Я.Содбаатар: Бид амаргүй даалгавар, хүндхэн сорилттой тулаад байна
МАН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар
2016.10.12

Я.Содбаатар: Бид амаргүй даалгавар, хүндхэн сорилттой тулаад байна

Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан 2017 төсвийн төслийг судлах МАН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатартай ярилцлаа. 

-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Бүлгийн ажлын хэсэг хуралдсан уу. Ер нь ирэх оны төсөв хэр бодитой болсон гэж дүгнэж байгаа вэ?

2017 онд Монгол гэдэг айлын нийгэм, эдийн засгийн байдал ямар байх, бүтээн бай­гуулалтын ямар ажил хийх, эдгээрт төр засгаас ямар арга хэмжээ авах вэ зэрэг асуудлыг бүхэлд нь багтаасан баримт бичгийг Засгийн газраас өргөн барьсан.

Бүлгийн ажлын хэсэг анхны хурлаа хийчихсэн. Ху­рал­даанаараа төсөв дээр анхаарах хэд хэдэн зүйл байна гэж үзсэн. Төсвийн шинэтгэл, зарлага, орлого тал дээр юу хэрэгжүүлэх вэ гэдэг дээр санал солилцсон. Санаа зовоож байгаа гол зүйл бол ирэх онд төлөх өр.  

Бид ирэх оны тавдугаар сард Хөгжлийн банкаар дамжуулан Солонгос улсаас зээлсэн 580 сая ам.доллар, мөн оны төгсгөлд “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг бэлдсэн байх ёстой. Ингээд үзэхэд үндсэн зээл, зээлийн үйлчилгээний төлбөр, хүү болон бусад зардлууддаа зориулан 6 их наяд гаруй төгрөг төлнө.

Гэтэл 2017 оны төсвийн төсөөллийг гаргахдаа орлогоо 5.9 их наяд төгрөгөөр тооцсон байна лээ. Олсон бүх мөнгөө зээлийн төлбөрт өгсөн ч цаана нь мөнгө үлдэхээргүй болчихоод байгаа юм. Тийм учраас өр зээлийн зарим хэсгийг төсөвтөө суул­гаад, заримыг нь менежментээр зохицуулах хэрэгтэй байна.

Ер нь төсвийн томоохон шинэтгэлийн бод­логыг одооноос хийж эхлэхгүй бол болохгүй нь. Зарлагаа хэр­хэн хэмнэлтийн горимд шил­жүүлж танах юм, орлого талдаа тат­варын бааз суурийг нэмэгдүүлэх чиг­лэлд хэрхэн ажиллах вэ гэдэг асууд­лыг тойрч төсвийн хэлэлцүүлэг өрнөх байх.

-Орлого, зарлагын зөрүү их бай­сан. Төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөг гэж тооцсон шүү дээ. Энэ ал­дагд­лыг ямар эх үүсвэрээс нөхөх вэ?

2016 оны төсвийг жилийн өмнө батлахдаа алдагдалтай баталж байсан. Сонгуулиар МАН засгийн эрхийг аваад, Засгийн газраа байгуулаад, Монгол­банкны удирдлагуудыг томи­лоод төсвийн хөрөнгө оруулалтаар тө­лөгдөх бүх мөнгийг нэгдсэн нэг тоонд оруулсан. Ингэхэд Монгол Улсын төсвийн алдагдал үндсэн­дээ 20 хувь руу дөхөж гарч ирсэн. Энэ алдагдлыг тодотгол хийх үеэр 18 хувьтай байхаар баталсан.

Өмнө нь манай улс парламентаасаа гадуур маш их хэмжээний хөрөнгө мөнгө урсдаг бай­сан. Энэ байдлаас болоод төс­вийн сахилга бат гэж байхгүй, олон тө­сөв­тэй болчихсон бай­лаа. Тэгэ­хээр одоо бид бүх тоо­нуудаа нэгт­гээд гадагшаа хэр хэмжээний өр төл­бөр төлөгдөх юм, дотооддоо ямар хэм­жээний өр зээлтэй байгаа юм.

Монгол гэдэг айл амьдрахын тулд ямар хэмжээний зарлага гаргах, орлого олох юм бэ гэдгээ тооцоод үзэхэд ирэх онд төсвийн алдагдал 10 хувьд хүрчихээд байна. Төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах вэ гэдгээ маш сайн тооцох ёстой. Энэ хэвээрээ цаашид байгаад байвал алдагдал тэр хэрээрээ нэмэгдээд л байна.

