Монголбанкны жор буюу эдийн засаг сайжрах уу?
Монголбанк
2016.09.21

Монголбанкны жор буюу эдийн засаг сайжрах уу?

Манай улсын эдийн засаг 2008-2009 оны санхүүгийн хямралтай харьцуулахад хүнд байдалтай байна гэж Монголбанкны Ерөнхий эдийн засагч бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Ган-Очир хэлж байна.

Тэрээр ийм нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг ч дурдсан. Тухайлбал, улсын төсвийн алдагдал энэ оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр 1,9 их наяд хүрч, улсын өрийн хэмжээ хуулиар тогтоосон тусгай шаардлагыг давж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сайнгүй, гадаад валютын нөөц буурсан, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өсч, нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь нэмэгдсэн зэрэг нь Монгол Улсыг хямрааж байна.

Эдгээр хүчин зүйлээс онцлон, сүүлийн үеийн ханшийн хөдөлгөөний шалтгаан гурван талтай байж болох. Үүнд:

- Нэгд, Засгийн газар, Хөгжлийн банкны хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдсэн.

- Хоёрт, энэ оны эхний хасагт Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг төв банкнаас санхүүжүүлсэн бөгөөд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн нь төгрөгийн ханш сулрах урьдач нөхцлийг бүрдүүлсэн.

- Гуравт, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг үндэсний компани худалдан авах үед дотоодын банкнаас их хэмжээний валют гадаад төлбөрт шилжүүлсэн.

Ингэж дотоодод мөнгөний нийлүүлэлт их байсан ч дотоодын арилжааны банкнаас их хэмжээний валют гадагшилсанаар төгрөгийн ханш огцом суларсан. Энэ бол Монголбанкны Ерөнхий эдийн засагч бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Ган-Очирын тайлбар.

Шинээр томилогдсон төв банкны удирдлагууд бодлогын хүүг онилж, 4,5 хувиар нэмэгдүүллээ. Энэ хэрээр арилжааны банкуудын зээлийн хүү болон хадгаламжийн хүү өсөх магадлалтай гэж шинжээчид төдийгүй иргэд үзсэн ч одоогоор тодорхой өөрчлөлт гараагүй байна.

...Мөнгөний энэхүү хатуу бодлого нь төгрөгийн ханш үргэлжлэн хүчтэй сулрах, банкны салбарыг тогтворгүй байдалд оруулахаас урьдчилан сэргийлсэн түр зуурын арга. Энэ аргын нөлөөгөөр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж байна гэж Монголбанкны удирдлага үзэж байна...

Өмнө нь 2009 онд бодлогын хүүг 4 хувиар нэмж байсан. Энэ арга хэмжээний дараа ханш мөн л тогтворжсон туршлага бий. Ер нь бодлогын хүү чангарснаар зээлийн хүү өснө гэсэн нэг талыг хараад байж болохгүй юм. Учир нь эсрэгээрээ хадгаламжийн хүү өссөнөөр иргэд, аж ахуйн нэгж хуримтлалтай болох, одоо байгаа хуримтлал нь өсөх таатай нөхцөл бүрдэж байгааг дурдах хэрэгтэй.

Бодит үнэн гэвэл ойрын хугацаанд экспортын гол түүхий эдийн ханш мэдэгдэхүйц нэмэгдэхээргүй байна.

Бодит үнэн гэвэл ойрын хугацаанд экспортын гол түүхий эдийн ханш мэдэгдэхүйц нэмэгдэхээргүй байна. Ийнхүү гадаад, дотоод эрэлт бага байгаагаас эдийн засгийн өсөлт саарч, ажилгүйдэл цаашид ч нэмэгдэж, өрхийн амьжиргааны түвшин үргэлжлэн буурахаар байна.

Аж ахуйн нэгжүүд хүнд байдалтай байгаагаас эргэлтийн хөрөнгийн, бизнесийн зээлээ төлж чадахгүйд хүрч, татварын орлого буурснаар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бодит боломж маш хомс байна. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл санхүү, эдийн засгийн гүн хямралт байдалд шилжих өндөр эрсдэлтэй.

Тиймээс ч Монголбанкны зүгээс төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс бодлогын хүүг нэмээд байна. Цаашид төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн дархлааг сайжруулж, тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх шаардлагатай гэсэн гаргалгааг төв банк хийж байна.