Ц.Баасанцэрэн: Хэрвээ би даатгуулчихсан бол 3 сая төгрөг төлөхийн тулд ажлаа алдахгүй л байсан
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийг хөндлөө. Бид хэлэлцүүлгээ жолооч Ц.Баасанцэрэнгийн байр сууриас эхэлж, хууль түүний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
-Та хэзээ жолооч болсон бэ?
Энэ оны гуравдугаар сард жолооч болсон. Гэхдээ өөрийгөө гайгүй сайн барьчихдаг гэж бодож байгаа.
-Жолооч болоод даатгалд хамрагдсан уу. Жолоочийн хариуцлагын даатгалын хууль таны амьдралд ямар байдлаар нөлөөлж байна вэ?
Зөрчлийн дараах зураг. 2014.08.17
Миний хувьд ерөөсөө даатгал хийлгээгүй байсан. Сайн мэдэх ч үгүй явж байсан. Жолооны үнэмлэх авчихвал бүх зүйл нь цаанаасаа даатгачихдаг гэж ойлгосон. Нөгөө талаар ямар ч осол, зөрчил гаргахгүй гэж өөртөө их итгэлтэй байсан. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард өөрийг буруугаас болж 3 сая төгрөгний торгуульд унасан.
-Яг ямар зөрчил гаргасан бэ. Асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
Өнгөрсөн 8 сарын 17-ны өглөө 7 цаг 30 минутын үед 11-р сургуулийн орчим дөрвөн зам тал руу яарч байсан учир гуравдугаар эгнээнээс даваад эргэчихсэн. Гэтэл хажуу талаас машин орж ирээд мөргөчихсөн. Би урд талаас нь шахаад орсон учир миний буруу байсан. Уг нь хуулиндаа жолооч уулзвараас 125 метрийн өмнө эгнээ байраа эзэлсэн байх учиртай. Гэтэл би зөрчил гаргасан.
-Хичнээн төгрөгний хохирол гарсан бэ. Асуудлаа хэрхэн шийдэв?
Даатгуулаагүй байсан учир маш их сандарч, балмагдсан. Гэтэл нөгөө жолооч даатгалын талаар надад ойлгуулж, даатгуулах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Хэдийгээр даатгал өдөр бүр хэрэглэдэг талх шиг биш ч гэсэн амь тулсан үед хамгийн хэрэгцээтэй зүйл гэдгийг тэр үед л ойлгосон.
Үнэнийг хэлэхэд монголын жолооны курсууд хэзээ ч даатгалын талаар ойлгуулдаггүй даатгуулах ёстой гэсэн мэдээллийг ч өгдөггүй. Миний бодлоор цаашид энэ тал дээр ямар нэгэн санаачлага гаргаж, жолооны курсууд даатгалын компаниудтай хамтарч ажиллаасай гэж бодож байна. Хэрвээ би даатгуулчихсан бол 3 сая төгрөг төлөхийн тулд ажлаа алдахгүй л байсан.
Дээрх зөрчлөөс гурван сая төгрөгний хохирлыг төлсөн. Хэрвээ 33 мянган төгрөгөөр даатгуулчихсан бол 5 сая хүртэлх төгрөгийг даатгалаас гаргуулах боломжтой юм билээ. Тэрийг сүүлд нь мэдсэн.
-Одоо даатгалаа хийлгэсэн гэсэн үг үү. Ямар давуу талтай болсон бэ?
Айдасгүй болсон. Дүрмээ бас яг яс барьж замын хөдөлгөөнд оролцож байгаа. Даатгал хийлгээд арай тайван болсон.
-Хэдийгээр жолоочийн буруу байлаа ч хохирогчийг хамгаалах зорилготой Жолоочийн даатгалын хуулийг эхлээд хүмүүс хүчээр даатгал хийж, мөнгө авах гэж байна гэж бодож байсан?
Жолооч хүнд жилдээ 33 мянган төгрөг олдохгүй байна гэж худлаа. Тиймээс хариуцлагаа даатгуулах л хэрэгтэй. Ялангуяа хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөний чухал асуудал яригддаг учир азанд найдаж явж болохгүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.
-Та яагаад дүрэм зөрчсөн юм бэ. Таны хариуцлагын цаана хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа шүү дээ. Хүмүүст уриалж хэлэх зүйл байна уу?
Хэтэрхий яарч яваад азанд найдсаны л хэрэг байх. Гэхдээ зөвхөн би ч гэлтгүй, бусад хүмүүс зөрчил гаргадаг. Бүр согтуугаар тээврийг хэрэгсэл жолооддог. Эцсийн эцэст бид өөрсдийгөө л хорлож байгаа. Хэрвээ би согтуугаар жолоо барьж байгаад хүний амь нас хохироовол яах вэ гэдгийг бодох ёстой.
Хүн болгон ухамсартай байх ёстой. Гэр бүл найз нөхөд нь ч гэсэн хажуунаас нь сайн нөлөөлөх хэрэгтэй. Заримдаа тэд муугаар нөлөөлдөг нь нууц биш.
Би нэгэнт алдаа гаргаад түүнийгээ ухамсарласан учраас нийгмийн талдаа ямар нэгэн ажил хийе гэж бодож байгаа.
-Ямар ажил хийх вэ?
Би олон жил FM-д ажилласан. Өөрийнхөө хувиар Албан журмын даатгагчдын холбоотой хамтраад онлайнаар хүмүүст хариуцлагатай байх зөв мессежийг өгөх ажлыг эхлүүлсэн байгаа.
-Жолоочийн хариуцлагын даатгалын хуулинд даатгуулаагүй этгээд хохирол учруулбал Албан журмын даатгалын сангаас мөнгө гаргаж, хохирогчийг хохиролгүй болгоно гэсэн байдаг. Гэхдээ зөрчил гаргагч эргэн тэр санд төлбөр төлөх ёстой. Та энэ сангаас мөнгө гаргуулсан уу?
Сайн ойлгоогүй байсан болохоор тухайн үед өөрөөсөө гаргасан. Уг нь хохирогч болон Албан журмын даатгалын газартайгаа тохиролцож сар бүр тодорхой хэмжээний мөнгө тушааж болдог юм билээ.