгэж өгдгөөрөө онцлоггой. “Дөрөө" модерн балет, “Ээрэн хүрээ” дуулалт жүжиг, “Би Монгол”, “Дорнын говиос Монгол эхэлдэг” “Талын хөх чоно” “Нүүдэлчдийн нутаг”, “Монгол түмний хийморь магтуу, ’Эх орны дуудлага зэрэг нутаг орон, эх нутгаа магтан дуулсан, бахдан биширсэн уран бүтээлүүдээс гадна сонгодог урлагийн цөөнгүй бүтээлүүд бий. 2010 онд Төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан “Вариаци Токката” бүтээлээрээ Москва хотод тусгай байр болон Италийн Болонья хотод зохиогддог олон улсын хөгжмийн зохиолчдын ХҮ1 уралдаанд гуравдугаар байр, Морин хуур найрал хөгжмийн I концертыг “Домог” хамтлагийн морин хуурч, Д.Шинэцог хөгжимдөн Австрийн Вена хотод зохиогдсон Ф.Шубертын нэрэмжит олон улсын уралдаанд Гранпри шагнал гээд олон улс болон улсын чанартай томоохон наадмуудаас тэргүүн байрыг олон удаа хүртэж байсан уран бүтээлч юм. Ингээд түүний баяраас хуваалцаж, сэтгэгдлийг нь сонслоо.

 -Гоо зүйн дээд Шагналын эзэн болсон танд баяр хүргэе. Та сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

Миний бие энэ эрхэм хүний нэрэмжит шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Миний морин хуурын нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр концерт болон симфони найрал хөгжим, төгөлдөр хуурын бүтээлүүдийг минь үнэлж энэ шагналыг өгсөн гэж бодож байна.

Тус шагнал ирээдүйд хийх ажилд минь том итгэл найдвар өгч, намайг дэмжсэнд баярлаж байна. Цаашид улам илүү хичээх болно.

-Таны уран бүтээлийн онцлог юу вэ ?

Монгол ардын язгуур урлаг баялаг өв сантай. Үүнийг дэлхийд түгээн дэлгэрүүлж, сурталчлан Таниулахад мэргэжлийн хөгжмийн зохиолчдын үүрэг асар өндөр юм.

Тийм учраас симфони найрал хөгжмийн үндэсний хөгжмийн зэмсгүүдтэй хослуулан тоглох, тухайн хэв шинжийг шингээж хөгжимдөх нь дэлхийд содон байж чаддаг.

Миний хэд хэд бүтээл олон улсад тоглогдож, өндрөөр үнэлэгдсэн байдаг. Энэ нь манай ардын язгуур урлагтай салшгүй холбоотой.

-Уран бүтээлч хүнд бүтээл туурвих онгод маш чухал. Харин таны онгод яаж хөглөгддөг вэ?

Сэтгэл санаа тайван байхад юм хийх хүсэл төрдөг. Өөрийгөө сонсох нь хамгийн чухал гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Өөр уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна уу?

Яг одоо “Чингисийн хүүхдүүд” гээд уран сайхны киноны хөгжим дээр ажиллаж байна. Тус кино ирэх онд АНУ-д нээлтээ хийх юм. Монголын хурдан морь унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх учраас гадныханд их сонирхолтой санагдах болов уу гэж бодож байна. Тийм учраас хөгжмийг нь сайн хийхээр зорьж байна.

Мөн ахуйн ятга, алтайн ятга хэмээх шинээр бүтээгдсэн хоёр ятганд зориулсан найрал хөгжимтэй концерт болох “286 дугаар галт тэрэг" гэдэг симфони найрал хөгжимд зориулсан зураглал дээр ажиллаж байна. Гоцлол хөгжмийг ятгачин Мөнх-Эрдэнэ тоглоно. Ийм хоёр уран бүтээл дээр ажиллаж байна.

-Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Баярлалаа

Монгол Улсын Филармонийн Урлагийн албаны дарга З.Хосбаяр

-Юуны өмнө Филармонийн уран бүтээлч “Гоо зүйн дээд шагнал”-ын эзэн боллоо. Таны сэтгэгдэл ямар байна?

Ш.Өлзийбаяр бол яалтчгүй энэ цаг үеийн шилдэг залуу хөгжмийн зохиолчдын түүчээ болж яваа уран бүтээлч юм. Бид хамт ажиллаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Манай Филармони хэдийгээр уран бүтээл үйлдвэрлэж үзэгчдэд хүргэх зорилготой ч нөгөө талаараа уран бүтээлчдээ дэмжих, байнгын ажлын байраар хангах, тэднийг сайн уран бүтээл туурвихад нь орчин нөхцлийг бүрдүүлж өгөхийг хичээж ажилладаг.

Тэр ч үүднээсээ Ш.Өлзийбаяр зохиолчтой хамтран ажилладаг. Зөвхөн Филармонийн уран бүтээлээр зогсохгүй, хамтлаг оркеструудтай хамтарч маш олон уран бүтээл туурвисан. Үүгээрээ ч энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон гэж бодож байна. Гоо зүйн дээд шагнал, гоо зүй гэдэг бол хувь хүнийг үнэлж байгаа, хийж бүтээснийг нь урамшуулж байгаа түлхүүр юм. Уран бүтээлчдэд уран бүтээж өгдөг шагнал байна гэж бодож байна. Нэр хүндтэй шагналын эзэн болсонд нь баярлаж байна.

-Удирдлагын хувьд уран бүтээлчийг дүгнэж хэлбэл бусад хөгжмийн зохиолчдоос ялгарах давуу тал нь юу вэ?

Манай Ш.Өлзийбаяр зохиолч бичлэгийн арга барил их өвөрмөц. Дээрээс нь монгол ахуйгаа маш сайн мэддэг. Тийм учраас монгол хүний сэтгэлд хүрэх ая айзмыг маш сайн мэдэрч, мөн зохиол бүтээлүүд нь үзэгчдийн сэтгэлд хүрч чаддаг. Ялангуяа морин хууртай бүтээлүүд нь хит болж чаддаг уран бүтээлч юм.

Өрнийн болон Дорнын бүх онцлог шинжүүдийг бүтээлдээ шингээхээс гадна монгол гэсэн утга агуулга цаанаа нь заавал байж байдаг. Сүүлийн үед юу тоглоод дуулаад байна гэмээр зүйл зөндөө сонсогдож байна. Харин мань эрийн хувьд Өрнийн маягтай шинж оруулсан байлаа ч Монгол ахуй соёл, ая, айзам гээд бүгдийг шингээж чаддагаараа бусдаас ялгарч чаддаг гэж итгэлтэй хэлнэ. Ингээд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.