Лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт нэр дэвшиж харуулах хэрэгтэй
2016.05.02

Лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт нэр дэвшиж харуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-“Шударга ёс” эвслийн бүлэг өнгөрсөн баасан га­ригт хуралдаад Цэцийн дүг­нэл­тийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ тав хоногийн завсарлагын хуга­цаагаа заавал дуусгахаар шийдвэрлэсэн байна. Нэгэнт л Цэцийн дүгнэлтийг хү­лээж авахаар шийдсэн юм бол заавал завсарлагын ху­га­­цаагаа дуусгах ямар шаардлага байна вэ?

-Уг нь заавал завсар­лагын хугацааг дуусгах­гүй­гээр баасан гаригт хэлэлцүүл­чихмээр л байсан юм. Сон­­гууль дөхсөн энэ үед  нэг өд­рөөр ч гэсэн хэлэлцүүлгийг хойшлуулалгүй, төрийн ажлыг гацаалгүй шийдэх хэрэгтэй байна. Тэртэй, тэргүй Үндсэн хуулийн цэц “пропорциональ хэлбэр нь хууль зөрчсөн” гэсэн шийдвэр гаргасан  учир эргэлзээд, тээнэгэлзээд, удааш­руулаад байх шаардлагагүй. Харин ч Үндсэн хуулийн цэц хэтэрхий оройтож шийдвэр гаргалаа. Миний бие  2012 оны сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хууль батлагдахад “Хо­лимог тогтолцоо нь тул­гуур хуулийн зарчимтай хар­­­шилдаж байна. Үндсэн хуу­лийн 21 дүгээр зүйлийн хоёрт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр ....”, 21 дүгээр зүйлийн гуравт “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтуудыг зөрчиж байна” гэж  байр сууриа илэрхийлж байсан. Яриад, шүүмжлээд өнгөрөх биш өөрийн биеэр үлгэрлэе гээд 2012 оны УИХ-ын сонгуулиар жагсаалтын ард орж нуугдахгүй гэдгээ зарлан бусад намын удирд­лагуудыг тойрогт нэр дэвшихийг уриалж байлаа.

21 дүгээр зүйлийн гуравт “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Гэвч МАН, АН-ын болон бусад намын дарга на­раас хэн нь ч үүнийг дэм­жээгүй. Энэ удаагийн пар­ламентаар Сонгуулийн ту­хай хуулийг батлахад ч энэ байр сууринаасаа  ухралгүй, санал, бодлоо илэрхийлсэн ч олонхи хүч түрэн баталсан. Нэгэнт  олонхийн шийдвэрээр асуудлыг шийдэх нь ард­чиллын нэг үнэт зарчим учраас  хүндэтгэхээс өөр аргагүй юм. Мөн Цэцийн дүгнэлт гарахаас өмнө 2012 оны уриалгаа намуудын дарга, удирдлагуудад дахин са­нуулж, лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт нэр дэвшиж харуулах хэрэгтэй гэж уриалс­ныг анзаарсан байх. Ийм хатуу итгэл үнэмшилтэй явж ирснээс гадна сонгогч түм­нийхээ захиасыг умартаж, намын, бүлгийн шийдвэр хэ­мээн гуйвж дайвах учиргүй гэж үздэг.

