Ж.Мөнхбат: АН сахилга батыг шалан дээр унагажээ
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ипотекийн зээлийг судлах ажлын хэсэг багагүй хугацаанд ажиллалаа. Судалгаа одоогоор ямар шатандаа явж байна? Найман хувийн зээлийг зогсоох нь гэдэг яриа их явж байгаа учраас асууж байна л даа?
Ипотекийн зээлийн асуудлыг Засгийн газар тодорхой хэмжээнд судалсан. БХБЯ-наас ч ажлын хэсэг гаргаад явж байна. Монголбанкны зүгээс сонгуулийн өмнө сүр дуулиантайгаар зарласан таван хувийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг хэлсэн.
Өөрөөр хэлбэл, энэ зээл анхнаасаа буруу байсан буюу эдийн засагт маш том дарамт болсон гэдгийг тайлбарласан. Харин найман хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой. Шинэ Засгийн газрын зүгээс ч тэр найман хувийн зээлийг үргэлжлүүлнэ.
Хэдийгээр нийт зээлдэгчдийн 30 орчим хувь нь ипотек, моргейжийн зээлд хамрагдаж байгаа учраас цаашид энэ зээлийг үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ зээлийн нөхцлийг бид арай боловсронгуй болгох ёстой гэж харж байгаа юм. Тэгэхээр ипотекийн зээлийг зогсоох тухай мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор хэлье. Тэр дундаа нийслэл хотод найман хувийн зээл асуудалгүй үргэлжилнэ.
Харин таван хувийн зээлийг хөдөө орон нутагт үргэлжлүүлж болох юм гэдэг чиглэлийг БХБЯ-наас бидэнд гаргаж өгөөд байна. Монголбанкны зүгээс таван хувийн зээлийг үргэлжлүүлбэл эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг хэлж байна. Ямар ч байсан найман хувийн ипотекийн зээлийг Засгийн газар үргэлжлүүлэх байр суурьтай байна. Цаашид ч энэ байр сууриа баримтална.
-Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эх үүсвэр байхгүй болсон гээд байгаа. Найман хувийн зээлийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцоолж байгаа вэ?
Ипотекийн зээлийг 2-3 эх үүсвэрээр санхүүжүүлэхээр ярилцаж байна. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал бий л дээ.
Нөгөө талаас орлого хумигдаж байгаатай холбоотойгоор банкууд болгоомжилж байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ зөвхөн найман хувийн зээлээс гадна арилжааны банкууд барилгын салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулсан.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 33 мянган орон сууц барьсан ч иргэдийн дунд худалдан авах чадвар хомс байна. Барьсан барилгуудаа борлуулж чадахгүй нөхцөл үүссэн гэсэн үг. Ийм нөхцөлд арилжааны банкуудын болгоомжилж байгааг буруутгах аргагүй.
-Төсвийн тодотголын хүрээнд Засгийн газар зарлагаа багасгах даалгаврыг УИХ-аас авсан. Татвар нэмэх саналуудыг оруулж ирсэн ч дэмжлэг хүлээгээгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газар ямар тодорхой хэмнэлт хийж байна вэ?
Татвар нэмэхтэй холбоотой хэлэхэд зарим мэдээлэл иргэдэд буруу ташаа хүрсэн тал бий. Ээлжит бус чуулган завсарлаад хөдөө орон нутагт ажиллахад иргэд хэлж байна лээ. “Зарим нөхцөлд татвар нэмэх нь зөв байсан” гэж.
Ялангуяа архи, тамхи, алтны татварыг нэмэхээс гадна өндөр цалинтай албан тушаалтнуудын цалинг бууруулах гэх мэт Засгийн газраас оруулж ирсэн санааг буруутгахаас илүү дэмжиж байсан. Цаашилбал, цалин хасах тухайд Монгол Улсын нийт ажил эрхлэгчдийн 1.6-хан хувь нь л 2.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг.
Энэ бол төсвийн ажилчид болон төрийн албан хаагч, жирийн иргэдийн цалинг хасна гэсэн үг огт биш юм. Жишээлбэл, нэг суманд уулзалт хийхэд тэнд 2.5 сая төгрөгийн байтугай 1.5 саяын цалин авдаг хүн алга. Мянга орчим хүн дотроос шүү дээ. Энэ мэтчилэн бодит байдлаас өөр мэдээлэл хүрсэн, хүлээн авснаас болоод татвартай холбоотой саналуудаа буцаасан.
Нэгэнт улс төрийн шийдвэрээр татвар нэмэх, цалин хасах саналыг буцаасан учраас дахин сөхөөд яахав. Харин зарлага хумих тухайд Засгийн газар санаачилга гаргасан. Жишээлбэл, УИХ болон Засгийн газрын гишүүд, шүүгчдийн цалинг бууруулах талаар хэд хэдэн санаачилга гаргасан шүү дээ.
