Монгол Улс өрийн дарамтад ороогүй байна
2016.04.12

Монгол Улс өрийн дарамтад ороогүй байна

Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнээс 4,9 тэрбум ам.доллар буюу 22,9 хувийг Засгийн газар болон Хөгжлийн банкны гадаад төлбөр эзэлж байна.

Энэ нь ДНБ-ий 52,3 хувьтай тэнцүү байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангасан гэж Засгийн газрын зүгээс мэдээлж байна. 

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас улсын гадаад секторын өрийн тогтвортой байдлын 5 шалгуур үзүүлэлтийг тогтоож, эдгээр үзүүлэлтээр улс орнуудыг өрийн дарамтад орох эрсдэлтэй эсэхийг тодорхойлдог. Олон улсын жишгийн дагуу эдгээр 5 үзүүлэлтээс 3 нь хангагдаагүй тохиолдолд тухайн улсыг өөрийн дарамтад орох эрсдэлтэй гэж үздэг бөгөөд манай улс 4 үзүүлэлтийг хангаж байгаа учраас өрийн дарамтад ороогүй гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдэхээр зэхэж байна. 

...Монгол Улсын Засгийн газар гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагаас 1991-2015 он хүртэлх хугацаанд 3,2 орчим тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ашигласнаас 2015 он гэхэд л 505 тэрбум төгрөгийг гадаадаас зээлжээ...
Засгийн газар гадаад зээлийн хөрөнгөөр 2015 онд нийт 45 төсөл хөтөлбөр санхүүжүүлснээс зам тээвэр, эрчим хүч, санхүү эдийн засаг, барилга орон сууц, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтаа түлхүү чиглүүлжээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл, Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам байгуулах төсөл, эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэх, орон сууцны хороолол, дэд бүтцийг хөгжүүлэх, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах зэрэг эдийн засаг, нийгмийн төслүүдийг санхүүжүүлсэн байна.

Засгийн газраас 2015 оны төсвийн жилд нийт 2,545,5 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргасан. Тэгвэл гадаад үнэт цаасны тухайд 2015 оны 6 дугаар сард 3 жилийн хугацаатай 1,0 тэрбум юаньтай тэнцэх дим сам бондыг олон улсын зах зээлд арилжаалаад байна. Ингэж 5,96 хувийн хүүтэй 161,2 сая ам.долларт шилжүүлсэн юань-ам.долларын своп хэлцэл хийсэн. 2015 оны эцсийн дүнгээр Засгийн газрын гадаад үнэт цаасны үлдэгдэл 3,315,8 тэрбум төгрөг байна.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс төрийн өмчит компанийн зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргадаг. Энэ ч үүднээс Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл 2015 оны эцэст 2,743,5 тэрбум төгрөгт хүрээд байна.

Тавантолгойн татварын урьдчилгаа төлбөрийн хүрээнд авсан өрийн үлдэгдлийг 2015 оны эцэст бүрэн барагдуулаад байна. Харин Оюутолгойн татварын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 41,4 тэрбум төгрөг байна.

2015 оны эцсийн байдлаар нийт 469,2 тэрбум төгрөгийн 6 төслийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хүрээнд 261 тэрбум төгрөгийн ашиглалтын зардал гарахаар байна.