Манай худалдааны гол түншүүдийн эдийн засаг ямар байна?
Хятадын эдийн засаг /Оффшор захын зохицуулалт/
2015 оны IV улиралд 6.8%, 2015 онд 6.9%-иар өслөө. Аж үйлдвэрийн салбарын өсөлт 2014 онд 7.3% байсан бол 2015 онд буурч 6%-д хүрчээ. Харин үйлчилгээний салбарын өсөлт эрчимжиж, 2015 онд 8.3%-иар өсч, нийт ДНБ-ний 50.5%-ийг бүрдүүлсэн байна. Барилгын салбар удааширч, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлт 2015 онд өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар буурч, 10%-д хүрсэн.
Хятадын гангийн эрэлт 2016 онд 2%-иар татарна гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Хятадын хөрөнгийн зах дахин уналтад орж, 2016 оны 1 дүгээр сарын 4-нд CSI300 жишиг индекс арилжааны өмнөх өдрөөс 7%-иар буурч, биржийн арилжааг зогсооход хүргэсэн.
Гэвч энэхүү механизм хөрөнгийн захад эерэг нөлөөгүй байгаа тул автоматаар арилжааг зогсоохоос татгалзаж, Хятадын Төв Банк юанийн офшор захад интервенци хийж, офшор болон оншор захын 35 ам.доллартай харьцах юанийн ханшийн зөрүүг багасгах замаар хөрөнгийн гадагшлах урсгал, юанийн ханшийн сулралтыг зогсоох оролдлогыг хийж байна.
Үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа ч хөрөнгийн зах, аж үйлдвэрийн төлөв сайнгүй байгаа тул 2016 онд мөнгөний зөөлөн болон төсвийн тэлэх бодлогыг хэрэгжүүлсэнээр эдийн засгийн өсөлт зорилтот 6.5%-д хүрнэ гэж үзэж байна.
ОХУ-ын эдийн засаг /Инфляци нэг оронтой. Гэхдээ.../
Газрын тосны хямд үнэ, аж үйлдвэрийн салбарын удаашрал, инфляци хоёр оронтой тоонд хадгалагдаж, дотоод эрэлт хумигдсан зэргээс 2015 оны IV улиралд Оросын эдийн засаг 3.8%-иар, 2015 онд 3.7%-иар тус тус унажээ. Тухайлбал, 2015 оны 12 дугаар сард жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 15.3%, аж үйлдвэрийн салбар дахь нийт үйлдвэрлэл 4.5%-иар буурч, инфляци 12.9%-д хүрчээ.
АНУ болон барууны орнуудын ОХУ-д тавьсан хориг, геополитикийн зөрчлөөс үүдэлтэй ОХУ-аас Украйн, Турк зэрэг улсад тавьсан хориг болон газрын тосны үнэ буурч байгаагаас 2015 онд экспорт өмнөх оны мөн үеэс 31.6%, импорт 37%-иар саарч, гадаад худалдааны ашиг 22.9%-р буурчээ. Түүнчлэн эдийн засгийн уналт үргэлжлэн, рублийн ханш суларсанаас банкуудын байдал сайнгүй байна.
Тухайлбал, 2014 оны эхэнд ОХУ-д 850 банк, банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2015 оны эцэст дээрх тоо 700 орчим болж буурсан байна.
2016 оны 1 дүгээр сард инфляци 9.8%-д хүрч буурсан хэдий ч газрын тосны үнэ буурч, төсвийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул Оросын төв банкны 1 дүгээр сарын хурлаар бодлогын хүүгээ 11%-д хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм.
АНУ-ын эдийн засаг /1,8 хувийн өсөлт/
2015 оны IV улиралд АНУ-ын эдийн засаг хүлээлтээс доогуур буюу 1.8%-иар өслөө. Хэрэглээний зардал өмнөх улирлаас 2.2%-иар, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт 8.2%-иар тус тус өссөн ч ам.долларын ханш чангарч, аж үйлдвэрлэлийн орцын экспорт өмнөх улирлаас 8%-иар буурсанаар нийт экспорт 2.5%-иар багасч, засгийн газрын зардлын өсөлт өмнөх улирлын өсөлтөөс 1.1 нэгж хувиар буурч, дөнгөж 0.7%-иар өссөн зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт ийнхүү саарчээ.
2015 оны IV улиралд ажилгүйдлийн түвшин 5%-д хадгалагдаж, дунджаар 284,000 ажлын байр шинээр нэмэгдсэн зэргээс хөдөлмөрийн захын төлөв сайн байна.
Харин газрын тосны үнэ хямдарсанаас капиталын зардал буурч, газрын тосны нөөц нэмэгдсэнээр аж үйлдвэрийн салбар дахь нийт үйлдвэрлэл 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 1.8%-иар, үүнээс уул уурхайн салбар дахь үйлдвэрлэл 11.3%-иар буурчээ.
2015 онд инфляци нам түвшинд, зорилтот 2%-иас доогуур байсан, IV улирлын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарсанаас Холбооны Нөөцийн Банкны 1 дүгээр сарын хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Цаашид эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайтар ажиглаж, бодлогын хүүгээ нэмэх эсэхээ шийдэхээр байна.
