МоАН Санаачилгын салбар Баянгол, Баянзүрх дүүрэгт байгуулагдлаа
МоАН Санаачилгын Баянгол дүүргийн гишүүдийн анхдугаар хурал болж 100 орчим гишүүн, дэмжигчид оролцлоо.
Тус хуралд УИХ- ын гишүүн, МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болд, УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын үүсгэн байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн А.Бакей нар оролцож, санаачилгын үзэл санаа, тулгуур үнэт зүйлсийг танилцуулсан юм.
МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болд Баянгол дүүргийн гишүүдийн анхдугаар хурлын үеэр Монголын ардчилал өнчирсөн, өтөлсөн, бас өөхөлснийг онцолсон. Тэрбээр ардчилал өтөлсний тод жишээ нь шинэ залуу үеэ дэмжихгүй байгаагаар илэрч, арчилгаа, өмгөөлөл, ухаарал байхгүйн улмаас өнчирч, байнгын идэвхтэй үйл ажиллагаа дутагдсанаас өөхөлснийг тийнхүү тодотгож байв. Энэ байдлаас гарч ардчиллыг аврах үйл хэрэгт нэгдэж байгаа баянголчуудад талархаж байгаагаа тэрбээр гишүүдийн хурлын үеэр илэрхийлж байв. Баянгол дүүргийн МоАН санаачилгын Удирдах зөвлөлд 15 хүн сонгогдсон бол тэргүүнээр Ш.Баярааг сонголоо.
Харин Баянзүрх дүүргийн салбарын нээлтийн хуралд 60 гаруй гишүүн, дэмжигч оролцсон юм. Хуралдаанд УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болд, МоАН Санаачилгын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаатар, Ж.Равдандорж, Д.Бямбаа, Л.Энхтуяа болон МоАН Санаачилгын Хяналтын зөвлөлийн дарга Э.Бадамгарав нар оролцсон юм.
Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар Баянзүрх дүүргийн салбарын нээлтийн үеэр ардчиллыг тасалгааны цэцэг, нялх хүүхэдтэй зүйрлээд тэдэнд байнгын арчилгаа, сувилгаа, анхаарал, халамж хэрэгтэй байдгийн адил ардчиллын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өнөө цагт чухал болоод байгааг яриандаа дурдсан юм. Баянзүрх дүүргийн салбарт Удирдах зөвлөлийн есөн гишүүн сонгогдсоны дөрөв нь эмэгтэй гишүүн байсан бөгөөд хүйсийн харьцаа, нас насны төлөөллийг сонгосноороо онцлогтой байв. Салбарын тэргүүнээр НИТХ-ын тэргүүлэгч С.Үнэн гишүүдийн олонхийн саналаар сонгогдож МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болдоос салбарын батламжаа гардаж авлаа. Ийнхүү МоАН Санаачилгын 16, 17 дахь салбар Баянгол, Баянзүрх дүүрэгт тус тус байгуулагдлаа.