С.Эрдэнэ: АН-ын ҮЗХ-ны хуралдаан дахин хойшилсон
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Зочны цаг” хөтөлбөрт оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хоёулаа ярилцлагаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас эхлэх нь зүйтэй болов уу. Яагаад ҮЗХ-ны хуралдаан дахиад хойшлов оо?
Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанд яагаад ингээд ач холбогдол өгөөд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингэж онцлоод байгаад би нэг талдаа гайхаж байна. Өнөөдөр Ардчилсан намын нийгэм, эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөө харьцангуй бага.
Учир нь, бид илт ялагдаж, МАН хэт олонх болчихсон. Ардчилсан намын оролцоотой, оролцоогүй тэд дангаараа бүх шийдвэрээ гаргаад явах боломжтой. Бидэнд ямар нэгэн хориг тавих боломж байхгүй. Үг хэлнэ, эсэргүүцлээ илэрхийлнэ, шүүмжилнэ. Өөр боломж байхгүй шүү дээ.
-Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр ҮЗХ-ны хуралдаан болох байсан ч мөн л хойшлуулсан шүү дээ?
Наймдугаар сарын 25-нд Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг хуралдуулахаар тов зарласан байсан. Яг тэр үед УИХ-ын ээлжит хуралдааныг зарласан.
Бид тухайн үед төрөө хүндэтгэж, улс орны эрх ашгийг нэгт тавьсан. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд маш чухал байсан учраас ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулсан.