Зарим бараа,үйлчилгээний үнэ өнгөрсөн нэг жилд 12-27 хувиар өсчээ
2016.02.29

Зарим бараа,үйлчилгээний үнэ өнгөрсөн нэг жилд 12-27 хувиар өсчээ

Монголбанкнаас гаргасан нэгдүгээр сарын мөнгөний статистикийг тоймлон хүргэж байна. 

Инфляци:

Хэрэглээний үнийн индекс 2016 оны нэгдүгээр сарын эцэст өмнөх сараас 0.5 хувиар өсч, суурь инфляци тухайн сард 0.4 хувиар буурч, жилийн 4.0 хувьтай байв.

Тухайн сард мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнийн үнэ 0.4-8.3 хүртэл хувь буурснаар хүнсний барааны сүлгийн үнэ 2.8 хувийн өөрчлөлттэй байна. Хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ тодорхой хувиар буурсан нь дизель, бинзений үнэ буурсантай холбон тайлбарлаж байна. Харин гэр ахуйн шилэн эдлэл, сав суулганы үнэ 6 хүртэл хувиар өсчээ.

Боловсрол, эмнэлгийн үйлчилгээ, гэр ахуйн тавилга, зочид буудал, нийтийн хоол, дотуур байр, хувцас, бөс бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ жилийн 12-27 хувийн өсөлттэй байна. Харин тээвэр, харилцаа холбоонэ хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ жилийн 2 хувиар буурсан байна.

Хадгаламж:

Нийт хадгаламж өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч, 7 их наяд 297 тэрбум төгрөг болов.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 2 хувиар өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар буурч, 9 их наяд 850 тэрбум төгрөг болжээ. Төгрөгийн хадгаламж 121.5 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 105.4 тэрбум төгрөг, гадаад валютын харилцах 36.3 тэрбум төгрөгөөр буурч, гадаадын валютын хадгаламж 35.7 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх 28.1 тэрбум төгрөгөөр өсчээ.

Зээл:

Санхүүгийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн жилийн өөрчлөлтийн хурд өмнөх сараас 2.6 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 10.7 хувийн өсөлттэй байна. Санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл 18.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 65.2 хувийг хадгаламжийн байгууллагууд, 34.8 хувийг бусад санхүүгийн байгууллагуудын олгосон зээл бүрдүүлж байна. Тэгвэл иргэдэд нийт 18.1 их наядын зээлээс 7 их наяд 140 тэрбум төгрөгийг иргэдэд, 7 их наяд 51 сая төгрөгийг хувийн хэвшилд олгосон зээл эзэлж байна.

Хүү:

Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 2016 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар  өсч, 12.6 хувь болов. Банкуудын тухайн сард олгосон төгрөгийн дундаж хүү 0.4 нэгж хувиар буурч, 19.7 хувь, гадаадын валютынх жилийн 12.3 хувь болжээ.

Мөнгөний зах:

2016 оны нэгдүгээр сард банк хоорондын захын арилжаагаар нийт 776.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Эдгээр арилжааны жигнэсэн дундаж хүү жилийн 11.8 хувь байна. 2016 оны нэгдүгээр сарын 6-наас 2016 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хугацаанд банкууд төгрөгийн заавал байлгах нөөцөд дунджаар 942 тэрбум, заавал байлгах валютын нөөцөд 419 тэрбум төгрөг байлгах шаардлагыг хангаж ажиллав.

Валютын ханш:

Төгрөгийн ам.доллартай тэнцэх харьцах ханш 2016 оны нэгдүгээр сарын эцэст 2011.38 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 66.6 төгрөгөөр суларсан байна.