Энэ бүх санал сөрөг хүчний шүүмжлэлд өртсөн. МАН-ын бүлгийн шийдвэр ч гарсан учраас буцаан татсан. Эдийн засаг хүндэрсэн, ард түмний амьдрал хүндхэн байгаа энэ үед тэгш эрх, жигд хуваарилалтын зарчмыг Засгийн газар баримтлах нь зөв юм гэсэн байр суурийг оруулж ирсэн ч мөн л буцаасан.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд болон улсын үйлдвэрийн газрын дарга нарын цалинг 30-60 хувиар бууруулсан. Энэ бол нүдээ олсон зөв шийдвэр. Энэ мэтээр бид том давалгаанд хамруулахгүйгээр ажлаа зөв, бодитой хийгээд явсан бол эдийн засагт томоохон түлхэц болох байсан.
-Иргэд буруу ташаа ойлголт авсан ч шийдвэр гаргах эрх та бүхэнд байсан шүү дээ. Гэтэл бүлгийн шийдвэрээр буцаан татсан байх аа?
Төсвийн тодотголын хүрээнд зарим татварыг нэмэх асуудлыг оруулж ирсэн гэдгийг тодотгоё. Гэхдээ энэ бол жирийн иргэдэд хамааралгүй татвар шүү дээ. Жишээлбэл, архи, тамхины татварыг нэмэх нь зөв байсан уу гэвэл зөв байсан.
Өнөөдөр бид байгалийн сүйрэл, сүйтгэл гэж ярьдаг. Гэтэл алтны татварыг нэмэх л байсан. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах, хэт өндөр цалинтай хүмүүст тодорхой хэмжээний татвар ногдуулах саналыг Засгийн газар тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр л оруулж ирсэн юм.
Энэ бол жирийн иргэдийн амьдралд дарамт болохгүй л санал байсан. Харин ч эдийн засагтаа нэмэр болоод явах хувилбар. Цахим ертөнцөөр явж байгаа мэдээлэл болон зарим хэвлэлд бичсэнээс үүдээд ташаа мэдээлэл хүрснийг хэлээд байгаа юм л даа.
Өөрөөр хэлбэл, хэт ерөнхий байдлаар явчихсан шүү дээ. Ерөөсөө л МАН татвар нэмэх гэж байна, ингэвэл бүх хүний амьдралд сөргөөр нөлөөлнө гэдэг ойлголтыг хавтгайд нь өгчихсөн. Үүнээс болоод буруу ойлголт явчихсаныг хэн хүнгүй мэдэж байгаа байх.
Эдийн засгийн хүндрэлээс татвар нэмэх байдлаар гардаг жишиг том эдийн засагтай улс орнуудад байдаг л даа. Энэ бол хэвийн үзэгдэл юм, уг нь. Гэхдээ Засгийн газар улс төрийн шийдвэрийг хүндэтгэж, буцаасан төсөл, саналаа 2017 оны улсын төсөвт боломжит байдлаар нь оруулахаар ажиллаж байна. Хуулийн дагуу намрын чуулган эхлэхээс өмнө бид ирэх оны төсвийн төслийг өргөн барина.
-Засгийн газраас оруулж ирсэн саналуудыг буцаасан учраас энэ оны төсөвт ямар ч өөрчлөлт оруулж чадаагүй. Тэгэхээр ирэх оны төсөв багагүй таналттай байна гэж ойлгох уу?
2017 оны улсын төсвийг тун удахгүй өргөн барина. Энэ төсөвт бид нэлээд нухацтай хандаж, хэдэн өдөр сууж байна. Ирэх жил орлого нэмэгдүүлж, зарлагаа бууруулах тал дээр ихээхэн анхаарна.
Эдийн засаг маш хүнд байгаа учраас хаа хаанаа хэт тансаглалыг багасгаж, төсвийн сахилга бат алдсан, хэт дураар авирлаж улсын мөнгийг ариг гамгүй үрдэг байдлыг таслан зогсоох ёстой гэдэг хатуу байр суурийг баримталж байна.
-Өмнөх Засгийн газрын үед төсвийг хэдэн хэсэг салгасан, өрийн хязгаарыг хуулийн босгоос давуулж, 90 орчим хувьд хүргэсэн гэх ноцтой асуудлууд ил болоод байгаа. Харин энэ бүхэнд хариуцлага тооцох талаар ярьж байгаа зүйл бий юү?
Өрийн босгыг бид 58.3 хувьд барина гэж хуульчилсан юм. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ тоо 80 хол давсан буюу 90 хувьд хүрч байна. Шинэ Засгийн газар ажлаа хүлээж аваад бодит тоон мэдээллүүдийг авахад 90 хувьд дөхсөн байсан.
Энэ бол хуулийн хязгаарыг хоёр дахин нугалсан байсан гэсэн үг. Үндсэндээ 40 орчим хувийн хэтрэлттэй явна. Энэ бүхэнд эргээд олон талын хариуцлага бий. Хуулийн, улс төрийн, ёс суртахууны хариуцлага ярьж болно.