Мөн аж ахуйн нэгжүүдэд очих зээл хомсдоод, зах зээл агш­сан чөтгөрийн тойрог шиг болсон нөхцөл байдлаасаа гарч чадахгүй. Тийм учраас “хөнжлийнхөө хэрээр хө­лөө жий” гэдэг шиг аль болох төсвөө алдагдал багатай, нөхцөл байдалтайгаа тааруулж батлах шаардлагатай. 

-Та төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэрийн талаар хариулсангүй? 

Төсвийн орлогоо ямар байдлаар нэмэгдүүлж болох вэ гэдгээ маш нарийн тооцох ёстой. Бодитой төлөв­лөх ёстой. Тухайлбал, орлогоо нэмэг­дүү­лэхийн тулд аж ахуйн нэгжүү­дийнхээ үйл ажиллагааг жигдлэх, биз­нес эрхлэгчдээ дэмжсэн томоохон ши­нэт­­гэлийн бодлого явуулах хэрэгтэй. Үүнийгээ дагаад татварын бааз суу­рийг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээ авч эхлээд байгаа. 

-Тухайлбал?

Данс нь хаагдчихсан, өр зээл нь хэтэрчихсэн, янз бүрийн шалтгаанаар хүчний байгууллагуудын оролцоотой хэрэг, төвөгт татан оролцуулсан аж ахуйн нэгжүүдийг хуулийн дагуу хөнгөлөлт өгөх чиглэлд тодохой ар­га хэмжээ авч байна. Аж ахуйн нэгжүүд дээр ирж байгаа төрийн хүнд сурт­лыг гурав дахин бууруулах зорилт дэв­шүүлсэн.

Нэг ёсондоо аж ахуйн нэгжүүд нь чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг, чөлөөтэй бизнесээ эрхэлдэг нөхцөлийг бүрдүүлээд ирвэл дагаад татварын бааз суурийг өргөтгөх боломжтой. Хоёрдугаарт, томоохон тө­сөл хөтөлбөрүүдийг бид олон жил ярьсан. Энэ төсөл хөтөлбөрүүдээ боди­­той хэрэгжүүлэх нь чухал. Таван­толгойн төсөл, Оюутолгойн гүний уурхай, Гачуурт болон эрчим хүчний чиглэлд хэд хэдэн том төсөл бий.

Мөн дэд бүтцийн бүтээн байгуулалтын то­моохон төсөл хөтөлбөрүүд ч бий. Эд­гээрийг хэрэгжүүлэх байдлаар гад­­нын хөрөнгө оруулалтыг татах, гадаа­дынхантай хамтарсан байдлаар бизнесийн ашиг олох хэрэгтэй. Зээл авна гэхээс илүү томоохон төсөл хө­төлбөрүүдээ хөдөлгөх байдлаар га­даадын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа сэргээх чиглэлд ажиллах нь үр өгөөжийн хувьд хамгийн сайн.

Гуравдугаарт, экспортод чиглэсэн, дэмж­­сэн тусгай бодолго хэрэгжүүлэх ёстой гэж хувь гишүүний хувьд дүг­нэж байна. Экспортолж байгаа ба­раа бүтээгдэхүүнийхээ биет хэмжээг нэ­мэгдүүлэх, нэмүү өртөг шингээлт, үнэ ханшийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Жишээлбэл, уул уурхайн гаралтай бү­тээг­дэхүүнээ нэмүү өртөг шингээж гаргах, эцсийн хэрэглэгчдэд хүргэх чиглэлд шат дараатай арга хэмжээ авах, хөнгөн үйлдвэр болон бусад үйлд­вэрийн бүтээгдэхүүн буюу арьс, шир, махны хэмжээг нэмэгдүүлэх ёс­той.

Ер нь экспортыг нэмэгдүүлэх чиг­лэлд цогц бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж байж гаднаас валют олж ирэх, түүнийг да­гаад хөрөнгө оруулалт эдийн засагтаа шингээнэ. Мөн тат­варын уян хатан бодлого хэрэгжүүлж байж гадагшаагаа бүтээгдэхүүнээ зарна.

