Э.Бөхбат: Хууль гарснаар цагдаагийн албан хаагч чичлүүлэхээ больсон
Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат
2014.10.02

Э.Бөхбат: Хууль гарснаар цагдаагийн албан хаагч чичлүүлэхээ больсон

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийг хөндлөө. Энэ удаад хууль сахиулах субьект болох Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбаттай  ярилцлаа.

-Жолоочийн хариуцлагын даатгалын хууль хэрэгжээд гурван жил болж байна.  Нийслэлийн замын цагдаагийн газрын зүгээс хууль амьдралд хэрхэн хэрэгжиж, жолооч нарт нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгнө үү.

Жолоочийн хариуцлагын даатгалын хууль бол үнэхээр зайлшгүй гарах шаардлагын үндсэн дээр батлагдсан хууль. Хохирсон иргэн, холбогдогч нар бүгдээрээ ямар нэгэн мөнгөн хохирол учирсан бол тэрийг асар богино хугацаанд хохиролгүй болгох арга хэмжээ авдгаараа онцлог болсон.  

Нийслэлийн замын цагдаагийн газрын зүгээс даатгалд хамрагдаагүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хяналтын улсын үзлэгт орохыг хориглох зэрэг хуулийг барин ажиллаж байгаа. Хэрвээ эдгээр зүйл заалтыг зөрчөөд улсын бүртгэлд оруулсан бол тухайн албан хаагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгуулах заалттай.

Харин эрхэм жолооч уг хуулийг зөрчөөд явж байвал нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоод, даатгалд хамрагдах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг нь тусгай хашаа, талбайд байлгадаг. Энэ мэтчилэн маш олон харилцаанд ороод явж байгаа.

 Тийм учраас цаг хугацаандаа даатгалд хамрагдаад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол даатгуулаагүй хугацаанд хашаа талбайд байлгах хөлсийг өөрөө төлөх учир маш их хүндрэл жолоочид үүснэ.

-Хууль гарахаас өмнө замын осол, гэмтэл, аливаа зөрчил үүсэхэд ямар хүндрэлтэй асуудлууд гарч байсан бэ. Тэдгээрийг хэрхэн шийддэг байв. Хохирлыг хэрхэн барагдуулдаг байсан бол?

Урьд нь бол төлбөрийн чадваргүй нэг нөхөр зам тээврийн осолд холбогдоод төлбөрөө төлж чадахгүйгээс болоод цагдаагийн нэг албан хаагч хэцүү байдалд ороод төлүүлж чадсангүй гээд чичлүүлдэг байсан.

Уг нь цагдаагийн газарт төлүүлэх үүрэг байхгүй ч ард иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс араас нь хөөцөлддөг байлаа. Янз бүрийн зөрчилдөөн гардаг байсан бол албан журмын даатгалын хууль гарсанаар асуудал шууд цэгцэрсэн. Энэ даатгалын систем бүх улс орнуудад хэрэгжээд туршигдаад, судалгаагаар тогтоогдсон асуудал.

-Хуулийн хэрэгжилтэд анхаарч илүү сайжруулах зүйл байгаа юу. Амьдрал дээр ямар асуудлууд тулгарч байна?

Хууль нь хүний төлөө л байх ёстой. Тиймээс цаашид улам сайжруулаад үг хэллэг нь илүү ойлгомжтой болоод явах байх гэж найдаж байна. Хуулийн төсөл байхад нь манай газраас саналаа хүргүүлж байсан. Хүн бүр хуулиа хэрэгжүүлэх ёстой. Бид хууль сахиулагч учраас нэг их хүндрэл бэрхшээл байхгүй гэж хэлмээр байна.

 Даатгалд хамрагдаагүй иргэдийг илрүүлж, арга хэмжээ тооцон, зөрчлийг арилгуулах зарчмаар л ажиллаж байгаа.

-Та хэв журам сахиулах ажилд хичнээн жил ажиллаж байгаа вэ?

19 дэх жилдээ ажиллаж байна. Замын цагдаагаас нь эхлээд зохицуулагч, байцаагч болж, одоо Урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ажиллаж байна.