Евро бүсийн эдийн засаг /Сайжрал/
Хямд түлшний үнэ, мөнгөний уламжлалт бус тэлэх бодлого нь дотоод эрэлтийг дэмжсэн ч Итали, Франц зэрэг орнуудын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарсанаас 2015 оны III улиралд 1.6%-ийн өсөлттэй байсан Евро бүсийн эдийн засаг IV улиралд ялимгүй буурч, 1.5%-иар өслөө.
Евро бүсийн ажилгүйдлийн түвшин 2015 оны 12 дугаар сард сүүлийн 4 жилийн хамгийн доод түвшин буюу 10.4%-д хүрч буурсан нь хөдөлмөрийн захын төлөв сайжирч байгааг илтгэж байна.
2016 оны 1 дүгээр сард инфляци өмнөх сараас 0.2 нэгж хувиар өсч, 0.4%-д хүрсэн хэдий ч 2018 он хүртэл зорилтот 2%-д хүрэхээргүй байгаа тул Европын Төв Банк 3 дугаар сард мөнгөний бодлогын төлөвөө сулруулж, эдийн засгийг дэмжих илүү эрчимтэй арга хэмжээ авч байна.
Монгол Улсын экспортын гол нэрийн барааны дэлхийн зах зээл дээрх үнэ /Уналт, бууралт/
Зэс: 2015 оны эхний хагаст дунджаар 5945$ байсан нэг тонн зэсийн үнэ IV улиралд буурч 4882$, 2016 оны 1 дүгээр сард 4472$-т хүрчээ. Хятадын аж үйлдвэр, барилгын салбар удааширч, аж үйлдвэрийн Caixin PMI индекс сүүлийн 11 сарын турш сөрөг гарсан, Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ нэмсэнээс ам.долларын ханш чангарсан, Хятадын аж үйлдвэрийн салбарын таагүй үзүүлэлт хөрөнгийн зах зээлд савалгаа үүсгэж, 1 дүгээр сарын 4-нд Шанхайн индекс арилжааны өмнөх өдрөөс 6.9%, Шензен индекс 8.2%-иар тус тус унасан нь металлын захад нөлөөлж, зэсийн үнэ ийнхүү буурчээ.
Алт: 2015 оны 10 дугаар сард 1159$ байсан нэг унц алтны үнэ 11-12 сард буурч 1078$-т хүрчээ. 12 дугаар сард Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ нэмж, ам.долларын ханш чангарсанаар алтны үнэ ийнхүү буурсан. Харин АНУ-ын үйлчилгээний салбарын өсөлт саарч, 2015 оны IV улиралд эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур буюу 1.8%-тай гарсанаас Холбооны Нөөцийн Банк 3 дугаар сард бодлогын хүүгээ өсгөхгүй гэсэн хүлээлт үүссэн, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Европын төв банк 3 дугаар сараас мөнгөний бодлогын төлөвөө сулруулна гэдгээ мэдэгдсэнээр алтны үнэ өсч, 2016 оны 1 дүгээр сард 1097$-т хүрчээ.
Хүрэн нүүрс: 2015 оны эхний хагаст дунджаар 60$ байсан нэг тонн хүрэн нүүрсний үнэ IV улиралд 46$, 2016 оны 1 дүгээр сард 39$-т хүрч буурчээ. Хятад улс 2014 онд сард дунджаар 13.8 сая тонн хүрэн нүүрс импортлосон бол 2015 онд дээрх тоо 9 сая тонн болж буурсан байна.
Коксжих нүүрс: Австралийн Японтой хийсэн сайн чанарын коксжих нүүрсний гэрээний жишиг үнэ 2015 оны эхний хагаст 113$/тн байсан бол IV улиралд 89$/тн, 2016 оны 1 дүгээр сард 81$/тн-д хүрч буурсан ба үүнийг дагаад Австралийн коксжих нүүрсний захын ханш 2015 оны IV улиралд 95.6$/тн, 2016 оны 1 дүгээр сард 83$/тн-д хүрч буурчээ. Хятад коксжих нүүрс импортлохоо багасгаж, 2014 онд нийт 62.4 сая тонныг импортлосон бол 2015 онд дээрх тоо 48 сая тн болж буурсан нь үнэ буурахад нөлөөлжээ.
Түүхий нефть: 2015 оны II, III улиралд 62$, 50$ байсан нэг баррель Брент маркийн газрын тосны үнэ IV улиралд 44$, 2016 оны 1 дүгээр сард 31$-д хүрч буурчээ. OPEC-ийн 12 дугаар сарын хурлаар газрын тос олборлох өдрийн дээд хязгаарыг цуцалсанаар OPEC-ийн газрын тосны олборлолт өдөрт 33.11 сая баррельд хүрсэн, 1 дүгээр сарын 16-нд Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хориг цуцлагдаж, Иран газрын тосны зах зээлд эргэн ирсэнээр газрын тосны нийлүүлэлт нэмэгдсэн нь үнэ ийнхүү буурахад нөлөөлсөн.