Дөрөв­дүгээрт, олон улсын то­моохон төсөл хөтөлбөрүүдэд хам­рагдах ёстой. Тухайлбал, олон жил яриг­даж ирсэн манай нутаг дэвсгэр дээгүүр дамжих ин­тер­нэтийн шугам, авто зам, төмөр зам гэхчилэн зүйлүүдэд хамрагдаж орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарах ёстой. 

-Зарлага талдаа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

Зарлага талдаа гурван чиглэлд ажиллах шаардлагатай. Эхлээд төрийн байгууллагуудын санхүүжиж байгаа хэлбэрийг эргэж харах ёстой болов уу. Өөрөөр хэлбэл, үр дүнгээр нь санхүүжүүлэх ёстой гэсэн хэлбэрт шилжих нь зөв. Нэг ёсондоо, тухайн тооцсон ажлыг 100 хүн гүйцэтгэх үү, 100 хүний ажлыг 80 хүнээр гүй­цэт­гүүлэх үү гэдэг эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгөх ёстой юм.

Чадварлаг, цомхон орон тоотойгоор ажиллаад үр дүн л сайн гарч байвал заавал 100 ажилтантай байх гээд байх хэрэггүй ш дээ. Ийм байдлаар төрийн албан хаагчдын тоог цомхотгох, багасгах, төрийг чадварлаг цомхон болгох чиглэлд томоохон өөрчлөлт хийх ёстой.

Хөдөлмөрийн чадвартай ажиллах хүчний дийлэнх нь төр рүүгээ ороод суучихсан, яг баялаг бүтээх салбар дээр хүмүүс ажиллахгүй байна. Хоёрдугаарт, концессын гэрээгээр хийсэн, Хөгжлийн банкаар дамжуулаад эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийсэн, төсвийн тендер байдлаар хийсэн бүтээн байгуулалтын ажлаа эргэн үзэх хэрэгтэй.

Зарим дуусдаггүй барилга байгууламж байгаад л байна. Жил болгон төсвөөс хэдэн төгрөг авч л байдаг. Тийм учраас зарлага тал дээр хөрөнгө оруулалтын зардлыг харж, бодит нөхцөлтэй нь уялдуулах ёстой. Гуравдугаарт, нийгмийн хамгааллын зарим чиглэлийн үр өгөөж муутай халамжаас татгалзаж, зоригтой алхам хийх хэрэгтэй. 

-Зарлага, алдагдал, өр. Эдгээрийг шийдвэрлэх арга замыг хайгаад л байна. Энэ дунд өрийг өрөөр төлөх тухай ч яригдаж байна. Гаднаас зээл авах нь тодорхой болж байх шиг байна?

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал биднийг гарах гарцгүй бол­госон. Ирэх жил зээлийн үндсэн төлөлт, хүү, торгууль, үйлчилгээний төл­бөрт 6.6 их наяд төгрөг төлнө.

Сур­гууль, цэцэрлэг, цагдаа, хилийн цэрэг гээд бүгдийг нь татан буулгаад, тэг төгрөгийн төсөвтэй байлгаад, бүх олсон мөнгөө өрөнд өгсөн ч бид зээ­лээ бүрэн төлж чадахгүй. Тэгэхээр тэв­чиж болох зардлаа танаад, төсөвт байгуул­лагуудаа хэвийн үйл ажиллагаа явуулах хүртэл нь зарлагаа тооцоод үлдсэн мөнгөөрөө өр зээлээ төлөөд явах нь зөв.

Ингээд цаана нь төлөх өр үлдэнэ. Түүнийг менежмент хийж төлөх ёстой болно. Ингэхийн тулд хоёр арга зам бий. Нэгдүгээрт, бонд худалдаж авсан, бидэнтэй харилцаж байгаа хүмүүст учир байдлаа хэлж тө­лөлтийн хугацааг хойшлуулж болно. Хоёрдугаарт, өөр зээл авч өмнөхөө төлнө.

Дараагийн зээлийг авахдаа болж өгвөл хөнгөлөлттэй зээл авах нь ашигтай. АН зас­гийн эрх барьж байх­даа 4-11 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай зээл авсан. Чаддаг бол 1-2 хувийн хүүтэй, 20 дээш жилийн хугацаатай төлдөг улс хоорондын, олон улсын байгууллага хоорондын хөнгөлөлттэй зээлээр солих л асуудал яригдаж байгаа юм.  

