Ж.Батсуурь: Газар сайгүй цогцолбор барина гэдэг худлаа
УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.
-УИХ-аас Тавантолгойн ордыг ашиглах шийдвэр гаргах гэж байна.Та үүнийг Монголын гэхээсээ даяаршлын шаардлага, цаг үеийн шаардлага гэж хэлж байсан. Энэ нэлээд содон сонсогдож байсан л даа?
-Манай Монгол Улс нүүрсээр баялаг. Тавантолгой бол нэлээд дээр үеэс судлагдсан орд л доо. Зургаа гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй орд гэдэг. Түүний үндсэндээ 30 шахам хувь нь буюу ойролцоогоор хоёр тэрбум тонн нь сайн чанарын коксжих нүүрс гэсэн судалгаа бий. Өнөөдөр дэлхий даяаршиж, ялангуяа Зүүн өмнөд Азийн орнууд, БНХАУ Тавантолгойг нэлээд сонирхож байна. Коксжих нүүрс металлургийн үйлдвэрт ихээхэн ач холбогдолтой. Металлургийн үйлдвэр хөгжсөн Азийн орнуудад коксын хэрэгцээ нэмэгдэж байна. Манайхан нэлээд дээр үеэс энэ ордыг эргэлтэд оруулах, нүүрс худалдан борлуулах, түлш боловсруулах үйлдвэр байгуулах талаар сонирхож байсан юм билээ. Харин цаг хугацаа нь болоогүй байснаас өдий хүртэл Тавантолгойг хөндөөгүй байсан. Бид Тавантолгойгоо ашиглах шийдвэр гаргаж байна гэхээсээ илүү дэлхий глобалчлагдсан өнөөгийн цаг үе энэ ордыг эргэлтэд оруулахыг өөрөө шаардаж байна гэж хэлж болно.
Энэ боломжийг ашиглаж Засгийн газар идэвхтэй ажиллаж Монгол Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ялангуяа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлага бий болж байна. Үүнтэй уялдуулж Оюутолгой, Тавантолгой, томоохон бусад орд газруудаа эргэлтэд оруулж, ашигт малтмалаа гадаад орнуудад худалдан борлуулах, уул уурхайн зарим бүтээгдэхүүнийг дотооддоо боловсруулах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар төсвийн орлогоо нэмэгдүүлж, ард иргэдийн амьжиргааны төвшинг сайжруулах зүй ёсны шаардлага ч тулгарч байна. Хөрөнгө оруулагчдыг эрж хайх, эрэмбэлэх асуудал ч гарч байгаа.
УИХ-аар одоо Тавантолгойн ордыг ашиглах тухай Засгийн газрын гаргасан тогтоолын төслийг хэлэлцэж байна. Мэдээж аль болохоор хурдавчлах, ордоо эргэлтэд оруулахыг чухалчилж байгаа. Өнөөдөр олон улсын хамтын ажиллагаа бизнес, уул уурхайн салбарт өргөжиж байгаа тийм үе таарч байгаа нь олзуурхууштай. Энэ баялгийг олборлох, боловсруулах асуудалд дэд бүтцийн хөгжил ихээхэн онцгой шаардагдах боллоо.
-Тавантолгойн Цанхийн хэсгийг баруун, зүүн хоёр хэсэгт хуваагаад нэг хэсгийг дан дотоодын, нөгөө хэсгийг гадаадын болоод хувь нийлүүлсэн хамтарсан компаниудад эзэмшүүлье гэж Засгийн газар үзсэн. Гэхдээ үүн дээр УИХ-ын гишүүдийн байр суурь зөрөлдөөнтэй байсан. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэлээд маргаантай байна. Тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийгээд явж байна. Гишүүдээс янз янзын санал гарч ирж байгаа. Гол нь ордыг даруй эргэлтэд оруулах ёстой гэсэн дээр санал нэгдэж байна. Миний хувьд Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг дэмжиж байгаа.
-Тавантолгойгоос Сайншанд руу төмөр замын шинэ чиглэл тавихаар боллоо шүү дээ. Танай аймаг хөгжлийн том ирээдүйтэй болох нь дээ?
