Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов
2016.05.06

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.05.05/ хуралдаан 19 цаг 50 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэв.

 

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд байнгын хороодын саналыг хүлээн авч Улсын Их Хурлын тогтоол баталсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

 

Ажлын хэсэг энэ хугацаанд хоёр удаа хуралдаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан. Ингэхдээ ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулиас зөвхөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд хөндөгдсөн зүйл, заалт, хэсгүүдийг өөрчлөх зарчмыг анхнаасаа барьж ажилласан гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав. Мөн Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурдсаны дагуу хуулийн зарим зүйл, заалт, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, хүчингүй болгох зохицуулалт хийхээр төсөлд тусгасныг танилцуулсан юм.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсгийн ахлагч болон Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч гишүүдэд уншиж танилцуулав. Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлд “сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн тооцоонд энэ хуулийн 125.2-т заасан хугацаанаас 10 хоногийн өмнө хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт” гэсэн агуулгатай 128.3.10 дахь заалт нэмэх, 2 дугаар зүйлд Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийн “гишүүн” гэсний дараа “тус бүр нэг мандаттай 76 тойргоос” гэж, 128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсгийн “нэр дэвшигчдийн” гэсний өмнө “нам, эвслээс” гэж, мөн хэсгийн “бүртгэх” гэсний өмнө “бие даан нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор” гэж нэмэхээр тусгажээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн тогтолцоо гэсэн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “7.1.Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн 85.1.1 дэх заалт, 126.5.3 дахь заалтыг тус тус өөрчлөн найруулах, хуулийн зарим зүйл, заалт, хэсгийг өөрчлөх, хүчингүй болгохоор тусгажээ. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 15 нь буюу 93.8 хувь нь дэмжив.

 

Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “76 тойргоос” гэснийг “76 хүртэл” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Ингээд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслүүдийн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.