Зөв жишиг
2016.10.10

Зөв жишиг

“Улс орныг ялсан намынх нь дарга ганц лидер нь авч явдаг юм шүү дээ. Та нар дэлхийн бүх туршлагыг хараарай. Тэр нам гарч ирээд улс орныг аваад явчихлаа гэхээс илүү тэр лидер л гэдэг. Дэлхийн бусад оронд ийм л жишиг байдаг. Сингапур хамгийн тод жишээ нь байна. Солонгос байна.

Дээр нь Герман, Итали, Англи, АНУ-ыг харахад үнэхээр лидер нь гарч ирээд л аваад явж байна шүү дээ” хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа Л.Гүндалай ярьсан байна билээ.  Яг үнэн. Өнөөдөр манай улс эх орноо өөд нь татаад, хариуцлагаа үүрээд, зөв бодлого боловсруулаад аваад явчих лидергүй болчихоод байна.

Сая сонгуулийн дараа МАН үнэмлэхүй ялалт байгуулахад хүмүүс намын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд болно гэж харж байсан. Мөн Хууль зүйн, Сангийн, Хөдөлмөрийн сайдуудыг тооцоолж, харж байлаа. Гэтэл юу болов, санаанд оромгүй томилгоо яваад л дууссан.  Намын дарга нь өөрөө УИХ-ын дарга болоод суучихлаа. Өнөөх МАН-ын лидерүүд яагаад хойшоо суучихав. Эрх мэдэл, эд хөрөнгө нь залуучуудынхаасаа давахаа больчихно гэж баймааргүй л юм.

Харин өнөөдөр Засгийн газар 100 хоногтойгоо золгох гэж байхад хийсэн бүтээсэн ажил алга.  Бүхий л зүйлийг самарч, орвонгоор нь эргүүлж, хасаж, танаж, нэрийг нь өөрчилж, төрийн алба төрөл садангаараа л дүүргэлээ. Өнөөх улс төрд байх ёстой зөв жишиг хаачив.  МАН-ын ард түмэнд хамгийн их таалагдсан амлалт нь “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэх үг. 

Харамсалтай нь энэ амлалт яаж замхарсныг дээр дурьдсан жишээнээс та ойлгож байгаа байх. Зүгээр нэг уяачийг салбарын сайдаар томиллоо. Сангийн болоод  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудалд суучихаад байгаа хүмүүсийн талаар ч ярьж, бичвэл их зүйл бий.

Ийм л Засгийн газар бүрэлдэж, ард түмний итгэлийн өөдөөс “ус цацсан”. МАН одоо залуучуудаа өмнөө барьсан, албан тушаалын наймаа хийсэн, ахмадууд, лидер гэж болохоор улстөрчид нь хий улстөржсөн байдалтай л байна. Тиймээс одооноос улс төрд зөв жишиг тогтоож, өөрчлөх цаг болж.

Тухайлбал,  ирэх 2020 оны сонгуулийн өмнө ялсан нам, эсвэл хэнийг Ерөнхий сайдаар ажиллуулахаа шууд зарлаж байя. Үүнийг нэг их хуульчлаад байх шаардлага байхгүй. АН ялбал тэр хүнийг бид Ерөнхий сайдаар ажиллуулна гээд л гүйцээ. Ингээд ирвэл бусад нам ч гэсэн тэгж өрсөлдөнө. Яг үнэндээ улс орныг өөд нь татаж, зөв бодлого гаргаж чадах лидерээрээ л өрсөлдөнө гэсэн үг шүү дээ.

Хэрвээ сая сонгуулиар МАН-ынхан “Хэрвээ манай нам ялбал Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэнг ажиллуулна” гэж мэдэгдсэн бол яах байсан бол.

