Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд
2016.08.29

Хотын дарга Нарантуул захын үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Нарантуул зах болон нийслэлийн зарим дүүрэгт гарч байгаа “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа”-гаар орж, танилцлаа.

Нийслэлийн замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах,  иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс  нийслэлийн төвийн 6 дүүргийн 33 байршилд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдааг гарч байгаа юм. Зөвхөн Нарантуул захад л гэхэд энэ төрлийн худалдааны 140 цэг ажиллаж байна.  Засаг дарга эхлээд  сурагчийн дүрэмт хувцасны худалдаагаар орж, дүрэмт хувцасны үйлдвэрлэл, чанар, үнэ, худалдан авалтын  талаар сонирхлоо.

Үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэр, материалын чанараасаа шалтгаалаад  81300-123700 төгрөгийн үнэтэй байна. Засаг дарга хэд хэдэн загварыг үзээд материалын чанар, загварын хувьд дээшилсэн байна. Харин үнэ өссөн эсэх, иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг сонирхоход “Хүмүүсийн худалдан авах чадвар тааруухан, үнийн хувьд ноднингийн үнээрээ байгаа” хэмээн худалдаа эрхлэгчид тайлбарлаж байлаа. Дараа нь хичээлийн хэрэгслийн худалдаагаар орж сонирхлоо.