-Монгол Улсын хоёр дахь том зорилт бол дэд бүтцээ хөгжүүлэх гэж би дээр хэлсэн. Үүнтэй уялдуулж хэлэхэд би Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Зүүнбаянгийн төмөр замыг Оюутолгой, Тавантолгойн чиглэлд өргөтгөх, Сайншандаас Сүхбаатар, Дорнод руу чиглүүлсэн төмөр зам тавих төсөл боловсруулаад тухайн үеийн Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд явуулж байсан юм.
-Тийм үү. Холыг харж байж дээ. Хэзээ тийм төсөл гаргасан юм бэ?
-Бүр 2003 онд. Долоо, найман жилийн өмнө шүү дээ.
-Сая УИХ-аас баталсан төсөлтэй бараг ижил хувилбар байсан гэсэн үг үү?
-Тухайн үедээ бас иймэрхүү зүйлийг төсөөлж байсан гэх үү дээ. Яг миний тэр төсөлтэй ижил хувилбараар, миний санаж бодож байснаар дөрөвхөн хоногийн өмнө, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монголын төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэдэг баримт бичгийг баталж гаргалаа. Миний төлөвлөж байсан тэр маршрутаар 1000 гаруй км төмөр замыг эн тэргүүн ээлжинд барихыг дэмжсэн тийм шийдвэр гарсанд баяртай байгаа. Төмөр зам, авто замаас гадна бас эрчим хүчний асуудлаа шийдэх ёстой. Ингэсэн цагт уул уурхайн салбарыг хөгжүүлэх, баяжуулах үйлдвэрүүд барих, Монголдоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
-Тавантолгой ашиглалтад орохоор Сайншандад аж үйлдвэрийн том цогцолбор барина гэж байгаа. Гэхдээ хүн хүний бодол өөр байх шиг байна. Нэг газар биш, нэлээд хэд хэдэн газар цогцолбор байгуулна ч гэдэг юм уу. Тийм боломж байна уу?
-Газар сайгүй л цогцолбор, үйлдвэр барина гэж ярьдаг болсон байна. Ээлж дараатай шийдэх байх л даа. Ер нь хот болгонд, газар бүрт цогцолбороор нь үйлдвэр бариад байна гэдэг худлаа л даа. Аливаа юм хэтэрхий туйлширдаг шиг л юм ярьж байх шиг байна. Яагаад Сайншандад гэж ярьж байна вэ гэвэл нэгд, манай Дорноговийн бүс нутаг бол яах аргагүй тээврийн том зангилаа. Хоёрдугаарт өмнөд хил, зах зээлд ойрхон оршдог том боомт бол Сайншанд. Хилийнхээ гүнд байдаг гэдгээрээ Сайншандыг сонгосон хэрэг. Тэрнээс биш шууд торгон хил дээрээ, Замын-Үүдэд цогцолбор байгуулж болохгүй шүү дээ. Тийм үндэслэлээр Сайншандад том цогцолбор байгуулах нь зайлшгүй.
-Дорноговьд бас Өмнөговиос дутахгүй ашигт малтмалын ордууд илрээд байгаа бил үү?
-Манай аймаг баялаг ихтэй. Дорноговьд нефтийн олборлолт эхэлчихлээ. Хэд хэдэн компани нефтийн хайгуул хийж байна. Тэнд ойрын үед нефть боловсруулах үйлдвэр баригдаж таарна. Яаравчлах ч ёстой. Зүүнбаянд дээр үед нефтийн үйлдвэртэй байсан.
-Одоо хуучин үйлдвэрээс ньүлдэгдэл байдаг юм уу, тэнд?
-Хуучин нефть боловсруулах үйлдвэр ажиллуулж байгаад 1950-иад оны сүүлээр дэлбэрэлт үүсээд больчихсон. Ер нь эргэн тойрондоо нефтийн орд элбэгтэй. Хайгуул хийж байна. Энэ оноос олборлолтын үе шат эхэлсэн. Олборлолт тодорхой хэмжээгээр нэмэгдээд ирэхээр нефть боловсруулах үйлдвэр барих нөхцөл бүрдэнэ.
-Хаанахын компаниуд Дорноговийн нефтийн орд дээр ажиллаж байгаа вэ?
