Ж.Батсуурь: Энэ онд 70 мянган оюутанд сургалтын төлбөрийн зээл олгоно
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь
2016.10.18

Ж.Батсуурь: Энэ онд 70 мянган оюутанд сургалтын төлбөрийн зээл олгоно

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсууриас Боловсролын зээлийн сангийн нээлтэд хэлсэн үгийг хүргэж байна.

Та бид өнөөдөр “Боловсролын зээлийн сан”-гийн нээлтийн ёслолыг гүйцэтгэхээр энд хуран цуглаад байна.

Боловсролын зээлийн сан байгуулагдсанаар их, дээд сургууль, коллежийн оюутнууд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах нийгмийн нөхцөл боломж бий болж байна.

Боловсролын зээлийн сан нь сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг зохион байгуулах үүргийг гүйцэтгэнэ.

Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй,  сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх болно.

Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болох хариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмрийг оруулах болно.

Монгол Улсын Засгийн газраас оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг байнга, тасралтгүй, тогтвортой байлгахтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын удирдлага, санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд холбогдох зохицуулалтуудыг бий болгосон.

Мөн түүнчлэн Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулах шийдвэрийг гаргаж, оюутны хөгжлийн зээл олгох харилцааг зохицуулсан журмыг баталж, 2016 онд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголын хуулиар шийдвэрлээд байна.

Оюутны хөгжлийн зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх бөгөөд Боловсролын зээлийн сан 2020 оноос эхлэн улсын төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг тогтвортойгоор тасралтгүй зохион байгуулдаг болно.

Боловсролын зээлийн сан оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкаар дамжуулж олгох ажлыг энэ 10 дугаар сараас эхлэн зохион байгуулна. Энэ онд 70000 орчим оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгоно.

Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ 10 дугаар сараас эхлэн 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлнэ.

Би та бүхэнд Боловсролын зээлийн сангийн нээлтийн ёслолыг өнөөдөр зохион байгуулж байгаатай холбогдуулан их, дээд сургуулийн оюутан суралцагчдад үзүүлэх санхүүгийн шинэ дэмжлэгийн талаарх Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг сонордуулж байгаадаа нэн таатай байна.

Боловсролын зээлийн сангийн нээлтийн ёслол нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан их, дээд сургуулийн оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох, Боловсролын зээлийн санг байгуулж, оюутан суралцагчдад олгох санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, 3 ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилтуудыг ажил хэрэг болгож эхэлснийг илэрхийлж байна.

Боловсролын зээлийн сан нь дотоодын их, дээд сургуулийн оюутан суралцагчдын үндэсний тэтгэлгийг олгох, өндөр хөгжилтэй орнуудад суралцах суралцагчдын магистр, докторын сургалтын зээлийг олгох, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн баклаврын сургалтад суралцах оюутнуудын зээлийг олгох зэрэг хууль тогтоомжид заасан оюутан суралцагчдын санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Та бүхэнтэй хамтран Боловсролын зээлийн сан хэмээх боловсролын хөгжлийн байгууллагын өрхийг татаж, үүдийг сөхөж байгаадаа нэн таатай байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.