-Бондын хөрөнгөөс мөнгө авсан аж ахуйн нэгж нь түүнийгээ төлөөд явах байх. Харин эндээс Засгийн газар хэр хэмжээний мөнгө өрөнд өгөхөөр байгаа юм бэ?

Монголбанкаар дамжаад гарсан өр зээлүүд буюу “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” байна. Мөн Хөгжлийн банкаар дамжин гарсан, Засгийн газ­раас баталгаа гаргаад гаднаас авчирсан өр зээлээс хэчнээн аж ахуйн нэгж аваад зориулалтын дагуу ашигласан бэ.

Эргэн төлөлт нь ямар хэмжээнд бай­гаа вэ зэргийг нягтлах ажлын хэсэг гаргаад шалгаж байна. Тийм учраас одоогоор тодорхой мэдээлэл бидэнд хомс байгаа. Төсөв хэлэлцэж байх хуга­цаанд эцэслэгдээд гараад ирэх байх. 

-“Стэнд бай” хөтөлбөрт хам­рагдахаар болсон уу. Энэ хэр зөв гарц вэ? 

Манай улс ОУВС-тай хамтарч ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Харин хэрхэн, ямар хөтөлбөрт хам­рагдах нь одоо болж байгаа уулзалтын дараа илүү тодорхой болох байх. Тийм учраас яг өнөөдөр "Стэнд Бай"-д орох зөв, буруу гэж хэлэхэд хэцүү байна.

Яагаад гэхээр, тухайн байгууллагаас бидэнд ямар болзол тавих юм. Тэр болзлыг нь бид хүлээн авч чадах уу, ямар боломж байгаа вэ зэргийг харж байж тус хөтөлбөрт орох, үгүйгээ шийднэ. 

-Томоохон төсөл хөтөл­бөрүүдээ хөдөлгөхгүй бол эдийн засаг сэр­гэх­гүй гэж та хэлсэн. ТЭЗҮ нь бэлэн бол­сон төслүүдээ хөдөлгөх юм уу, эсвэл шинэ төсөл хэрэг­жүү­лэхээр ирэх оны төсөвт тус­гасан уу. Таны нэр­лэсэн төслүүдийн ТЭЗҮ ямар төв­­шинд байгаа вэ?

ТЭЗҮ нь бэлэн болчихсон, хөрөнгө оруулагчид сонирхож байгаа төслүүд цөөхөн бий. Тавантолгойн төсөл, түү­нийг дагасан цахилгаан станц барьж байгуулах, ДЦС-3, Дорнодын цахил­гаан станцын өргөлтгөлийн асуудал болон эрчим хүчний эх үүсвэрүүд дээрээ түшиглэн томооохон ца­хил­гаан станцуудыг барьж урд хөрш рүү эрчим хүч экспортлох чиглэлд ажил­лах ёстой юм.

Уул уурхайн бү­тээг­­дэхүүний өрсөлдөх чадварыг нэмэг­дүүлэх үүднээс төмөр зам, бусад дэд бүтцийн бү­тээн байгуулалтуудыг хэ­­рэг­­­жүүлэх хэрэгтэй. Эдгээр тө­сөл хөтөл­бөрүүдийн ТЭЗҮ батлагдчихсан. Одоо шийдвэрээ гаргаад, бодит ажил болгоод явах ажил л үлдсэн.

Алт­ны салбарт мөн томоохон зорилт дэвшүүлэх ёстой. 2015 онд Монгол Улс нийтдээ 15 тонн алт олборлосон. Энэ жил хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 18 тонн алт олборлох ёстой. Ирэх жилээс алтны олборлолтыг 20 тоннд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлэх ёстой.

Энэ бол Оюутолгойн алт ороогүй тоо. Гэхдээ жижиг нөхөн сэргээлт байдлаар шороон ордыг уулын ам болгонд олборлоод байд­гийг хязгаарлах ёстой юм. Үр өгөөжийн хувьд бага, байгаль орчинд халтай зүйлээ орхиод үндсэн ордуудынхаа олборлолтыг нь эхлүүлж, дэм­жих ёстой. Харьцангуй байгальд хал багатай байдаг. 

-Одоогийн байдлаар ямар хэм­жээ­ний алт олборлочихсон байгаа вэ. Энэ жил гүйцэтгэлдээ хүрэхээр байна уу?

