Сонгуулиар ажиллах ажилтнуудын урамшуулал, хоолны зардалд 4,2 тэрбум төгрөг зарцуулна
2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болох Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардлын төсөв 13,9 тэрбум төгрөг байхаар тогтоолын төсөл боловсруулснаа Сонгуулийн Ерөнхий Хорооноос Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн билээ.
Уул нь 2016 оны төсөвт уг сонгуульд 6,6 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 7,3 тэрбум төгрөг дутаж байгаа учраас 1,5 тэрбум төгрөгийг УИХ-ын сонгуулийн хэмнэгдсэн зардлаас үлдсэн 5,8 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдэж өгөхийг тус хорооноос хүссэн. Тогтоолын төсөлд 13 тэрбум төгрөгийг чухам юу юунд зарцуулахаа хавсралтаар харуулжээ.
Эдгээр зардлаас харахад сонгуулийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын тухайн сонгуулийн байгууллагад ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал ихээхэн жин дарж байгаа буюу 4,2 тэрбум төгрөг зарцуулах бол саналын хуудас хэвлүүлэх, хамгаалах, хүргүүлэх зардалд 3,3 тэрбум төгрөг тооцоолжээ.
Санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, програм хангамж худалдан авах зэрэг техниктэй холбоотой асуудалд 2,1 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа нь сонирхол татаж байна. Энэхүү сонгуулийн зардалтай холбоотой асуудлыг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж байна.