Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэн нь хамгийн оновчтой санал хэлэв?
2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байсан ч хуулийн төсөлд эргэн харах шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг хэлж байлаа. Гишүүд олон талт байр суурь илэрхийлж байсан болохоор тэдний зарим нь яг ямар санал дэвшүүлж байсныг уншигч танд хүргэж байна.
Хэлэлцүүлгийн эцэст санал хураахад санал хураалтад 52 гишүүн оролцсоны 39 нь дэмжиж 75 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороонд асуудлыг шилжүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: Бүх жижиг бизнесийг татваргүй болго
"Хэрэв үнэхээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихээр шийдсэн бол шууд л бүгдийг нь татвараас чөлөөл л дөө. Жижиг бизнес эрхлэгчдийг татваргүй болгочихъё л доо."
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засгийн газар иж бүрэн тооцоо, судалгаатай төсөл оруулж ир, түүнийг хамгаал
"Үйлдвэрлэлээ дэмжиж байгаа энэ бодлогыг дэмжмээр юм шиг мөртлөө Засгийн газар бүх боломжит хувилбараар хуулийн төслийг боловсруулалгүй, зай үлдээчихсэн юм шиг. Бүтээгч хэсгээ дэмжсэнээр л үр дүн нь гардаг болохоос биш 1 хувийн татварыг хязгааргүй ногдуулж болох юм шигээр Засгийн газрын гишүүн, ажлын хэсэг тайлбарлаж байна. Засгийн газар иж бүрэн тооцоо судалгаанд үндэслэж хуулийн төсөл оруулж ирсэн гэдэгт эргэлзэж байна. Хэрэв тооцоо судалгаатай оруулж ирсэн бол түүнийгээ баталгаажуулж, хамгаал."
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Хуулийн хүрээг өргөжүүлэх судалгаа хий
"Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Хэлэлцэх явцдаа хамрах хүрээг өргөтгөж, холбогдох байгууллагууд тооцоо судалгаа хийх нь зүйтэй болов уу. Ер нь татварын хөнгөлөлт эдлүүлснээр далд эдийн засгийг илрүүлэх нэг гарц гэж харж байна. Далд эдийн засгийг ил болж, бүртгэлийн системд оруулах замаар цааш, цаашдаа ААН-үүдээ дэмжих бодлого барих нь зүйтэй."
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: ААН-үүдийг битгий ялгаварла
"Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг эрхэлж буй бизнесийнх нь чиглэл, төрлөөр ялгаварлан, татвар ногдуулж байхаар шууд ААНОАТ-ын хувь хэмжээг 0 хувь болгочихвол яасан юм бэ?"
УИХ-ын гишүүн Н.Учрал: Газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэлийг хас
"Хуулийн төсөлд 4 салбар онцолж байгаагаас газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэлийг хасах ёстой гэж үзэж байна. Ашигтай загвар, шинэ бүтээл гаргаж буй гар утасны апплейкшн бусад эрэлт хэрэгцээтэй програм үйлдвэрлэдэг оюуны бүтээл эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй. Инноваци, техник технологийн дэвшлийг нэвтрүүлж буй залуучуудаа дэмжихгүй юм бол бид цаашид уламжлалт хэдэн салбараасаа өөр ахисан зүйлгүй улс болох нь ээ."
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Худалдаа, үйлчилгээний салбарыг хамруул
"Импортыг орлох бизнест хөнгөлөлт үзүүлж байна гэж Засгийн газар тайлбарлаж байна. Гэтэл импортыг орлох бүх салбарыг хамруулж чадаагүй байна. Худалдаа, үйлчилгээний салбар энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй болж байна. Хямралын нөхцөлд ажлын байрыг хадгалж байх нь төрийн том бодлого байх ёстой. Хуулийн төслийн зорилгыг зөв ойлгуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж, хуулийн хамрах хүрээг өргөжүүл."