Эхний найман сарын байдлаар 11 тонн гаруй алт олборлоод байгаа. Оны эцэс гэхэд гүйцэтгэлдээ хүрчих байх. Хямралтай байгаа энэ үед алтны олборлолтыг нэмэгдүүлж байж эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах боломжтой. 

-Томоохон төсөл хөтөл­бөрүүд гэс­нээс сүүлийн үед Тавантолгой-Гашуун­сухайт чиглэлийн төмөр за­мын асуу­дал багагүй маргаан да­гуулж байна. Энэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх жил хийгдэх болов уу. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөөд байгаа ч манайх нүүрсээ урд хөшид хэтэрхий хямд нийлүүлж байна гэж шүүмжлээд байна?

Эдийн засаг хямралтай байгаа үед уул уурхайн салбарт төрийн онцгой анхаарал хэрэг­тэй. Нүүрсний зах зээл сэргэх хандлагатай байна. Энэ үед бид нүүрсээ нэг цонхны бод­логоор угаагаад гаргах ёстой юм уу, түүхийгээр нь гаргана гэвэл биет хэмжээ нь хэд байх юм гэдгээ тодорхойлох ёстой.

Тэгээд иргэдэд бас зөв мэдээлэл өгмөөр байгаа юм. Ер нь цогц бодлого хэрэгжүүлж байж нүүрс­нээс олох орлогоо нэмэгдүүлнэ. Манай нүүрс эцсийн хэрэглэгчдэд очихдоо олон улсын ханштай ойрхон л байгаа ш дээ.

Уурхайн аман дээрээ гаргаж ирээд, ямар ч татваргүй, ямар ч тээврийн зардалгүй өгч байгаа бо­лохоор хямдхан байгаа юм. Харин бид­ний харьцуулаад байгаа өндөр үнэ­тэй Австралийн нүүрс гэвэл бүх татвараа төлөөд, олон км-ийн тээврийн зардлаа төлөөд эцсийн хэрэглэгчдэд хүрч байгаа.

Түүнээс Австралийн уур­хайн аман дээрх нүүрсний үнэ, манай уурхайн аман дээр байгаатай ойролцоо л үнэтэй. Гэхдээ нүүрсний зах зээл сэргэх хандлагатай байгаа уч­раас дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятадад хамгийн өртөг багатайгаар олборлолтоо явуулаад эцсийн хэрэг­лэгч­дэд хүргэх боломжоо судалж, шийдвэрлэх ёстой.  

-Ер нь ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг ямар хэмжээнд тооцсон бэ. Төсвийн тодотголыг хэ­лэлцэх үед хөрөнгө оруулалтын зар­дал их хэмжээгээр нэмэгд­сэн тухай олон хүн ярьж байсан?

Шинэ барилга, байгууламж барих ажлыг эхлүүлэхгүй гэж Засгийн газар үзсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын Зас­гийн газар концессийн зэрэг аливаа гэрээгээр үүрэг хүлээчихсэн төсөл хөтөл­бөрүүдийн гүйцэтгэлийг хан­гана. Гуравдугаарт, төс­вийн хөрөнгө оруулалтаар эхлээд орхичихсон ба­рилга, бай­гуу­ламжаа дуусгая гэсэн зүйлийг ярьж байна. 

-Ирэх оны эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүр­гэ­хээр тооц­­сон. Энэ тооцоо­лол­доо хүргэж чадах болов уу?

17.5 хувьд хүрсэн байсан эдийн засгийн өсөлтийг дөрвөн жилийн өмнө АН-д хүлээл­гэн өгсөн. Харин 2016 онд бидэнд 1.4 хувьтай болгоод өгчихлөө ш дээ. Одоо эргээд өсгөе л гэж байгаа юм. Эдийн засгийн тасралтгүй уналтыг зогсоогоод өсөлт гаргаж эхэлье гэж байгаа юм. Амаргүй даалгавар, амар­гүй зорилт.

Хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй хийх ёстой зүйл бол эдийн засгийн идэвхжилийг дэмжих, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлд цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн нэр зааж орж ирж байгаа томоохон төсөл хөтөл­бөрүүдийг ямар нэгэн улс­төржсөн тал­­цалгүйгээр эдийн засгийн эр­гэлтэд оруулах, хөдөлгөх хэрэгтэй. Тэгж байж гурван хувийн өсөлт гэсэн зорилт хангагдана.  

