Оноо хасуулахгүйн тулд жолооч нар даатгалд хандахгүй байх магадлал бий
Даатгалын мэргэжилтэн С.Сугартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хуулийн хэрэгжилтийн талаар товч ярилцлаа.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулийн талаар та ямар бодолтой байгаа вэ?
Энэ хуульд эргэж хармаар зүйл багагүй байна. Энэ даатгалын компанийн талаар иргэдийн ойлголт дутмаг байна. Үнэндээ компаниуд тодорхой хураамжийн төлөвлөгөөний дагуу даатгуулагчдаас мөнгө авахаа урьтал болгодог. Тэд гэрээ хийхдээ даатгуулагчдад энэ даатгалын агуулга, мөн чанарын тухай мэдээлэл бараг өгдөггүй. Уг нь гэрээг хоёр тал нэгдмэл ойлголттой болсны дараа байгуулах ёстой.
Орон нутагт ажиллаж байгаа компаниудын даатгалын төлөөлөгчид энэ талаар муу ажиллаж байна.Тиймээс жолооч нар даатгалын өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа ойлгодоггүй. Осол гарсан үед зарим даатгалын компани нь утсаа авдаггүй, нөхөн төлбөр олгохдоо уддаг, дутуу олгодог тохиолдлууд олон гардаг. Үүнээс болж зарим жолооч даатгалд итгэхээ больчихсон. Хуульдаа даатгагч нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаална гэж заасан учраас даатгалын компаниудын хариуцлагыг дээшлүүлмээр байна.
Саяхан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль мөрдөгдөж, энэ оны хоёрдугаар сараас эхлэн жолооч нараас оноо хасдаг болсон.
... Оноо хасаад эхлэхээр осол гаргасан жолооч нар оноогоо хасуулахгүйн тулд даатгалд хандахгүйгээр хохирогчтой тохиролцох тохиолдол гарч байна. Энэхүү болзошгүй тохиолдлыг зохицуулах зохицуулалт байхгүй байна ...
Ер нь энэ шинэчилсэн хуульд жолоочийн даатгалтай холбоотой заалт маш бага орсон. Жишээ нь даатгалгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн заалт байсныг хассан. Мөн Албан журмын даатгагчдын холбоо татварын байгууллага, авто тээврийн байгууллагаас оношилгоо, татвар төлсөн байдлын талаар мэдээлэл авах тухай журам байхгүй. Одоогоор зөвхөн танилын шугамаар ийм мэдээлэл авдаг. Албан журмын даатгагчдын холбоо төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авдгийн хувьд жолооч нартаа түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй болов уу.
Орон нутагт ажилладаг Албан журмын даатгагчдын холбооны салбарын менежерүүд ямар үүрэгтэй юм бэ?
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хууль сурталчлах, мөрдүүлж хэвшүүлэх, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах үүрэгтэй.
Энэ хууль ослын эрсдлийг даатгалаар хамгаалахаас гадна жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх бас нэгэн зорилготой. Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нарын хариуцлага дээшилсэн үү?
Одоогийн байдлаар жолоочийн хариуцлагыг тодорхой нэг тээврийн хэрэгсэлтэй нь уяж, даатгалын гэрээнд тухайн машиныг барих эрхтэй хэдэн хүний нэр бичдэг. Миний бодлоор, жишээ нь би “В” ангиллын жолооч бол энэ төрөлд хамаарах хэний ч машин барьж яваад эрсдэлд орвол даатгал үйлчилж байхаар тусгах хэрэгтэй гэж бодож байна.