Засгийн газар төрийн шинэчлэл, төсвийн бүрэн шинэчлэлийг нэн тэргүүнд хийх хэрэгтэй
“Шинэ Засгийн газарт өгөх экспертийн санал” онлайн хэлэлцүүлэгт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, профессор Ж.Дэлгэрсайханг урьж оролцууллаа.
Монгол Улсын төсвийн алдагдал жилээс жилд нэмэгдэж байна. Бид төсвөө хэрхэн төлөвлөх ёстой вэ?
Төсөвтэй холбоотой хууль эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд нилээн сайжирсан. Үүнд Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуулиуд орно.
Эдгээр хуульд заасан үндсэн зарчмыг баримталж, төсвөө төлөвлөж чадвал эдийн засгийн үр ашигтай, ил тод байх гээд олон сайн зарчмуудыг хэрэгжүүлж болно.
“Төсөв” гэж чухам юу болохыг аль аль шатандаа ойлгохгүй байх шиг санагддаг. Тиймээс УИХ-ын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчид, Сангийн яам зэрэг төсөв боловсруулахад оролцож буй бүх сувъектүүд төсвийн тухай бүрэн мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой.
...Төсөв гэдэг тухайн жилдээ яаж ийгээд олж аваад зарцуулж дуусах мөнгөний хэмжээ биш. Ийм ойлголтоор төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвөө бэлтгэж, тэрхүү төсвийг Сангийн яам нэгтгээд УИХ-д оруулж ирдэг. Харин УИХ-ын гишүүд оруулж ирсэн төсвийг тойрог руугаа чангааж, улстөрийн нөлөө оруулдаг. Энэ мэт төсвийн тухай ойлголт буруугаас хуулийн хэрэгжилт муу байна...
Монгол Улсад ягштал баримтлах нэг чухал зүйл бол хууль дээдлэх, хууль хэрэгжүүлдэг байх явдал юм. Хууль бол улс орны нийгэм, эдийн засаг, хөгжлийг тодорхойлох эрх зүйн чухал баримт бичиг. Тэрнээс биш хийж чадаагүй зүйлээ хаацайлж, дур зоргоороо өөрчлөөд байдаг зүйл биш.
Сүүлийн үед УИХ-ын чуулганы танхимаас хүссэнээрээ хуулийг өөрчилж болно, хууль бол юу ч биш гэсэн агуулгатай үгс сонсогдох боллоо. Энэ бол хамгийн том аюул.
Шинэ Засгийн газрын хийсэн эхний алхмуудыг хэрхэн дүгнэж байна?
Шинэ бүрэлдсэн Засгийн газрын хийсэн алхмуудаас онцлох нэг зүйл байна. Энэ бол нэгдсэн нэг төсөвтэй болж, хавтгайрсан халамжийг зогсоох оролдлого. Санаа нь зөв. Гэхдээ нийгмийн ямар халамжуудыг зогсоох вэ гэдгээ тооцоо, судалгааны үндсэн дээр үндэслэл сайтай гаргаж тавих ёстой байсан юм.Тэгсэн бол УИХ, намын бүлгийн хувьд зөвшөөрөх магадлал өндөртэй байсан гэж харж байна.
Оюутны 70 мянга, хүүхдийн мөнгө зэргийг энд хамруулж байна уу?
Оюутны 70 мянгыг зогсоох нь зүйтэй. Харин МСҮТ-д суралцагсадын тэтгэлгийг хасах нь оновчгүй. Учир нь боловсролын тогтолцоо алдагдсаны улмаас мэргэжилтэй ажилтан гэдэг ойлголт Монгол Улсад үгүй болсон. Жил бүр олон мянган залуус их, дээд сургууль төгслөө ч ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа нь олон. Энэ мэт бурууг зогсоож, нийгэм, эдийн засгийн зөв өөрчлөлтүүд хийх хэрэгтэй.
Засгийн газар татвар нэмэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ УИХ-д оруулж ирээд ихээхэн шүүмжлэл дагуулсны улмаас буцаан татлаа. Энэ зөв үү?
Татвар нэмэх гэхээсээ боломжтой бол бууруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, авч чаддаггүй татвараа авахад анхаарах хэрэгтэй. Татварын тогтолцооны хувьд бүрэн шинэчлэх шаардлагатай.
...Бид татвар төлдөг хэсэг рүүгээ довтлоод байна. Үүний оронд орлогоо тайлагнадаггүй, татвар төлдөггүй бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулдаг болох хэрэгтэй...
Арай илүү цалин авдаг, тодорхой хуримтлалтай хэсэг рүү дайраад байгаа нь амар хялбар аргаар мөнгөтэй олох гэсэн санаа. Тэтгэврийн насыг хойшлуулж, нийгмийн даатгал шимтгэлийг нэмж хэрхэвч болохгүй. Ингэж татвар, шимтгэл нэмэх нь төр иргэдээсээ “дээрэм" хийж буйтай адил. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь ажил олгогчид ч сөрөг нөлөөтэй байна.