-Хууль хэдий сайн ч ухсан нүхийг тагладаггүй гэдэг. Иргэдийн маань ухамсар дээшилж байна уу. Зам тээврийн ослын тоо буурахгүй л байх шиг. Он гарсаар улсын хэмжээнд 417 зам тээврийн осол гарсанаас дийлэнхи нь хөдөө орон нутагт гарчээ. Нийслэлд буурсан байна?

Нийслэлийн хувьд ослын тоо буурсан нь нэг талаар хяналт шалгалт сайжирч байгаагийнх. Мөн төр засгаас олон зөв арга хэмжээг авч байна.

Ер нь бүх улс оронд эхлээд татвар, дараа нь зам тээврийн хөдөлгөөний хууль тавигдаж, дээгүүрт үнэлэгддэг. Манай нийслэлийн хувьд хүмүүсийн соёл, сахилга дээшилж байгаад талархалтай байна.

Гэхдээ зам дээр явж байгаа хүмүүс үргэлж анхааралтай явах ёстой. Сүүлийн үед Яармагийн шинэ зам, Богд уулын зам ашиглалтад орсонтой холбоотойгоор ард иргэддээ нэг зүйлийг анхааруулмаар байна.

Манай замын хөдөлгөөнд оролцогчид дээрх замуудыг хурдны зам гэж ойлгоод байгаа нь буруу. Одоохондоо манай Улаанбаатарт хурдны зам гэсэн ойлголт байхгүй учраас дээрх замуудад хотын доторх хөдөлгөөний журам баримтлагдана. Хурдыг 60 километрээс хэтрүүлэхгүй байж суурин газрын доторхи хөдөлгөөний журмаар зорчино.

-Гэхдээ хүмүүсийн дунд хурдны зам тавигдлаа гэж ойлгосон нь төрийн байгууллагуудын мэдээлэлтэй холбоотой санагдах юм. Тийм мессеж ард иргэдийн дунд их явсан.

Жишээлбэл Богд уулын арын шинэ замд үзэгдэх орчин хязгаарлагдмал, огцом эргэлт ихтэй байгаа учраас хурдлах ямар ч боломжгүй. Сайхан зам гэдэг утгаар хурдтай явах сонирхол жолооч нарын дунд байдаг. Гэхдээ тэгж байгаад өөрийгөө болон өрөөлийг гэмтээх, бэртээх тохиолдол үүсээд байгааг анхаарах хэрэгтэй.

Эцсийн дүндээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд байгаа үйлдэл нь өөрөө зам тээврийн ослыг бий болгож, хүний эрүүл мэнд, амь нас, эд хохирох асуудлыг үүсгэдэг.

-Манай улсын хувьд намрын цагт хичээл, сургууль орох цагаар хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, замын ачаалал нэлээд үүсдэг. Үүнтэй холбоотойгоор ямар мэдээлэл өгөх вэ?

Хичээл сургууль эхлэхээр хүүхдийн хөдлөөн ихэсдэг. Тэд эцэг эхчүүдийн анхаарал хяналтан дор зам хөндлөн гарах ёстой. Томчууд ч гэсэн байнга анхаарах хэрэгтэй байна.

Хүүхэд бол зайлшгүй анхаарал халамж шаардлагатай хүмүүс. Байнга хэлж сануулах ёстой. Тиймээс Замын цагдаагийн газраас энэ тал дээр системтэйгээр арга хэмжээ зохиож байгаа.

Гэхдээ гол нь эцэг эхчүүд өөрсдөө сайн үлгэр дууриалал болох учиртай. Энэ ч утгаараа заавал цагаан шугам, ногоон гэрлээр хүүхдээ заавал гаргуулж сургах, мөн түүнчлэн машиндаа авч явахдаа хамгаалалтын бүсийг зүүлгэж, зориулалтын сандал дээр суулгах ёстой. Энэ бүхэн эргээд хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах үйлдэл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.Танд ажлын амжилт хүсье.