 Өнөөдөр ярьснаа маргааш  нь үгүйсгэдэг, эргэж буцдаг, туйлбаргүй байдлыг угаасаа таашаадаггүй. УИХ-ын гишүүн гэдэг эрх дарх биш, ард түмний итгэлт элч, зарц нь. Тиймээс гишүүн хүн иргэд сонгогчдынхоо хэлж сануулж байгааг, аминчилж хэлсэн бол­­гоныг, заавал өөрчлөөрэй гэсэн захиасыг төрийн бодлого тодорхойлох, хууль, тогтоол гаргахад бололцооныхоо хэ­рээр тусгахыг зорьж ажиллах үүрэгтэй. Зөвхөн сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгтээ гэлт­­гүй энэ парламентын бү­рэн эрхийн хугацаанд олон ч аймаг, суманд очиж ажил­ла­сан. Олон  түмэн  “УИХ-ын 28 гишүүн Үндсэн хууль зөрчиж байна. Нам гэгч хал­хавч дор төрд шурга­лаг­садыг дэмжихгүй” хэмээн шүүмжилдэг. Үүнийг өөрчил хэмээн захидаг. Бидний сон­гох эрхийг хязгаарлалаа  гэж  буруушаадаг. Энэ бүх шалт­гаа­наас болоод ми­ний хувьд “Шу­дарга ёс” бүл­гийнхээ шийд­­вэрийг эсэргүү­цэж, зав­сар­­лага авсныг дэмжихгүй байгаа. 

Та бүлгийнхэндээ энэхүү байр сууриа илэрхийлэхдээ “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол бүлгээ задална” гэж хэлсэн юм уу?

-Ард түмэн “Жагсаалтаар 28 гишүүн сонгохоо боль” гэж шаардаж байхад манай бүлэг Цэцийн шийдвэрийг дэм­­жихийн оронд завсар­лага авсан нь дэндүү хариуц­лагагүй үйлдэл боллоо. Олон нийтийн санаа бодлыг тан­даж, үйл хэрэгтээ тусгаж байх нь улстөрийн намын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй. Тэгэхгүй бидэнд ашигтай юу, үгүй юү гэдгээ урьтал бол­гож, нийгмийн сэтгэл зүйг анхаарахгүй, хүч түрэн асууд­лыг шийдээд байвал намын дэмжигчдийн хүрээлэл  ба­гас­на. Би Монгол Улс гэ­сэн ганцхан фракцын төлөө ажил­ладаг. Ийм зарчим барим­талдаг учраас фракцлах, нам­чирхах, бүлгэрхэх, нутаграх асуудалд  автдаггүй. “Шударга ёс” бүлэг  завсарлага авсныг эсэр­­гүү­цэж үг хэлэхдээ “Та нар зам­бараагүй, хариуцлагагүй юм хийж байхаар бүлгээ та­раа­­­вал таарна. Ийм явцуу хан­даад байвал бүлгээсээ гарсан ч яадаг юм” гэж хэлсэн нь үнэн л дээ.

-Цэц нэгэнт дүгнэлтээ гар­­гачихсан учраас түүнийг хүлээж авна, авахгүй гэ­хээсээ илүү сонгуулийн хуу­лиа яаж өөрчлөх вэ гэдгээ эрт­хэн хэлэлцэх нь л чухал биз дээ, уг нь?

-Цэцийн дүгнэлтийг хү­мүүс янз бүрээр тайлбар­лаад байгаа юм. Өмнө нь шийд­­вэр гаргачихаад одоо дахиад өөр дүгнэлт гаргалаа гэх мэтээр ярьж байна. Энэ нь үнэхээр үнэн бол Цэц ийм хариуцлагагүй байж бо­лохгүй л дээ. Гэхдээ Цэц нэ­гэнт шийдвэрээ гаргаад Сон­­­гуулийн тухай хуулиас пропор­циональ хэсгийн заал­туудыг дөрөвдүгээр сарын 22-ноос түдгэлзүүлчихсэн шүү дээ. Тухайн заалтыг нэгэнт ашиг­лах боломжгүй болсон гэ­сэн үг. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа УИХ, Засгийн газар эрх зүйн чадамжтай юу, үгүй юү, жагсаалтаар сонгогдсон гишүүд хүлээн зөвшөөрөгдөх үү, үгүй юү гэх мэт олон асуудал зэрэг хөн­дөгдөж байна. Ийм нөх­цөл байдал үүссэн учраас Цэ­цийн шийдвэрийг хурдхан хэлэлцээд Сонгуулийн тухай хуулиа хэрхэн өөрчлөхөө ярил­цах хэрэгтэй шүү дээ. Тэгэх­гүй бол  хоног, хугацаа биднийг хүлээхгүй.   

