МоАХ “Эргэн дурсахуй” үзэсгэлэн боллоо
2016.09.30

МоАХ “Эргэн дурсахуй” үзэсгэлэн боллоо

Монголын Ардчилсан холбооноос /МоАХ/ санаачилсан “Эргэн санахуй” үзэсгэлэн Ардчиллын ордонд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд архивын ховор гэрэл зургаас 50 орчим багтсан бөгөөд үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх аж.  

МоАХ-ын түүхийг эргэн сөхвөл, 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдаж ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд, залуучуудын соёлын төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг.

1990 оны хоёрдугаар сарын 18–нд МоАХ-ны анхдугаар Их Хурал МҮЭСТО-нд хуралдаж, хот хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад, дотоодын 200 гаруй зочин төлөөлөгч оролцож байжээ. Уг хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35, тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэй сонгож, Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгосон байна.

Энэ хурлаар, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан бөгөөд энэхүү шаардлагын нөлөөгөөр 1990 оны гуравдугаар сарын 29-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүн огцорч байжээ.

Улмаар 1960 онд баталсан Үндсэн хуулийн оршил хэсгээс БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн гэсэн заалтыг хасаж, олон намын тогтолцоог хуульчилсан явдал МоАХ тэргүүтэй ардчилсан хүчний хамгийн том ялалт болсон юм. Улмаар 1990 оны зургаадугаар сард олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль болж байжээ.