Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ыг орхиж, МАН-ыг сонголоо
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д орохоо мэдэгдлээ.
Энэ тухайд гишүүн Ч.Улаан “Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тойргуудад ширүүн өрсөлдөөн болох нь. Намууд хүчээ нэгтгэх чиглэлд томоохон хөдөлгөөн өрнөж байна. Сонгуульд амжилт гаргахын төлөө бүхий л хүчээ дайчлах учиртай.
Сүхбаатар аймгийн иргэд, МАН-ын гишүүд дэмжигчдээс надад маш их санал ирүүлсэн. Нэг зорилготой хүмүүс хамтарч тэмцэх ёстой” гэсэн бол Д.Тэрбишдагва сонгуулийн тогтолцоотой холбоотой Цэцийн дүгнэлтээр эвслийн бүлэг завсарлага авч, асуудлыг сунжруулсан болон МАН, МАХН эвсэх асуудлаар хоёр намын хамтарсан ажлын хэсэг маш сайн ажиллаж, МАХН-д олон талаар ашигтай нөхцөл байдал үүсэж байхад түүнийг ажил хэрэг болгож, эвсэж чадаагүйг онцоллоо.
Тэд цаашид МАН, МАХН-ыг нэг нам болгох чиглэлд ажиллахаа ч мэдэгдэв. Мөн тэд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тодруулбал, хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох учиртай 28 мандатыг намын нэрийг дугуйлах байдлаар бус, намаас жагсаасан 28 хүний нэр бүхий жагсаалтаас нэг хүнийг сонгож дугуйлах замаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буй аж.