-1997 оны хайгуулын талбай гэж нэрлэдэг хэсэг бий. Тэнд Английн компани байж байгаад гарсан. Дараа нь Хятадын компани Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулаад хайгуул хийсэн. Одоо олборлолт эхэлж байна.
-Доншин гэдэг компани уу?
-Тийм, “Доншин-газрын тос Монгол” гэдэг компани. Одоо бол долоо найман талбайд нэлээд хэдэн компани ажиллаж байна. Швейцарийн BWM гэж компани хоёр талбайд хайгуул хийж байна. Сингапурын компани байна. Монголын Сансрын геологи, Шунхлай энержи гээд хэд хэдэн хайгуулын компани бий. Олборлолт нэмэгдэхээр яваандаа нефтийн үйлдвэр байгуулна.
-Өмнөговиос дутахгүй ашигт малтмалын бизнес хөгжүүлэх нь дээ, Дорноговьд. Өөр ямар баялагтай билээ?
-Барилгын материалаар баялаг нутаг. Аймгийн төвөөс баруун урагш, төмөр зам дагуу Өргөн сумын нутагт шохойн чулууны томоохон ордуудтай. Шохойн чулуу нь цементийн гол түүхий эд болдог. Тэр орд дээр Монполимет гэж компани жилдээ нэг сая тонн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барихаар ажлаа эхлээд байна. Тэнд Германы тоног төхөөрөмж суурилуулахаар гэрээ байгуулаад мэргэжилтнүүд ирээд ажиллаж байгаа. Судалгааны ажил хийж нэлээд үр дүнд хүрсэн. Мөн МАК гэдэг компани Даланжаргалан сумын нутагт нүүрс олборлож байна. Энэ компани Европын Сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар нүүрс баяжуулж түлш үйлдвэрлэхээр 25 дугаар зөрлөгийн орчимд үйлдвэр байгуулах ажлаа эхлээд явж байгаа. Нүүрс боловсруулах том үйлдвэр байгуулна гэж хэлж болно. Зөвхөн Сайншанд дээр бөөгнөрөөд байх биш, Дорноговийн сав газарт ашигт малтмал боловсруулах нэлээд олон үйлдвэрийн эх суурийг тавина. Ер нь бол Сайншандад төмөр замаар Тавантолгойн нүүрсийг авчирч кокс гаргана, зэс хайлуулна, төмөр хайлуулна гэж олон зүйл дээрээс ярьдаг юм билээ. Гэхдээ үүнийг ойрын биш, нэлээд хэтийн ирээдүйн ажил болов уу гэж бодож байна.
-Нүүрсийг Сайншандад боловсруулах нь ойрын ирээдүй биш үү?
-Нүүрсийг Тавантолгойгоос төмөр замаар тээж Сайншандад авчраад кокс ялгаад, түүний үлдэгдэл баахан хар шороо хаяж болохгүй байх аа. Их салхитай бүс нутаг шүү дээ. Үүнийг би нутгийнхаа онцлогийг мэдэхийн хувьд нэг их дэмжмээргүй байгаа юм. Тэртэй тэргүй бүтээн байгуулалт өрнөөд, шинэ төмөр зам бариад ирэхээр Дорноговьд маш олон ажлын байр гарч ирнэ. Сайншанд их том боомт хот болж таарна. Барилгын материал, цемент, нефтийн үйлдвэрүүд зайлшгүй баригдаж таарна. Ингээд ирэхээр нүүрс боловсруулсан боловсруулаагүй Сайншандад аж үйлдвэрийн том цогцолбор босно л доо. Гэхдээ одоо бол цогцолбор барина л гээд байгаа болохоос биш техник эдийн засгийн үндэслэл, судалгаа тооцоо хийсэн юм байхгүй шүү дээ.
-Танай аймаг бас урантай байх аа?
-Ураны томоохон орд газрууд бий. Дорноговийн сав газарт ураны том баяжуулах, олборлох үйлдвэр байгуулах ирээдүйтэй. Францын Засгийн газраас тийм санал тавиад байгаа. Бас нэг том цогцолбор босох ирээдүй бий. Гэхдээ энд бодох юм бас байгаа. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Цахилгаан станц барьж эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүй бол тэр цогцолбор, үйлдвэрүүдийн аль нь ч ашиглалтад орох боломж байхгүй.
