Сонгуулийн хуулийн зарим заалтад өөрчлөлт орно
Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлттэй холбоотой Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт орох эсэх асуудлаар УИХ- ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.
-Цэцийн дүгнэлтээс болж сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах, зарлах хугацаа хойшлохоор болж байна гэсэн мэдээлэл байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Сонгуулийн тухай хуулийн дагуу бүх ажил хуваарийн дагуу зохион байгуулагдаж байх ёстой. Цэцийн шийдвэртэй холбоотой зарим зохицуулалтын хувьд цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдал үүсээд байна. Тухайлбал, санал авах өдрөөс 55 хоногийн өмнө УИХ- д нэр дэвшигчдийг нам, эвслүүд нэр дэвшүүлж, тав хоногийн дотор дуусгах хуулийн заалттай. Нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагаа хуваарийн дагуу тавдугаар сарын 5-нд эхлээд 9-ний өдөр дуусгавар болох ёстой. Хугацаа тулсан байна. Тиймээс өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёр байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцээд, санал хураалт явуулна.
Санал хураалтаар Цэцийн шийдвэрийг хүлээж авна гэдэг шийдвэр гарвал Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэрээр түдгэлзүүлсэн холбогдох заалтыг өөрчлөх хуулийн төслийг шууд санаачлаад явна.
-Хуулийн төсөл санаачлах хооронд нэр дэвшүүлэх хугацаа өнгөрөх үү?
-Хууль санаачлаад, өргөн бариад явахад дор хаяж хоёр хоног зарцуулна. Энэ хугацаанд нэр дэвшүүлэх хугацаа өнгөрнө. Цэцийн дүгнэлтийн гуравдугаар заалт орно. Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1, 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэж сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулж дагалдаж өөрчлөгдөх зарим заалт хуульд байгаа болохыг дурдсугай гэсэн. Тэгэхээр хувь тэнцүүлсэн буюу жагсаалтын 28 нь суурь зохицуулалт болоод байгаа юм. Нэгэнт Сонгуулийн тухай хуулийн суурь зохицуулалт өөрчлөгдөж байгаа учраас үүнтэй уялдан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт
байна гэдгийг Цэц дүгнэлтдээ дурдсан. Тиймээс яах аргагүй энэ асуудлаар тодорхой хэмжээний өөрчлөлт орох байх. Гэхдээ Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх нь өнөөдрийн чуулганы хуралдаанаар шийдэгдэнэ.
-АН, МАН сонгуулийн тойргийг жижиг мажоритар болгохоор тохироо хийсэн гэх юм?
-Одоогоор тохирсон зүйл байхгүй. Шийдвэрийг хүлээж авах эсэхээ шийдсэний дараа энэ асуудлыг ярилцах ёстой. Хэрэв хүлээж авбал ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг мажоритар систем дотор том эсвэл жижигрүүлсэн тойргийг сонгох уу гэдэг асуудлыг судалж, ярилцах байх.
-Мөн Сонгуулийн хуульд нэмэлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг багасгах тухай бүлгүүд ярилцаж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ талаар танай бүлэг ярилцсан уу?
-Энэ тухай АН-ын бүлэг дээр ярилцаагүй. Сонгуулийн тухай хуульд 30-аас доошгүй хувь гэж заасан учраас тэр хэвээрээ явах байх. Хүн амын 50- иас дээш хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн 30 хувьд нь хүрэлцэх хэмжээний эмэгтэй гишүүд аль ч намаас гарч л таараа.