Н.Тэгшбаяр мэргэжилтнүүдийг ажлаас халахгүй байхыг хүслээ
Геологийн Төв Лабораторийн захирал Н.Тэгшбаяр
2016.10.10

Н.Тэгшбаяр мэргэжилтнүүдийг ажлаас халахгүй байхыг хүслээ

Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр жил гаруйн өмнө Геологийн төв лабораторын захирлаар очиж байв.

Тэрээр өчигдөр ажлаа өглөө. Монгол Улсын Геологийн Төв Лаборатори эдийн засгийн хямралд орчихсон, үйл ажиллагаа нь доголдчихсон үед Н.Тэгшбаяр захирлаар нь очиж байжээ. Гурван сараар цалингаа аваагүй, нийгмийн даатгалд өртэй, санхүүгийн дансаа хаалгачихсан.

Аргаа барахдаа мэргэжилтнүүдээ цалингүй чөлөө олгон явуулах дээрээ тулсан төрийн өмчит Геологийн Төв Лабораторийн захирал Н.Тэгшбаяр өөд татан чармайн ажилласан байна. Тухайлбал 170 гаруй ажилтнуудын цалингийн хоцрогдлыг арилгасан, аж ахуйн тооцоот төрийн өмчит компанийн орлогыг нэмэгдүүлж чадсан юм билээ. Геологийн Төв лабораторийн шинжилгээний хариу олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн.

Инженер, техникийн ажилтнуудаа өндөр хөгжилтэй улсын сургалтанд хамруулсан, гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлсэн гээд амжилт, ахиц гаргасан байна. Намын гишүүнчлэл, нийгмийн тогтолцооны хүрээнд Геологийн Төв Лабораторийн захирал Н.Тэгшбаяр Төрийн өмчийн хорооноос томилогдон ирж буй хүнд ажлаа хүлээлгэн өгөхдөө: -“Би аав ээжээс унасан, албан тушаалаас төрөөгүй. Төр ир гэсэн цагт ирсэн, одоо явах цаг нь болсон байна.

Ажиллах хугацаанд маань намайг дэмжиж ажилласан Монгол Улсын Геологийн Төв Лабораторийн хамт олондоо баярлалаа. Шинэ даргад нь ажлын амжилт хүсье.

Лаборатори бол улстөр биш, мэргэжлийн байгууллага гэдгийг ямагт санаж, инженер техникийн ажилчдыг ажиллах нөхцлөөр хангаж, халаа сэлгээ хийхгүй байхыг хүсье. Энэ эрч хүчийг алдуулалгүй ажиллах тал дээр анхаарч ажиллаарай хэмээн хэлэх байна. Цаашид миний зүгээс тусалж дэмжих шаардлагатай бол би бэлэн байна” гэлээ.