Д.Баттулга: Хэрэгжиж байгаа сайн хөтөлбөрийг тэр чигээр нь л явуулах ёстой
НИТХ төлөөлөлгч Д.Баттулга
2016.09.30

Д.Баттулга: Хэрэгжиж байгаа сайн хөтөлбөрийг тэр чигээр нь л явуулах ёстой

(Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч)

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Гэхдээ АН- ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзлээ. Яг ямар шалтгаануудаар дэмжихгүй байгаа юм бэ?

Ард түмэн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг сонгуулиар баталчихсан. Юу гэвэл, нийслэлийн МАН-ынхан 2016 оны зургадугаар сард "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцож, сонгогдсон.

Энэ бол иргэд түүнийгээ л хэрэгжүүл гэж байгаа хэрэг. Гэтэл мөрийн хөтөлбөрөөс нь 25 зүйл заалт дутуу эсвэл гуйвуулсан, огт дурдаагүй байдлаар орж ирлээ.

Тиймээс буцаагаад, дахиад оруулж ирээ л гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, аливаа мөрийн хөтөлбөр хэрэгжихдээ өөрийн гэсэн хэмжих нэгжтэй байх ёстой.

Жишээ нь, нэг хүнд ногдох ногоон байгууламж өнөөдөр ийм байна. Бид тэдэн жилийн дараа тийм болгоно гээд тодорхой байх ёстой. Ингэж байж мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг дүгнэж чадна.

-АН-ын хэрэгжүүлж байсан "Сайн" нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосон. Зарим хөтөлбөрийн нэрийг нь өөрчлөөд МАН-ын мэтээр оруулж ирсэн гэх мэдээлэл бас бий.

Нэр өөрчилж, өөрийн болгох хэрэггүй, тийм ч шаардлага байхгүй шүү дээ, Хэрэгжиж байгаа сайн хөтөлбөрйиг тэр чигээр нь л явуулах ёстой.

Жишээ нь, бичил бизнесийн зээлийн нэрийг өөрчлөөд "Итгэлийн зээл" нэрээр үргэлжлүүлэх гэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг "Гэр хорооллын зөв шийдэлтэй дахин төлөвлөлт" гэсэн нэрээр үргэлжлүүлэх гэж байна.

Нэр өөрчилснөөр ажил явна гэдэг утгаар биш хийсэн ажлынх нь аль нь зөв байсан бэ, алийг нь өөрчлөх ёстой вэ, гэдгийг л ард түмэн харна.