Ц.Амарсанаа: Төрийн жинхэнэ албан хаагч уу эсвэл өөр хүнийг ажлаас халаад байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй
Хуульч Ц.Амарсанаа
2016.10.04

Ц.Амарсанаа: Төрийн жинхэнэ албан хаагч уу эсвэл өөр хүнийг ажлаас халаад байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй

Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал хүчтэй яригдаж буй энэ үед хуульч Ц.Амарсанаатай энэ сэдвээр ярилцлаа.

-Монгол Улс Төрийн албаны тухай хуультай. Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгана гэсэн зорилтыг дэвшүүлдэг. Гэтэл дээр дурдсан хуулийг зөрчиж, төрийн албаны тухай баримталдаг зарчмаасаа 4 жилд нэг удаа ухраад байх шиг. Та энэ байдлыг хуульч хүний хувьд хэрхэн үзэж байна?

Төрийн албаны тухай хуульд меррит буюу мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хуульчилсан байдаг. Сонгуулийн үр дүнгээс үл хамаарч төрийн жинхэнэ албан хаагч бол ажил үүргээ гүйцэтгэж байхыг хуульд тусгаж өгсөн. Тиймээс энэ хуульд асуудал байхгүй. Гагцхүү хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй тодорхой албан тушаалтнуудад асуудал байна.

Төрийн албаны тухай хуулийг удирдлага болгон, төрийн албан хаагчийг шалтгаангүй халсаныг шүүхээр тогтоосон ч ажилд нь эргүүлэн томилдоггүй тохиолдол гардаг. Нөгөө талаар төрийн албан хаагчид ажлаасаа халагдлаа гэхэд шүүхэд хандахгүй орхих тохиолдол ч цөөнгүй. Тиймээс Төрийн албаны тухай хуулиа мөрдөн, шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэх хэрэгтэй.   

-МАН 16 жилийн дараа үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудалтай боллоо. Тиймээс төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалд өөрийн хүнээ томилж байна гэсэн шүүмжлэл нийгэм даяараа байна. Нэг нам дангаараа улс орны байдлыг хаашаа ч эргүүлж болох энэ нөхцөлд төрийн албаны тогтвортой байдлыг яриад хэрэг байна уу?

Төрийн албыг төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба гэж ангилдаг. Тэр дундаа төрийн жинхэнэ алба гэдэгт төрийн захиргаа, төрийн тусгай албыг хамруулдаг. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд тогтвортой байх зарчим яригдана уу гэхээс биш улстөрийн ажилтан, бусад төрийн үйлчилгээний албыг хамруулдаггүй. Тиймээс энэ ялгааг сайн мэдэж байх хэрэгтэй.

Мөн зөвхөн Монгол ардын нам гэлтгүй аливаа улс төрийн хүчин төрийн жинхэнэ албан хаагчийг шалтгаангүйгээр ажлаас халж болохгүй. Энэ оны хувьд буцаан ажилд нь томилуулах шүүхийн шийдвэр цөөнгүй гарсан. Гол нь тухайн хүн төрийн жинхэнэ албан хаагч мөн үү, үйлчилгээний эсвэл улстөрийн албан тушаалтан уу гэдгийг ялгах, зааглах хэрэгтэй гэж дахин хэлмээр байна.  

-“Төрийн албыг төрлийн алба” болгохын гол уршиг, үүсэх эрсдлийг та юу гэж тайлбарлах вэ?

Төрийн албанд мэдлэг, ур чадвартай хүмүүс ажиллах ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд хүний эрх, хууль хууль ёсны ашиг сонирхол нь албан үүргээс нь болж хязгаарлагдах тал бий.

Тиймээс энэ мэтчилэн нэр төртэй, хариуцлага албанд садан төрөл, танил талаа томилж, ажиллуулж байгаа бол маш буруу. Энэ нь төр гэдэг хэвшмэл ойлголтыг эвдээд зогсохгүй иргэдийн төрд итгэх итгэлийг үгүй хийх маш сөрөг  үр дагавартай.  

-Цаашид төрийн албыг тогтвортой, залгамж чанартай байлгах үүднээс хууль эрх зүйн хүрээнд ямар шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлага тулгарч байна?

Одоо байгаа Төрийн албаны тухай хуулиа л ягштал баримтлах хэрэгтэй. Хуулийг шинэчлэх, өөрчлөх гэхээсээ илүү хэрэгжүүлэх нь чухал.

Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагч болох хүсэлтэй хүмүүст тодорхой шалгуур тавьж, шалгаруулалт явуулдаг шүү дээ. Түүнийг ил тод, нээлттэй, үнэнч шударга явуулж, төрийн ажил хийж чадах тэр л хүнийг авах үүрэгтэй. Энэ үүргээ Төрийн албаны зөвлөл ухамсарлах ёстой.

Төрийн алба тогтвортой байна гэдэг нь нэг хүн бүхий л насаараа төрд ажиллана гэсэн үг биш төрийн бодлогыг тогтвортой авч явах тэр л хүмүүсийг томилж, сайн ажиллаж байна гэж үзвэл тушаал дэвшүүлэх, мэргэшүүлэх, шаардлагатай тохиолдолд ажлаас чөлөөлөх, өөр албан тушаалд шилжүүлэхийг хэлж байгаа гэж ойлгодог.

-10 дугаар сарын 19-нд болох Сүм, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Сонгуулийн үр дүн ямар байх бол?  

Залуу хүн гэхлээрээ муу байна гэсэн үг биш. Магад идэвхтэй, эрч хүчтэй байна байх. Сонгуулийн үр дүнг таамаглахад бол хэцүү. Зарим хүн МАН УИХ-д ялалт байгуулсан учраас энэ удаад ч гэсэн ялах байх гэж таамаглаж байна.

Намын гишүүд тайлбарлахдаа ч бүх шатанд нэг намаа сонгосноор ажил илүү урагшилна гэж байна. Миний хувьд тухайн дүүрэг, сумандаа амьдардаг, иргэдийнхээ амьдралыг ойлгодог, сум, дүүргээ хөгжүүлэх, аливаа хуулийг хэрэгжүүлж чадах хүмүүс сонгогдоосой гэж хүсэж байна.

Ярилцсан Б.Баярцэнгэл