2016.04.27

Баян-Өлгий аймагт жолоочийн даатгалын үйлчилгээ чанаржиж байна

Албан журмын даатгагчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын ажилтан Х.Нуртилектэй Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт, тус аймагт зам тээврийн осол, зөрчлийн түвшин ямар байгаа талаар ярилцлаа. 

Өөрийгөө танилцуулна уу? Одоо эрхэлж буй үүрэгт ажлынхаа талаар товчхон? Хэдэн жилийн туршлагатай вэ? Энэ чиглэлээр ажиллахад хэр байна?

Намайг Ховдашын Нуртилек гэдэг. Хуульч, төрийн удирдлага мэргэжилтэй. Улсад нийт 8 жил, Албан Журмын Даатгагчдын Холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын менежерийн албанд  дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Жолоочийн даатгалын хуулийг маш сайн хууль болсон гэж боддог. Миний хувьд уг хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд зам тээврийн хохирогч, болон даатгуулагч нарт өдөр бүр зөвлөлгөө өгч ажилладаг. Энэ ажилдаа ч тун дуртай. Даатгалын байгууллага нь нэг талаар орлого төвлөрүүлэн ажилладаг ашгийн төлөө байгууллага боловч, нөгөө талаар төвлөрүүлсэн орлогоороо хүмүүсийг гэнэтийн эрсдлээс хамгаалж тусалж байдаг учир буяны байгууллагатай төстэй.

Танай аймагт зам тээврийн осол, зөрчил хэр гарч байна? Баян-Өлгий аймаг зам, тээвэр, дэд бүтцийн хувьд ямар онцлогтой аймаг вэ? Зам тээврийн осол, зөрчил ихэвчлэн ямар шалтгаанаар гарч байна?

Манай аймагт зам тээврийн осол зөрчил урьд оноос зохих хэмжээгээр багасч байна. Зам тээврийн зөрчлүүдийн ихэнх нь хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоодсон, жолооны ард утсаар ярьсан, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон, мөн Өлгий сумын замын зохион байгуулалт муу зэргээс шалгаалсан байдаг нь анхаарах ёстой асуудал болоод байна. Баян-Өлгий аймаг нь ОХУ, БНХАУ-тай хиллэдэг тул дэд бүтэц хөгжсөн, зуны улиралд хөдөлгөөн ихтэй байдаг.

Баян-Өлгий аймаг хичнээн жолоочтой вэ? Тэдний хэдэн хувь нь жолоочийн даатгалд хамрагдаад байна?

Баян-Өлгий аймгийн жолоочийн тоо өдөр болгон нэмэгдэж байна. Жолоочийн тоо ойролцоогоор 25-30 мянга гаруй байдаг гэсэн тооцоо байдаг. Харин 14,500 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2015 оны байдлаар Баян-Өлгий аймагт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл 8,5-9 мянга орчим, тэдний жолоочийн даатгалд хамрагдсан нь 96,5% байна.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд даатгалын компаниудын жолоочийн хариуцлагын даатгалын жилийн орлого хэд орчим байдаг бол? Түүнээс нөхөн төлбөрт хэдэн төгрөг олгоод байна? Даатгалын хураамж, нөхөн төлбөрийн харьцаа ямар вэ?  2015 оны эцсийн дүнгээр болон 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар?

2015 оны байдлаар хураамжийн орлого 260,627,936 төгрөг болсон.  8 мянга гаруй жолоочийн даатгалын гэрээ хийсэн. Жилийн хугацаанд 100 даатгалын тохиолдол гарснаас 70 жолоочид нийт 21,959,557 төгрөгний нөхөн төлбөр олгосон.  2016 оны эхний улиралын байдащлаар 703 жолоочтой даатгалын гэрээ хийж 25,847,697 төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлснээс 34 даатгалын тохиолдол гарч 30 жолоочид 12,606,000 төгрөгний нөхөн төлбөр олгоод байна.

Орон нутгийн жолооч нар жолоочийн хариуцлагын даатгалд хэрхэн ханддаг вэ? Даатгалын тохиодол дээр очоод ажиллахад тулгамдаж буй гол асуудал?

Жолоочийн хариуцлагын даатгалын хууль, дүрэм зааврын талаар олон удаа сурталчилгаа явуулсан тул жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч нар бүрэн ойлголтой болсон. Хуулийн дагуу даатгалд хандсан даатгуулагч бүр нөхөн төлбөр авч байгаа. Даатгалын тохиолдолын газарт тулгамдаж байгаа асуудал байдаггүй.