Цаашдаа ч бид хариуцлагын асуудлыг ярих ёстой. Ингэж байж эдийн засгийг унагаж, буруу бодлого явуулсан, хууль зөрчсөн үйлдлийг илрүүлж хариуцлага ярьдаг байхгүй бол хэт дураар авирлалт улс орны хэмжээнд газар авах аюул байгаа. Тийм ч учраас хариуцлагын асуудлыг Засгийн газрын төвшинд ярьж байна.
Харин яг хууль зөрчсөн асуудлыг хуулийн дагуу шалгаад явах байх. Улс төрийн хариуцлагыг ард түмэн тооцчихоод байгаа. Тиймээс ёс суртахууны бөгөөд зарчмын талаасаа хариуцлагыг заавал ярьж таарна. Арай ч дээ гэхэд багадахаар нөхцөл байдал өнгөрсөн дөрвөн жилд өрнөсөн байна. Эдийн засгийг "элгээр нь хэвтүүлсэн" гэдэг үг л өнгөрсөн парламентын үйл ажиллагааг бүрэн дүгнэнэ шүү дээ.
-Улс орон үнэхээр хүнд байдалд орсныг та өгүүлбэр бүртээ дурдлаа. Тодорхой тоо баримттай яривал илүү ойлгомжтой байх болов уу?
Бид Зимбабве улсыг хамгийн муу муухайгийн жишээ болгож ярьдаг байлаа, саяхныг хүртэл. Үндэсний мөнгөн тэмдэгтээ шуудайнд хийж очоод нэг ширхэг талх худалдаж авдаг гэх мэтээр шагшдаг байсан. Үндэсний мөнгөн тэмдэгт нь тэгтлээ үнэгүйдчихсэн улс шүү дээ.
Гэтэл сая 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед Монгол Улсын төсвийн алдагдал 4.4 их наяд буюу хоёр тэрбум орчим ам.долларт хүрчээ гэж бид ярьж байхад Зимбабве улсын төсвийн алдагдал нэг тэрбум орчим ам.доллар гэж ярьж байх жишээтэй.
Тэгэхээр Монгол Зимбабве улсаас төсвийн алдагдал нь хоёр дахин их болсон байна. Энэ бол төсөв, эдийн засаг, санхүү, улс төр, ёс суртахууны сахилга бат гэдэг зүйлийг АН өнгөрсөн дөрвөн жилд шалан дээр унагасны бодит илрэл. Тиймээс үүнийг сэргээж, бий болгохын төлөө МАН ажиллана.
-Засгийн газар бонд гаргаж, мөнгө босгох гэж байна гэх мэдээлэл яваа. Та үүнд албан ёсны тайлбар өгөх үү?
Бонд босгох шийдвэр албан ёсоор гараагүй. Хэд хэдэн хувилбар ярьж байна. Хөгжлийн зээл авах уу, эсвэл “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэх яриа хэлэлцээр л явна. Ямартай ч одоогийн байдлаар боломжуудаа судалж байна.
Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн түүхэнд байгаагүй их алдагдалтай төсвийг бид хүлээж авсан. Шинэ Засгийн газар ажлаа хүлээж аваад сарын дараа л төсвийн тодотгол хийлээ шүү дээ. 14 хоногийн дараагаас бид ажиллаж эхэлсэн. Үүнээс гадна янз бүрийн асуудал байгааг хэлэх хэрэгтэй.
Тухайлбал, концессынх байна. 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний концессыг ямар ч хараа хяналтгүйгээр буюу зүгээр л нэг сайд юмуу даргын үзэгний үзүүрээр шийдээд явчихсан байх жишээтэй. Энэ нь эргээд улсдаа өр болоод, эдийн засагтаа маш том дарамт болчихсон байгаа юм. Үүний хажуугаар векселийн асуудал ч байна.
Энэ мэтээр тоочоод байвал олон зүйл бий. Тиймээс 2-3 хувилбартайгаар ярьж байна. Гэхдээ одоогоор эцсийн шийд гараагүй. Өөрөөр хэлбэл, бонд босгоно гэдэг шийдвэрийг эцэслэж гаргаагүй байгааг хэлье.
-Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?
Энэ талаар эцсийн шийдвэр гараагүй ч хоёр тал уулзаж, санал солилцож байна. Нэг өдөр уулзаад шийдчихдэг асуудал биш учраас багагүй хугацаа шаардаж таарна. Ирэх сарын эхээр болох Олон улсын валютын сангийн уулзалтад Сангийн сайд оролцоно. Үүний дараагаар тодорхой шийдэл гаргах байх. Юуны өмнө эхлээд Олон улсын валютын сангийн саналыг сонсоно, бид ч бас хүсэлтээ хэлнэ. Энэ бүхний эцэст шийд гарна.