-Жагсаалтаар сонгогдсон 28 гишүүний нийгэмд үнэ­лэгдэх үнэлэмж буурлаа гэсэн үг үү?

-Иргэд “Жагсаалтаар сон­гогдсон 28 гишүүнд сонгогд­сон тойрог байхгүйн улмаас тойрогт ажиллахгүй, иргэдтэй уулзахгүй байгаа. Тойргоос сонгогдоогүй учраас биднийг сонсохоо байчихдаг юм бай­на” гэсэн хандлагатай бол­сон байна лээ. Иргэдийн энэ шүүмжлэлийг буруушаах ар­га­гүй. Намын авсан саналын квотоор сонгогдсон юм чинь гээд гишүүд ч санаачлагатай ажилладаггүй тал бий. Гэхдээ би холимог тогтолцоог огт дэмждэггүй юм биш. Дэлхийн олон оронд ашиглаж байна.  Гагцхүү тулгуур хуульдаа зо­хи­цуулж, хэрэгжүүлэх хэ­рэг­­тэй гэсэн байр суурьтай байдаг. Намуудын төлөвшилд тустай, санал гээгдэхгүй давуу талтай гээд цаашдаа холимог тогтолцоог ашиглахыг үгүйс­гэхгүй. Хэрвээ ийм шаард­лага­тай гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад, холимог тог­­­толцоогоор сонгууль явуулж болно. Гэхдээ намын нэрсийн жагсаалтад даргад ойр байсан, хандив  өгсөн эсвэл цүнх барьж гүйсэн нөхдийг биш салбар бүрийн оюунлаг, ланжгаруудыг оруул­маар байгаа юм. 

-Та бол одоо бүлэг дотроо тойргоосоо сонгогдсон цо­рын ганц гишүүн нь. Тий­мээс танай бүлгийн бусад гишүүнд энэ асуудал их эмзэг тусч байгаа байх л даа.

-Эмзэглээд байх шаард­лагагүй. Шударга, зарчимтай л байх хэрэгтэй. Ард түмнийгээ төлөөлж  байгаа  бол тэднийхээ санаа бодол, хүсэл зорилгыг сонсох л хэрэгтэй шүү дээ. 

-Бүрэн эрхийн хуга­цаа­гаа дуусгахаас өмнө “Шу­­дарга ёс” эвслийн бүлэг зад­­рахгүй гэсэн баталгаа бий юү. Яагаад ингэж асуув гэхээр, МҮАН сонгуульд АН-ыг дэмжиж ажиллахаа мэ­дэгдлээ. Тэгэхээр энэ на­маас УИХ-д сууж байгаа ги­шүүд АН-аас нэр дэвшихээр бүлгээсээ гарах юм биш үү?

-Ийм нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. МҮАН сонгуулиар АН-ыг дэмжинэ гэдэг чинь энэ намаас УИХ-д сууж байгаа хоёр гишүүн нь АН-ын гишүүн болно гэсэн үг. Тэд  АН-д орвол  бүлэг задарна.  

-Та бол намаа орхихгүй юү. Эсвэл МАН-д буцаад орох юм уу. Ч.Улаан гишүүн та хоёрыг МАН-д орно гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр зэрэг бодитой мэдээлэл вэ?

-Урам хугарч байгаагаа нуугаад яахав. МАХН, МАН-ыг эвсч сонгуульд оруулах гэж хичээсэн ч манай нам олон гишүүн, дэмжигчдийнхээ хү­­­лээлт, итгэлийг хугалж, шийд­­вэрээсээ буцлаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг парламентаар хэлэлцэхэд зав­сарлага авч гацааж бай­на. Олон нийтийн хүсэл со­нир­холын эсрэг шийдвэр гаргаад байгаа болохоор “Шу­дарга ёс” эвслийн бүлэгт байх хэрэгтэй юу, үгүй юу ч гэж бодох боллоо.