-Нөгөөтэйгүүр төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд оруулсан байсан. Төрийн өмчит компаниудыг хувьчлаад хэ­дийн хэмжээний орлого олох юм бэ?

Тодорхой нэр заасан төрийн өмчит компаниудын хувьчлалаар 111.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ жилийн гүйцэтгэлээр төрийн өмчит компаниудыг хувьчилснаар 170 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөв­лөсөн байсан. Харамсалтай нь энэ мөнгө ороогүй.

АН-ын үед төрийн захир­гааны байгууллагуудын орон тоог багасгах нэрээр урд нь агентлаг бай­сан газрыг төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болгоод одоог хүртэл ажилчдынх нь цалинг төсвөөс өгөөд явж байгаа ш дээ. Ийм байдлыг бид цэгцлэх ёстой. Төр өөрийнхөө ачаанаас хөнгөлөх хэрэгтэй. Аливаа нэг салбар жаахан ашигтай ажиллаад ирэхээр л төрийн нэг компани байгуулаад, улстөрчид түүгээр нь дамжаад ашиг хүртэж байдаг.

Ингэж явсаар байгаад Монгол Улсад даатгалын салбарын төрийн компани, тоног төхөөрөмж түрээсэлдэг хүртэл төрийн компанитай болчихож. Төрийн байгууллагад үсчин хүртэл ажиллаж байх жишээтэй. Энэ бүгдийг эргэн харах ёстой.  

-Хувьчлалыг ямар хэлбэрээр явуулбал зөв бэ?

Хувьчлалыг явуулах гол хэлбэр нь биржээр дамжуулах. Тодорхой хувийг нь, эсвэл бүгдийг нь ил тод, нээлттэй, биржээр дамжуулаад явах нь зөв. Тэгж байж хөрөнгийн бирж буюу хоёр дахь зах зээлээ босгож ирэх ёстой. 

-Та түрүүн төрийн албан хаагчдын тоог цөөлөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгвэл дэд сайд нарыг яах вэ. Танай нам дэд сайдгүй ажиллах ёстой гэж ярьдаг байсан ш дээ?

Дэд сайдыг байхгүй болгосноор хэдэн төгрөг танах вэ. Түрүүнд хэлсэн зүйл бол энэ. Үр дүнгээр нь санхүүжүүлдэг болъё гэж. Дэд сайдтай байх, байхгүй нь хамаагүй. Тухайн салбарт үр дүн гарч л байвал таван дэд сайдтай байсан ч яадаг юм.

Харин үр дүн гарахгүй бол тэр яам гэж байгаад хэрэг байна уу. Тэгэхээр өдөр тутам хөгжиж байгаа орны хувьд гадаад, дотоод харилцаа гээд тухайн салбар хариуцсан дэд сайдын үүрэг хэрэгтэй байгаа. Дэд сайдыг байхгүй болговол хэдий хэмжээний хөрөнгө танаж чадах вэ гэдгээ бас тооцох хэрэгтэй.

Үүнээс илүү бодлогын чанартай зүйлүүд дээр анхаарал хандуулах ёстой юм. Дэд сайдгүй байлаа гэхэд тухайн яаманд тодорхой хүндрэлүүд гардаг. Сайд эзгүйд хэн орлох вэ. Гадаад, дотоодод заавал явах уулзалт зөвлөгөөнүүд ч байдаг. 

-Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой гэж бүх шатны хэлэл­цүүлэгт ярьж байна. Гэхдээ яг яаж вэ гэдэг дээр тодорхой хариулт алга байх шиг?

Хямралыг давах хөтөл­бөрийг төсөв хэлэлцэж байх явцад УИХ-д оруулж ирнэ. Тус  хөтөлбөрт  бизнес эрх­лэгчдээ хэрхэн дэмжих, тогт­вор­той үйл ажиллагаа явуулахад нь ямар дэмжлэг үзүүлэх зэрэг асуудал тодорхой болоод явах юм.

Ер нь аж ахуйн нэгжүүдээ бид төсөв, мөнгөний бодлогоороо дэм­жих ёстой гэж харж байна. Аж ахуйн нэгжүүдэд очиж байгаа зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг буу­руулах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Энэ бүгдийг шийдэхэд бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болоод л явчихна. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийж байгаа зарим аж ахуйн нэгжид зээлийн баталгаа гаргаж өгч ч болно. Татварын шинэтгэлийг мөн хамт хийх хэрэгтэй.