-Шивээ-Овоогийн уурхайн дэргэд том станц байгуулж, дотоодоо хангах бүү хэл БНХАУ руу эрчим хүч экспортлоно гэсэн төлөвлөгөө байгаа юм билээ шүү дээ?
-Сүүлийн хэдэн жил Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглээд цахилгаан станц байгуулна гэж Засгийн газар ажлын хэсэг байгуулсан. Илүүдлийг нь экспортлож, урагш нь эрчим хүч гаргана гэж БНХАУ-ын талтай нэлээд ярьж хөөрсөн тал бий. Гэхдээ одоогоор ямар нэг ахиц дэвшил гараагүй л байна. Ажил эхлээгүй. Тийм болохоор аливаа том ажлыг төсөөлөхөд цаг хугацаа шаардана. Харин бодитой байж болох бүтээн байгуулалтуудаас би дээр хэллээ.
-Хэдэн оноос энэ бүтээн байгуулалтуудыг эхлэх боломжтой вэ?
-Зарим нь эхэлчихээд явж байна. Нефть гэхэд 10 гаруй жил бэлтгэлээ хийлээ. 1997 оны талбай гэхэд 13 жил хайгуулаа хийгээд энэ оны тав, зургадугаар сараас олборлоод эхэлсэн. Үйлдвэр барих анхны нөхцөл нь бүрдсэн.
-Одоо газрын тосоо Хятад руу гаргаж байгаа юу?
-Гэрээний дагуу татварыг нь Монголын Засгийн газарт төлүүлээд боловсруулж чадах газар руу нь л явуулж таараа шүү дээ. Одоогоор манайх түүхий нефть боловсруулж чадах биш.
-Аль боомтоор гаргаж байна?
-Замын-Үүдээр галт тэргээр явуулж байна. Төсөвт нэлээд дэмжлэг үзүүлж байгаа.
-Хэдий хэмжээний түүхий нефть олборлоод байгаа бол?
-Яг тийм хэмжээтэй гэж хэлж чадахгүй байна. Газрын тосны бие төлөөлөгч газар дээр нь ажиллаж байгаа. Тэдэнд тодорхой тооцоо судалгаа бий байх.
-Өнгөрсөн баасан гаригт гар аргаар ашигт малтмал олборлогчдод зориулсан хууль батлагдлаа. Хэдэн парламент дамжуулаад баталж чадахгүй байсан тэр төслийн ажлын хэсгийг та ахалсан байх аа?
-УИХ-ын гишүүний хувьд нэлээд хэдэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Хамгийн сүүлд Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хууль маань батлагдлаа. Бичил уурхайд гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор өргөн барьсан төсөл байсан. Гар аргаар ашигт малтмал олборлодог 30 гаруй мянган хүн байна. Нинжа нар ч гэж хэлдэг. Албан бусаар 100 мянга гаруй хүн бий гэсэн тоо байдаг юм билээ.
Нийгмийн энэ том бүлгийг хууль, эрх зүйн орчинтой болгож баталгаажуулах тийм хуультай болсон. Газрын хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулаад бичил уурхайн зориулалтаар газар олгох боломж бүрдүүллээ. Нийгмийн энэ бүлгийг хаана хаанаа хууль зөрчөөд байхааргүй болгосон тийм шийдвэр гарсан.
-Гадаад орнуудад гар аргаар ашигт малтмал олборлогчид яаж ажилладаг юм бол?
-Швейцарийн хөгжлийн агентлаг бичил уурхайн төсөл хэрэгжүүлээд тав зургаан жил болж байна. Манайхан ч судалж байна. Дэлхийн бусад улс оронд ч ийм хүмүүс байдаг юм билээ. Гэхдээ орчныг нь хуульчилж бүрдүүлж өгдөг юм байна. Манайх хуультай болсноороо үр дүнгээ өгнө гэж ойлгож байгаа. Яаж ч бодсон тэр олон хүн амьжиргаагаа залгуулж байхад хуулийн орчингүй орхиж таарахгүй л дээ. Олон жилийн дараа хуультай болсон нь сайн хэрэг гэж үзэж байна.