Өнгөрсөн онд “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийг хэрэгжүүлснээр 30 гаруй их наяд төгрөг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр бүртгэлээс гадуур байсан нь илэрсэн. Эндээс хөрөнгө орлогын бүртгэлийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Монгол Улс орлогоо хурааж чаддаггүй нь илэрхий болсон өнөө үед орлогыг илрүүлэх, бүх орлогод татвар жигд ногдуулах чиглэл рүү хандуулах нь илүү үр дүнтэй.
Яваандаа эдийн засаг сайжирч, хүн амын орлого нэмэгдэхийн хэрээр ирэхээр орлогоос хамаарсан татварын шатлал бий болгохыг үгүйсгэхгүй. Энэ мэтээр эдийн засгийн бодит боломжуудыг эрэлхийлсэн, цэвэр эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөө шийдвэрүүдийг гаргах нь бидэнд чухал байна. Өнөөг хүртэлх улстөрийн намуудын өрсөлдөөн, улстөрийн шийдвэрүүд нь Монгол Улсыг хямрааж байна. Тиймээс улстөрийн шийдвэр гаргахгүй байх нь зүйтэй.
Шинэ Засгийн газраас хүлээж буй таны хүлээлт юу вэ?
Миний өмнө Засгийн газрын ойрын 4 жилд таван чиглэлээр ажиллах мөрийн хөтөлбөр байна. Энэ баримт бичгийн эхэнд, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулах хөтөлбөр боловсруулна гэсэн байна.
Засгийн газар нэгэнт эдийн засгийн бодит байдлыг олон нийтэд зарласан тул одоо яаж эдийн засгаа тогтворжуулах тухай хөтөлбөрөө хурдан боловсруулах хэрэгтэй. Уг нь Сангийн сайд, Монголбанкны хамтарч мэдэгдэл хийхдээ Засгийн газрын хөтөлбөрөө хамтад нь ярих ёстой байсан юм. Хэрэв ингэсэн бол нийгэм арай бага савлах байлаа.
Хэрэгжүүлэхээр ярьж байгаа ажлын дараалал зөв юм. Эхлээд эдийн засгаа хүндрэлээс гаргах, өрийн асуудлыг шийдэх, дараа нь эдийн засгаа өсгөх, нийгмийн халамжаас түр боломжит хэмжээгээр түдгэлзэх зэрэг нь хийх ажлын дараалалын хувьд өнөөдөр зөв зүйл гэж үзэж байна. Өнөөдөр хавтгайрсан нийгмийн халамж, улс төрийн чиг баримжаатай шийдвэр гаргалтаас татгалзах цаг болсон.
Засгийн газрын хөтөлбөртэй танилцаж байх явцад улс төрийн болон төсвийн шинэчлэл, төсвийн сахилга баттай байдлын тухай дурдсан нь анхаарал татаж байна. Нэн тэргүүнд УИХ-ын намрын чуулганаар төсвийн бүрэн шинэчлэлийг хийж чадсан 2017 оны төсвийн төслийг оруулж ирэх хэрэгтэй.
Сүүлийн хоёр Засгийн газар хумих, ариглан хэмнэх, бүсээ чангалах зэрэг гоё, чамин тодотголтой төсөв батлуулж байсан ч бодит байдалд төсвийн урсгал зардал нэмэгдсэн үзүүлэлт байна.
...Ард түмэн, аж ахуй нэгжүүдийн орлого буурч, хүссэн, хүсээгүй, хэлсэн, хэлээгүй хэмнэлтийн горимд шилжчихээд байхад төрийн хэрэглээ задгай хэвээрээ байгаа нь оруулж ирсэн төсвөөс нь шууд харагддаг...
Төсвийн алдагдлын үндсэн шалтгаан нь урсгал зардал нь төлөвлөснөөсөө дандаа хэтэрчихсэн байдагтай холбоотой. Энэ нь төсвийн сахилга батгүй, хууль хэрэгжихгүй байна гэсэн үг л дээ. Төсөв, төрийн удирдлагын бүрэн шинэчлэлийг нэн тэргүүнд хийж байж, эдийн засгийн хямралыг даван туулах дараа дараагийн арга хэмжээг авч болно. Монгол Улсын Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлэх чадамжтай, хариуцлагатай, амласнаа биелүүлдэг байх ёстой. Төрийн шинэчлэл бол энэ хөтөлбөрийн амин сүнс нь байх ёстой.
Өмнөх Засгийн газрын хөтөлбөрийн биелэлтэд ямар дүн тавих вэ?
Өмнөх Засгийн газрын хөтөлбөрт, экспортын нэг цонхны бодлого, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхай, аж үйлдвэрийн парк барих, төмөр зам барих зэрэг олон чухал заалтууд орсон ч хэрэгжсэнгүй. Төрийн бодлого хэрэгжихгүй байгаа нь бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлсэн бол нүүрсний экспорт нэмэгдэж, төсвийн алдагдлыг тодорхой хэмжээгээр нөхөх байлаа.
Эерэг талаасаа бүтээн байгуулалт, дэд бүтцийг сайжруулах болон бусад хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж чадсан гэдэг нь бас үнэн юм. Харамсалтай нь эдийн засгийн гол суурийг сайжруулах, иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, амжиргааг дээшлүүлэх тал дээр зөвхөн өмнөх засгийн газар бус бид өнөөг хүртэл дорвитой бодлого хэрэгжүүлж чадсангүй.