Баянголын Ардчилсан намынхан зөв жишиг тогтоолоо

Яг энэ өдрүүдэд орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Улаанбаатар хотын гудамж талбай бүхэнд нэр дэвшигчдийн зурагтай самбар харагдаж байгаа. Тэр дундаас хамгийн сонирхол татсан нэг сурталчилгааны самбар байгаа нь Баянгол дүүргийн АН-аас хийж буй реклам.

Тодруулбал, хэрвээ Баянгол дүүрэгт АН-ынхан ялалт байгуулж чадвал УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар ажиллуулахаар шийдвэрлэсэн юм байна. Одоо өнөө нэхээд байгаа зөв жишиг чинь энэ шүү дээ. Шууд л Баянгол дүүрэгт АН  лидерээрээ өрсөлдөх гэж байгаа хэрэг. С.Одонтуяа бол 2008 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Баянгол дүүргийн төлөө ажиллаж ирсэн хүн.  Энэ дүүргээс 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан.

Гишүүн байх хугацаандаа шинэ хүн шиг суралцах гэж ажиллаагүй. Бусад эмэгтэй гишүүдтэй хамтарч, олон ач холбогдолтой хууль санаачилж, батлуулж байсан. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан гээд зах зухаас нь дурьдахад ямархуу энтэй улстөрч болох нь харагдана. УИХ-ын гишүүн байх хугацаандаа Баянгол дүүрэгт хийж, хэрэгжүүлсэн ажил ч их.

Ийм чадвартай улстөрчийг Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллуулна гээд зарлачихаар бусад нам, эвсэл ч бас лидерээрээ өрсөлдөх шаардлагатай болж байгаа юм. 2012-2016 онд Баянгол дүүргийн Засаг даргаар Д.Оросоо ажиллаж байсан. Бас л АН-ынх. Дөрвөн жил Засаг даргаар ажиллахдаа УИХ-ын гишүүдтэйгээ нягт хамтарч, дүүрэгтээ чамгүй ажил хийж, хэрэгжүүлж чадсан хүн. Дүүрэгтээ бол лидер шүү дээ.

Гэтэл одоо түүнээс илүү чадвартай, лидерийг хэрвээ АН ялбал Баянголын Засаг даргаар ажиллуулна гээд мэдэгдчихээр сөрөг хүчнүүдийн эсрэг хийж буй том цохилт мөн биз. Хамгийн хүчтэй өрсөлдөгч болох МАН одоо яах вэ. Иргэд АН ялбал С.Одонтуяа Засаг дарга болгох юм байна. МАН ялбал хэн болох юм бол гэж харна шүү дээ. Харьцуулна, шинжинэ. Зөв жишиг ингэж л тогтдог юм байна. Түүнийг Баянголын АН эхлүүлж чадлаа.

Хөдөө зарим сумдад ч гэсэн энэ жишгийг ашиглаж эхэлсэн байна билээ. Өнгөрсөн дөрвөн жилд маш сайн ажилласан Засаг даргаа дахиулахыг хүсвэл энэ намын дэвшигчдийг сонгоорой гэж ухуулаад л явж байна. Одоо энэ жишгийг УИХ-ын сонгуульд нэвтрүүлье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл сонгуулийн өмнө хэнийг Ерөнхий сайдаар ажиллуулахаа зарладаг байвал сайн хэмээн хэлж л байсан. Бид зүгээр л намын нэр харж сонголтоо хийж ханалаа. Сая сонгуулиар ч тэгж л сонгосон, ард түмэн.

Одоо УИХ-д дүүрэн “бор халзан хонинууд” суугаад, “майлалдаж”  байна. Юу хийж, ямар бодлого хэрэгжүүлэхээ ч мэдэхгүй байна гэхэд хилсдэхгүй Харин лидер харж сонгосон бол өдийд бид цалин мөнгө, тэтгэвэр, шаардлагатай урамшуулал, тэтгэмжүүдийг  хүрсэн төвшнөөс нь буулгалаа гэж бухимдаад сууж байхгүй л байсан болов уу.