Баян-Өлгий аймаг дахь салбарын хувьд ямар хүчин чадал, хүн хүчээр ажиллаж байна? Хүчин чадал, хүн хүч хүрэлцэж байна уу? Шуурхай албанд өдөрт хэдэн дуудлага ирдэг вэ?

2013 онд байгуулагдсанаас хойш  салбарын менежер болон операторын ажлыг хавсран хийж байна. ЗТО-оос урдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах үед дуудлага авахад ажил амжихгүй байх тохиолдол заримдаа гардаг. Халтиргаа гулгаатай өвлийн улиралд,   оюутан, сурагчид олширдог зуны улиралд даатгалын тохиолдолын дуудлагын тоо өсөх үед ачаалал нэмэгддэг.

Танай аймагт хэдэн даатгалын компани ажиллаж байна? Даатгалын компани  албан журмын даатгагчдын холбоотой хамтран ажилласнаар ямар давуу талтай вэ?

Манай аймаг 2013 онд 9 даатгалын компанитай байсан бол одоо 5 даатгалын компани ажиллаж байна. Энэ нь даатгалын салбар чанаржиж байгаагийн нэг тод жишээ юм.       Жил ирэх тутам жолооч нарын даатгалын талаар мэдлэг сайжирч байна. Тэд даатгалын салбарын ажилчдын  харилцааны соёл, үйлчилгээнд анхаарал хандуулж сонголт хийдэг болсон. Манай аймгийн даатгалын компаниуд нэг талаар өрсөлдөгчид боловч АЖДХ-той байнга холбоотой ажилладаг болохоор нэг даатгалын байгууллага мэт ажилладаг. Баян-Өлгий аймаг дахь даатгалын салбарууд болон АЖДХ-ны салбар хамтран жилийн эхний улиралд багтан хамтран хэрэгжүүлэх жилийн төлвөлгөөг баталдаг болсон маш сайн давуу тал. Манай байгууллагын зүгээс ард иргэдийг мэдээллээр байнга хангаж байгаа.

“Жолоочийн даатгалын тухай” хуульд засч, сайжруулмаар, алдаа оноотой зүйл хэр тусгагдсан гэж үздэг вэ? Яавал илүү чанаржих бол?

Жолоочийн даатгалын хуульд тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд хамрагдана гэж заасан бөгөөд хамрагдааггүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага ч тодорхой. Гэхдээ даатгалтай хирнээ даатгалын гэрээнд нэр дурьдагдаж бичигдээгүй жолооч даатгалын тохиолдол гаргах үед даатгалаас нөхөн төлбөр гаргахгүй нөхцөл бүрддэг. Иймээс жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнд нэр дурьдагдаагүй жолоочийг хариуцлага хүлээлгэх талаар хуульд тусгах нь зүйтэй гэсэн бодолтой байдаг. Түүнчлэн даатгалын нөхөн төлбөрт бүрдүүлэх баримт, СD ангиллын жолоочийн хураамжийг хуулиар тогтоож өгөх хэрэгтэй гэж боддог.  

Баян-Өлгий аймаг дахь холбооны салбараас зам тээврийн осол, зөрчлийг бууруулах үүднээс ямар санал, санаачилга дэвшүүлэн тавьж, ажилладаг вэ? 

Жилийн турш аймгийн төвийн  болон сумдын бүх цэцэрлэг, ЕБС, албан байгуулагууд, хөдөөгийн ард иргэд, жолооч нарт зам тээврийн ослыг бууруулах талаар сургалт сурталчилгааг 2015 онд 2500 гаруй иргэдэд хүргэж ажилласан. Он гарснаас хойш иргэдийг мэдээллээр хангах үүднээс аймгийн Замын цагдаагийн тасагтай хамтран дөрвөн видео материал бэлтгэж орон нутгийн телевизүүдээр цацаж байна. Мөн сурталчилгааны зурагт самбарыг аймгийн хөдөлгөөн ихтэй газруудад байрлууллаа. Сургалт сурталчилгааны ажлыг ХЭҮК, АГХУССЗ, ЗЦТ, даатгалын салбарууд гэх зэрэг төрийн болон төрийн бус  байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг юм.